Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажлыг “Шүүгчдийн зөвлөгөөн” хэнтэй ч хуваалцахгүйгээр бие даан, хараат бусаар шийдэх ёстой аж. Энэ агуулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл нэгэн журам саяхан баталжээ. Гэтэл Шүүгчдийн холбоо гэдэг Дээд шүүхийн дэргэдэх төрийн бус байгууллага гэнэт амь орж, шүүхүүд руу утас цохиж “Шүүх шүүх дээрээ зөвлөгөөнөө хийж болохгүй, хотод нийлж, сайхан “хонины найраа” хийнэ” хэмээх ятгалга түгээжээ. Зарим шүүх энэ асуудлаар хуралдаж, улсын зардлаар хот ороод ирэх нь дээр ч юм шиг гэж суугаа сураг дуулдана.
Учир мэдэх хүмүүсээс лавлавал Шүүгчдийн холбоо үнэхээр шүүгчдийгээ хууль зөрчүүлэх хууль бус ажиллагаанд уриалж байгаа бололтой. Сонирхлын зөрчил гэдэг ийн хүчтэй аж. 2013 онд одоогийн багц хуулийн дагуу нэр дэвшүүлэх ёстой атал түүнийг зөрчиж, нэгдсэн зөвлөгөөнийг бүх шүүгчдийг хотод дуудаж, бөөн мөнгө үрж, бас дээр нь шүүн таслах ажлыг цалгардуулан байж хийхдээ багагүй дуулиан дэгдээснийг одоо ч хүмүүс ярьсаар. Харамсалтай нь энэ түүх давтах ажил нэгэнт эхэлжээ. Ерөнхийлөгчийн энэ шинэтгэл үнэхээр түүний хамар дороос л эсэргүүцэн зогсоох хүчээр үл тасрах юм.
Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх зөвхөн Шүүгчдийн зөвлөгөөнд байгааг хуульд заажээ. Тэр ч бүү хэл зөвлөгөөнөө тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж хуралдуулах, дэгээ өөрөө тогтоох, удирдах гэх мэтээр тодорхой зохицуулсан байна. Гэтэл 2013 онд нэгдсэн зөвлөгөөнийг хууль зөрчин хийсний улмаас зөвлөгөөнөө удирдах эрхийн төлөөх шаггүй дажин өрнөж, одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа болон зарим шүүгчдийн хооронд зодоон болох шахаж байсан нь чих дэлсэн л байсан. Хуульгүй замаар явахаар ийм л асуудал үүсдэг. Одоо энэ ч бас давтагдаж мэдэхээр.
Дээрх асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахад “Шүүхийн ерөнхий зөвлөл бол Үндсэн хуулийн байгууллага. Бид журмаа хуульд маш сайн нийцүүлж, Шүүгчдийн зөвлөгөөний хараат бус байдлыг хамгаалж хийсэн. Журмыг зөв хэрэгжүүлэх чухал. Төрийн бус байгууллага юу хийх нь бидний асуудал биш” гээд халгаасангүй. Магадгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дуусч байгаа болохоор өөрсөд рүүгээ хандуулсан байж магад хэмээн уг журмыг үзлээ. Огтоос тийм зүйл олдсонгүй. Бүхнийг фронтод гэдэг шиг бүгдийг Шүүгчдийн зөвлөгөөнд гэдэг нь илт байв.
Шүүгчдээр овоглодог хирнээ тэдний төлөө нэг ч дорвитой үг хэлж, үйлдэл хийдэггүй төрийн бус байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүдийг сонгох ажилд ийнхүү анхаарал тавьж байгаа нь монголчуудын бас нэгэн хор найруулах ажлын дохио гэлтэй.
Бид Үндсэн хуулийн байгууллага гэж томорч суугаа Шүүхийн ерөнхий зөвлөл, идэвхтэй хор найруулж эхэлсэн Шүүгчдийн холбоо хоёрын хэн нь дийлэх бол? Хор найруулсан тал арай дийлэхгүй байгаа. Монголын шүүгчдийн мэргэн ухаан цэлмэг гэдэгт бас итгэх л үлдэж байх шиг.
Г.Цолмон