logo
Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

2016/05/24

МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тус хандивын арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр Зүүнхараад зохион байгуулагдсан юм. 

Үйл ажиллагааг нээж Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн дарга Б.Азжаргал “Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ боловсрол эзэмших тэрхүү нөхцөл байдлыг нь хангах үүднээс манай хамт олон МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгдэж, нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгаа юм. Бидний энэ тус хүүхдийн цэцэрлэг босгох 25 мянган ширхэг тоосгоны мөнгө. Ирэх зургаадугаар сард манай Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн 65 жилийн ой тохиох гэж байна. Энэхүү түүхт ойгоо угтсан сайн үйлсийн аянд манай хамт олон нэгэн сэтгэлээр, нэгэн зорилгоор нэгдэж хүүхдийн төлөө “За” гэж хэлж чадлаа” хэмээн онцлов.

Харин “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер М.Амарбаяр “МҮОНРТ өнгөрөгч оноос эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлж, өнөөгийн нийгэмд нэн шаардлагатай байгаа хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр тууштай ажиллаж ирсэн. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн танай хамт олонд талархал илэрхийлье. “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны талаарх бүхий л мэдээллийг МҮОНРТ телевизийн хоёр, радиогийн дөрөв, mnb.mn сайтаараа шууд дамжуулж олон нийтэд хүргэж байгаа” гэлээ.

Мөн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны редактор Б.Хулан “МҮОНРТ өнгөрөгч оны долоодугаар сараас энэхүү аяныг эхлүүлж байсан. Үүнийхээ хүрээнд хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж сурвалжлага бэлтгэж байлаа. Жишээлбэл, зарим дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэж буй модон бие засах газар болоод хүүхдүүд гэрээсээ сургууль хүртлээ, сургуулиасаа гэр хүртлээ ямар зам туулдаг талаар сурвалжилсан. 30 гаруй асуудал хөндсөн сурвалжлагуудыг МҮОНРТ-ээрээ дамжуулсан. Тэдгээрийн дундаас цаг алдалгүй шийдэх ёстой асуудлын нэг бол энэхүү цэцэрлэгийн асуудал юм байна гэдэгт бүгд санал нийлсэн. Монгол Улсад 200 мянган бага боловсрол эзэмших хүүхэд байдгийн 50 мянга орчим нь цэцэрлэгт явж чадахгүй, гэртээ өдрийг өнгөрөөж байна.

Хүүхдүүд 1-5 нас хүртлээ амьдралдаа шийдвэр гаргах томоохон мэдлэгийг хуримтлуулж авдаг. Яг ийм үед нь хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс яахын аргагүй энэхүү дутагдалтай байгаа цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Бид энэ асуудлыг хөндөж сүүлийн гурван сар идэвхтэй ажиллалаа. Бид нйслэлийн бүх дүүрэгт судалгаа хийж үзсэн. Тэгэхэд 30 гаруй хороо цэцэрлэггүй байдаг юм байна. Тэдгээрийн нэг нь бидний цэцэрлэгтэй болгохыг зорьж байгаа Баянгол дүүргийн 21 дүгээр хороо юм. Иргэдээс яагаад Баянгол дүүрэгт цэцэрлэг барьж байгаа юм бэ гэх асуулт их ирж байна. Яагаад гэхээр ихэнх хороодод цэцэрлэг барих газар олддоггүй юм билээ.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш