Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Улаанбаатар хотыг хөрсний бохирдол, утаанаас салгах арга бол гэр хорооллыг барилгажуулах явдал. Өнгөрөгч даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд өөрийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийг олгоно. 200 мянга гаруй хашаатай айлуудаас эхний ээлжинд хөрс, утааны хамгийн их бохирдолтой хэсэгт амьдарч байгаа 69200 өрхийг хөтөлбөрт хамруулна. Хэрэгжилтэд зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргахаар шийдвэрлэсэн. Цаашид айлуудын хашаанд инженерийн дэд бүтцийг бий болгох ажил үе шаттайгаар үргэлжлэн хэрэгжинэ гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.