logo
Гар утас дэлхийн хүнсний асуудлыг шийднэ

Гар утас дэлхийн хүнсний асуудлыг шийднэ

2011/10/19
Хятад, Энэтхэг, ойрхи Дорнод гээд дэлхий нийт хоол хүнсний үнэ нэмэгдэж байгаад санаа зовж байна. Хөгжиж буй болон ядуу буурай орнуудын өргөн хэрэглэээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувиар өсчээ. Хүнсний бүтэээгдэхүүний үнийн хөөрөгдөл Арабын хувьсгал гарах болсон нэг шалтгаан гэж зарим судлаачид үздэг. Америкчуудын хамгийн их идэх дуртай Пийнат Баттер буюу самрын тосны үнэ хэд дахин нэмэгдсэн. НҮБ-ын FAO буюу Хүнс болон Хөдөө Аж Ахуйн байгууллагаас гаргасан судалгаагаар хүнсний өргөн хэрэглэний бараа болох гурил, будаа, элсэн чихэр, үр тарианы үнэ 1999 онтой харьцуулахад хэд дахин өссөн аж. Хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид ч өснө гэж Хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагаас анхааруулаад байгаа. НҮБ байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн улс гүрнүүдийн нийгмийн дундаж давхаргынхан мах, сүүн бүтээгдэхүүнийг илүү их хэрэглэхийг эрмэлздэг. Харин ядуу айл өрхүүд олдсоныг нь л иддэг байна. Энэ онд манай гариг 7 тэрбум дахь хүнээ хүлээн авна. Дэлхийн хүн ам 2050 гэхэд 9 тэрбумд хүрнэ гэж тооцохоор дэлхий нийт одоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс даруй 70 хувиар их хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай болно. Дэлхийг үр тариагаар хангадаг улсууд болох Австралид ган зуд, үер усны гамшиг болсон. Орост их хэмжээний түймэр гарч, агаар хуурайшин ургацаа алдсан нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэнд шууд нөлөөлжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийг буулгах ганц арга зам бол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Үүнд хүнсний бүтээгдэхүүний мэдээллийн зах зээлийг сайжруулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ургацын гарцыг нэмэгдүүлэх аргууд байж болохыг Хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагаас санал болгосон. Гэхдээ эдгээр аргууд хүн төрөлхтнийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс улам холдуулна. Харин дүн шинжилгээний Эксентра компанийн саяхны судалгаагаар бидний өдөр тутам хэрэглэдэг гар утсаар хүнсний асуудлыг шийдэж болох гэнэ. Учир нь хөгжиж байгаа орнуудын тариачдын 70 хувь нь гар утас хэрэглэдэг. Гэхдээ тэдний дөнгөж, ¼ нь өөрийн гэсэн банкны болон хадгаламжийн данстай байдаг байна. Тэгэхээр тариачид гар утсаараа дамжуулан банкны үйлчилгээ аван, дэлхийн хоол хүнс, санхүүгийн зах зээлд нэвтэрвэл тариачдын хоорондын уялдаа сайжирч,  2020 он гэхэд хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн эргэлтийг 138 тэрбумаар нэмэгдүүлэх аж. Жишээ нь тариачид аль улсад ямар хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байна, түүнд нь зориулж, шаардлагатай гэсэн хүнсний бүтээгдэхүүн тарьж ургуулж, боловсруулах юм байна. Дэлхий дээр тэрбум гаруй хүн хөдөө аж ахуй, тариалан эрхэлж байна. Тэдний 60 гаруй хувь нь мэргэжлийн чадвар багатай, мөн мэдээллийн технологиос хол байдаг. Тиймээс тэдэнд, дэлхийн санхүүгийн мэдээлэл авах, бүтээгдэхүүнээ зөөж, тээвэрлэх, борлуулахад хүндрэл учирдаг. Харин гар утсаараа авах мэдээлэл тэднийг мухардлаас гаргаж чадна. 1950-1980-аад онуудад ногоон хувьсгал 120 хувиар нэмэгдсэн. Харин 1980-аад оноос хойш дөнгөж 47 хувь л нэмэгдсэн байна. Мэдээллийн технологи бол хүнсний асуудлыг шийдэх аргуудын өчүүхэн хэсэг нь байж болно гэхдээ хүчтэй зэвсэг юм.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш