logo
Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний тооцоог  Засгийн газарт хүргүүлнэ

Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний тооцоог Засгийн газарт хүргүүлнэ

2016/05/06
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Агаарын чанарын албаны ажлын хэсэг 2016-2017 оны халаалтын улиралд сайжруулсан түлш нийлүүлэх үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн горимтой танилцан ажлын байрны зураг авалт хийж, нийлүүлэх боломжтой түлшний хэмжээг тогтоохоор нүүрсэн шахмал түлшний зургаан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Хөх чоно групп, НАКО ХК, НӨҮГ ХХК, УСУ Коал ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн нийт нийлүүлэх хэмжээ 123 800 тн, MBR ХХК, Дэрст тохой ХХК тоног төхөөрөмж дутуу, нийт нийлүүлэх хэмжээ 20 000 тн.  Нэг айл өрх халаалтын улиралд 3 тн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж үзвэл эдгээр компаниудын нийлүүлэх түлшний хэмжээ 41 208 өрхийн хэрэгцээг бүрэн хангах бөгөөд татаасын нийт хэмжээг   9 594 500 000 төгрөг байхаар тооцож байна.
 
Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл  сайжруулсан түлш хэрэглэх бүсэд Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны 12461 өрх, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 18, 19, 20 дугаар хорооны 10898 өрх, Чингэлтэй дүүргийн 12, 14, 16, 17, 18, 19 хороодын 17849 өрх, нийтдээ 41208 өрхийг хамруулахаар төлөвлөж байна.
 
Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогонд хамрагдсан нийт 117 303 утаат өрхийн 35 хувийг эзэлж байна. Нийлүүлэлтийг бүрэн хийсэн тохиолдолд гэр хорооллын түүхий нүүрсний жилийн хэрэглээ 22,8 хувиар буурна гэж тооцжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас танилцуулга, мэдээллийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээг тогтоосон тооцооллыг Засгийн газрын хуралдаанд  өргөн барьж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо .
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш