Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах "Сүм хөх бүрд"-ийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Өчигдөр /2016 оны 5 дугаар сарын 23/ тус цогцолборын нээлт болж, аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ц.Мөнхбат нар оролцсон юм.
"Сүм хөх бүрд"-ийг аялал жуулчлалын бүс болгох энэхүү ажлын бүтээн байгуулалт өнгөрөгч оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ерөнхий төлөвлөгөөндөө ирэх наймдугаар сарын 25-нд ашиглалтад оруулахаар тусгасан ч ажлын явц эрчимтэй өрнөвөл ирэх долоодугаар сард бүрэн дуусгах боломжтой болж байгаа аж.
Нээлтийн үеэр Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч Ц.Мөнхбат “Энэхүү бүтээн байгуулалтыг дагасан өндөр зэрэглэлийн, стандартын шаардлага хангасан жуулчны баазуудыг байгуулах хэрэгтэй. Ингэснээр энэ бүс нутгийн малчид, ард иргэд цагаан идээ, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь иргэд рүүгээ чиглүүлсэн бодит дэмжлэг болно гэж харж байна” хэмээлээ.