Энэхүү наадмын нэг онцлог бол наадамтай холбоотой мэдээллийг , бүртгэлийг урьдчилан Төрийн банкны 540 салбар нэгжээр дамжуулан Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдад хүргэн урин оролцуулсан явдал юм. Ихэл болон морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулах, мэргэжлийн морин хуурчид болон хөдөө орон нутгаас уригдан оролцож буй ардын авьяастан морин хуурчдын хооронд туршлага солилцож, урын сангаа харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсноороо ач холбогдолтой байлаа.
Мөн Морин хуурын V наадамд Монголын морин хуурчдаас гадна АНУ, ХБНГУ, БНБУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын морин хуурчид, мэргэжлийн чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцох ба Монголын мэргэжлийн морин хуурчдын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурчдын хамтарсан тоглолт, хөдөө орон нутгаас уригдан оролцож буй ардын авьяастан морин хуурчдын тоглолт болон сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулагдана.
Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт өчигдөр Улсын Филармонд болсон ба олон улсын сонирхогч морин хуурчид, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарсан хаалтын тоглолтыг тавдугаар сарын 6-нд Улсын Филармонд зохион байгуулагдана.