logo
Жонатон: Би 2016 онд саран дээр гүйнэ

Жонатон: Би 2016 онд саран дээр гүйнэ

2011/10/18
1957 онд ЗХУ анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөж дэлхий нийтийг цочроосон бол сансар судлалаар Зөвлөлтийн ард яваагаа ойлгосон Америкчууд удалгүй 1960-аад оны сүүлээр саран дээр хүн буулгана гэсэн хэлсэн амандаа хүрсэн. Саран дээр буусан анхны сансрын нисгэгчид зөвхөн саран дээр алхаад зогссонгүй гольф тоглосон гэдэг. Харин 40 гаруй жилийн дараа Америкийн холын зайн гүйгч Жонатон Принс саран дээр 1 миль буюу бараг 1.6 км газар гүйхээр төлөвлөж байна. Жонатон Принс 2005 онд Лос Анжелесээс Нью-Орлеанс муж хүртэл гүйж, Катрина далайн шуурганд өртөж орон гэргүй болсон хүмүүст туслах зорилгоор 100 гаруй мянган доллар босгож байжээ. Одоо түүний зорилго бол саран дээр 1.6 км гүйсэн анхны хүн болох. Гэхдээ түүний хувьд яаж саран дээр очих вэ гэдэг асуудал тулгараад байна. НАСА энэ жил сансрын Шатл хөлгийн сансрын хөтөлбөр дуусч, Шатлын ашиглалтын хугацаа дуусгавар болж байгааг зарласан. Оросын Байконураас хөөрнө гэвэл Оросууд саран дээр хөл тавиагүй байгаа. Тэгээд ч Жонатон Принсийн бэл бэнчин хүрэхгүй. Тэгэхээр Жонатон “Space Explorer” хувийн компанийн Space-X хөлгөөр хөөрөхөөр бэлдэж байна. Учир нь хувийн компаниуд улсын дэмжлэггүйгээр өөрсдөө санхүүжиж ачаа барааг тойрог замд байрлах сансрын станцад хүргэж өгөх бизнес хийн, түүнээсээ ашгаа олдог болсон. Үнэ арай хямд байдаг. Гэхдээ задгай сансарт гүйх нь татах хүч, жингүйдэл зэргээс хамаараад газар дээр гүйхээс тэс ондоо учир Жонатон тусгай газар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа ажээ. Тэрбээр Пенсилвань мужид байдаг Настар нэртэй сансар судлалын лабораторийн жингүйдлийн төхөөрөөмжин дотор бэлтгэл хийж буй гэнэ. Жонатон Принс ивээн тэтгэгч, хандивлагч компаниуд олдох юм бол 2016 он гэхэд сар руу хөөрөхөөр зэхэж байна.
“Хүмүүс одоохондоо бүтэхгүй зүйл гэж байгаа ч Ерөнхийлөгч асан Жон Кеннеди хэн ч бодож, төсөөлөөгүй байхад анх саран дээр хүн буулгана гэж амлаж байсан. Хэлсэндээ хүрсэн. Тэгэхээр миний хувьд болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй” хэмээн Жонатон ярьсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш