logo
Фаужа Син хамгийн өндөр настай марафон гүйгч боллоо

Фаужа Син хамгийн өндөр настай марафон гүйгч боллоо

2011/10/18
100 настай Англи хөгшин Канадад зохиогдсон уралдаанд оролцож, дэлхийн хамгийн өндөр настай марафон гүйгч боллоо. Лондонгийн Илфордод амьдардаг Фаужа Син Торонтогийн Waterfront марафоны замыг найман цаг, 25 минут 16 секундэд туулжээ.
Дээд амжилтын эзэн 35 км зам туулсныхаа дараа бахардсан хэдий ч бууж өгөлгүй дахин хоёр цаг гүйж, 3850-р байранд оржээ. Гэхдээ тэрээр таван гүйгчийг ардаа хаяж чадсан байна. 
11 жилийн өмнөөс буюу эхнэр хүү хоёр нь нас барсны дараа гүйж эхэлсэн Син өдөр бүр 16 км гүйж бэлтгэлээ "базаадаг" гэнэ.
Түүний дасгалжуулагч, орчуулагч Хармандер Син хэлэхдээ "Ноён Син үнэхээр их баярласан, сүүлийн буланг тойрохын өмнө тэрээр ийм амжилтанд хүрэх нь дахин гэрлэж байгаа юм шиг байх болно гэж хэлсэн, тэр хүслээ биелүүлсэн" гэжээ.
1911 онд Энэтхэгт төрсөн Син Пунжаб мужид фермер байсан бөгөөд 1960-аад оны үед Англи руу нүүсэн байна. Тэрээр 2003 онд Торонтогийн марафонд гүйн, таван цаг 40 минутад замаа туулж байжээ.
Тэрээр хамгийн сүүлд Waterfront марафонд гүйснээр Гиннесийн номонд дахин нэрээ мөнхөллөө. Өнгөрөгч пүрэв гаригт тэрээр 100-аас 5000 метрийн найман өөр зайд амжилттай гүйж, 100 настныхаа хувьд дахиад л найман дээд амжилтыг эвджээ. Фаужа Синий хэлж байгаагаар стрессгүй байж, өөрт байгаа бүхэндээ талархалтай хандах, сөрөг хүмүүсээс хол байх, үргэлж инээж, гүйж байх нь урт удаан, эрүүл амьдрах нууц юм байна. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш