logo
Нэр дэвшигч аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэхийг хориглоно

Нэр дэвшигч аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэхийг хориглоно

2011/10/20
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Энэ удаад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох хугацаанд санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглох саналыг дэмжлээ.
Түүнчлэн аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохоор болж байна. Мөн эдгээрийг ивээн ивээн тэтгэж оролцох, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох саналыг гишүүд зарчмын хувьд дэмжив.
Амьдрал баян болохоор амьдралд хэвшсэн, ёс заншил болсон зүйлийг анхаарч үзэх нь зүйтэй, хориглох хязгаарлахын зэрэгцээ гол нь ногдуулах хариуцлагыг оновчтой болгох хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байлаа.
Харин улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй арга хэмжээ үүнд хамаарахгүй аж. Нэр дэвшигч нь бусдад аливаа хэлбэрээр цалин хөлс олгохыг хориглосноос гадна хэвлэл мэдээллийн байгууллага болон цахим хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох алив хэлбэрийн шалгаруулалт явуулахыг хориглохоор болов.
Сонгогч нь санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хорооны сонгогчдын нэрсийн бүртгэлд өөрийн нэр байгаа эсэхийг тодруулж иргэний бүртгэл, бичиг баримтын зөрчлөө арилгуулсан байх үүрэг хүлээх нь.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран боловсруулахаар болж байна.
Г.Хулан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш