Хятадын 2 настай Ван Юу гэдэг охин Гуандонг мужийн Фошан аж ахуйн дэлгүүрийн гадаа эцэг эхийнхээ хараа хяналтгүй явж байгаад машинд дайруулсан бичлэг гудамжны камерт бичигджээ. Охины аав тус хөдөө аж ахуйн дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд тэрээр ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан байх үеэр охин нь машинд дайруулсан аж. Хэдийгээр бяцхан охин амиа алдаагүй боловч хөлөө дайруулсан учир босч чадахгүй тийчэгнэн хэвтэж байсан аж. Харин гудамжинд алхаж явсан хүмүүс ч юу ч болоогүй юм шиг хийдэг ажлаа л хийж байжээ. Нүд хальтрам дүрс бичлэгийг олон нийтэд бүтнээр нь үзүүлээгүй юм. Бичлэгт охиныг дайрсан жолооч юу ч болоогүй юм шиг бууж харчихаад цааш яваад өгсөн бол цус нөжөндөө хутгалдан босч чадахгүй хэвтэж буй бяцхан охиныг араас нь ирсэн машин хурдаа хасалгүй мөн л дайраад явсан байна. 10 гаруй минут өнгөрсний дараа 58 настай эмэгтэй барьж явсан шуудайтай зүйлээ хаян, охин дээр гүйн ирж, замаас холдуулж тавьжээ. Үүний дараа өөр нэгэн ирж охиныг аван анхны тусламж үзүүлж, Гуанжоу хотын цэргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн ч одоогоор биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. “Хэн нэг нь жаахан охин зам дээр явж байхад холдуулж болно доо” гэж охины амийг аварсан эмэгтэй ярьсан бол охины ээж болсон явдалд өөрийгөө буруутгасаар байгаа юм байна. Цагдаа нар бяцхан охиныг дайрсан 2 машины жолоочийг улсын дугаарынх нь дагуу мөшгиж баривчилсан. Жолооч нар охины ээж аавд нь мөнгө амласан боловч тэд татагалзжээ. Тус бичлэг Хятадын YUOTUBE сайтны хувилбар Weibo сайтанд тавигдсан даруйд хамгийн их хандалт авсан бичлэг болжээ. 4 сая гаруй үзэгч Хятадын засгийн газар хүмүүст хүн чанар, ёс зүйтэй байхыг заадаг боловч үнэн хэрэг дээрээ Хятад хүмүүс, Хятадын нийгэм харанхуй, арчаагүй байгааг илчэлснийг бичсэн байна. Үзэгчид машины жолооч болон хүүхэд дайруулчихаад хэвтэж байхад юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг хараан зүхсэн сэтгэгдэл ихээр үлдээжээ. Урд нь олны дунд гудамжинд явж байгаад гэмтэж бэртсэн настай хүнд туслах гэж оролдсон хүмүүс өөрсдөө буруудаж, шүүхээс тэдэнд мөнгөн торгууль ноогдуулж байсан гэнэ. Цаад учир нь Хятадын засгийн газар хөгшдийн өндөр үнэтэй халамж, нийгмийн хангамжаас зайлсхийсэн гэж барууны орнууд шүүмжилсэн байна. Гэмтсэн хүнд тусласан хүн өөрөө буруутдаг гаж тогтолцоо бяцхан охинд мөн нөлөөлж, гудамжинд явж байсан хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн байж болох юм. Харин зарим Хятад иргэд Ван Юу охиныг аварсан эмэгтэйг олонд танигдаж, нэр алдарт хүрэх гэсэн алхам хийсэн гэж үзэх болжээ.