logo
29 хуулийн хийдэл, давхардлыг арилгана

29 хуулийн хийдэл, давхардлыг арилгана

2011/10/20
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 830 гаруй хууль байгаа ч нэлээдгүй хуульд давхардал, хийдэлтэй байгаа аж. Энэ асуудлаар судалгаа хийх ажлын хэсгийг бүх яаманд сүүлийн гурав шахам жил ажиллуулсан юм байна. Ажлын хэсэг 90-ээд хуульд байгаа давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэж үзсэн аж. Харин энэ удаад иргэн, эдийн засгийн чиглэлийн 29 хуулийн давхардал, хийдлийг арилгах багц хуулийн төслийг оруулж ирлээ хэмээн ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, “Хийдэл гэдгийг чухам хэрхэн ойлгож байгаа юм бэ. Зарим хуульд тодорхой хугацаа заагаагүй байсныг 30 хоног гэх мэтээр хугацаа заан оруулж иржээ. Бүр цоо шинэ зүйл ч оруулж ирсэн байна. Тухайлбал, МҮХАҮТ-ийн тухай хуульд тус танхимд шинээр алба байгуулах тухай шинэ заалт нэмсэн байх жишээтэй. Ингэж хуулийг гүйцээж байгаа юм уу. тайлбарлахгүй юу” гэлээ. Сайд Ц.Нямдорж болоод тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын хэлснээр зарим хуульд асуудлыг шийднэ гэж заасан атлаа ямар хугацаанд шийдэхийг тодорхой заагаагүй байсан. Үүнийг хийдэл гэж ойлгоод хугацааг тодорхой болгож байгаа юм байна. Хугацааг тодорхой болгож шахахгүй бол төрийн ажил цалгардаад байгаа аж. Ингэснээрээ хариуцлага тооцох механизмыг ч боловсронгүй болгож байгаа хэрэг гэсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг багц хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Галт зэвсгийн өөдөөс цагдаа усан буугаар буудах уу
Байнгын хороогоор хэлэлцсэн удаах асуудал нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болоод бусад дагалдах хуулиудад нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах бөгөөд энэхүү хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүн нь тухайн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд тусгасан байна. Мөн хамтран ажиллаж, харилцан туслалцаа үзүүлэхэд тухайн байгууллагуудын хүлээх чиг үүргийг нарийвчлан тусгажээ. Тухайлбал, тагнуулын байгууллага нь мэдээллээр хангах, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үндсэн чиг үүрэгт хамаарах ажил гүйцэтгэж оролцохоос гадна шаардлагатай бол Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагын эзэмшилд шаардлагатай техник хэрэгслийг түр хугацаагаар шилжүүлэх, ашиглах тусгай хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хүч хэрэгслээр туслалцаа үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад цэргийн анги бэлтгэл хэнийг дэмжиж байна, тэр талд ялалт ирж байна. Цэргийн анги босогчдыг дэмжвэл Засгийн газар нь нуран унаж байна. Манай оронд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цэргийн анги нэгтгэл Засгийн газарт захирагдахаас татгалзвал яах вэ” хэмээн лавласан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Хуульд цэргийн гэмт хэргийн талаар бүлэг бий. Үүргээ биелүүлэхээс татгалзвал ял авал заалттай. Тэр хуулиа л мөрдөнө. Таны асуугаад байгаа зүйлийг буюу их муу тохиолдлыг төр бодох л ёстой. Харин манай улсад тийм зүйл болохгүй байх гэж бодож байгаа” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “цагдаа эмх замбараагүй байдлаа зохицуулж чадахгүй бол хилийн цэрэг оролцох юм байна. Хилээ манаад зогсч байх ёстой хүмүүсийг хотод авчраад ард иргэдийнхээ эсрэг тавих нь уу. Дэлхийн аль ч улсад үймээн самуун дэгдсэн үед цагдаа нар усан буу, бороохой, нулимс асгаруулагч хэрэглэдэг. Манайх шиг  галт зэвсгээр дарна гэсэн хууль батлах гэж байгаа орон алга” гэхэд сайд Ц.Нямдорж, “саналаа орууллаа. Батлах эсэхийг УИХ шийднэ. Гэхдээ дэлхийн бүх оронд цагдаа нар галт зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. Хэн нэгэн этгээд галт зэвсэг барин ард иргэд рүү дайрвал цагдаа нар усан буугаар буудаад зогсч байх уу” гэсэн хариу өгсөн юм. Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг буцаах нь зүйтэй хэмээн үзсэн. Гэсэн ч гишүүд хэлэлцээд юуны түрүүнд ажлын хэсэг байгуулан хамтран хэлэлцээд дараа нь Байнгын хороогоор дахин ярилцаж байж хэлэлцэх эсэхийг шийдэхээр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш