Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн танилцууллаа.
Одоогоор Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа гэх боловч 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 15:30-16:30 цагийн байдлаар өөр гар аргаар алт олборлосон болон газар ухсан иргэд байхгүй байсан байна.
Дүүргийн Засаг даргын 2015 оны есдүгээр сарын 19-ний өдрийн А/217 тоот захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулсан. Тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авахаар иргэдээс цугларсан 10,2 сая төгрөгийг дүүргийн хо тохижилтын алба ОНӨААТҮГ, Илч-Орд НӨҮГ-т шилжүүлэн 2016 оны тавдугаар сараас нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Иргэд бизнес хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд бүрэн эрхтэй байдаг ийм зүйл байж болохгүй. Тиймээс хуульд нийцүүлэн хууль бусаар олборлохыг хориглож, хуулийн дагуух асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн юм. Нөөцийн хувьд одоогоор тогтоогдоогүй тул Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандсан байна. Хуралдаанаас хууль бусаар олборлолт хийж буй үйл ажиллагааг бүрэн зогсоож, хуульд нийцүүлэх, нөхөн сэргээлт хийх, нөөц тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.