logo
 Р.БУРМАА: Ард түмэн төрөө хянаж чадна

Р.БУРМАА: Ард түмэн төрөө хянаж чадна

2011/10/20
-Сонгууль шударга бус явагдах юм бол... “Цөмийн  хаягдлаа танай газар нутагт булна” гэхээр нь “За” гэж байдаг. “Танай газрын баялгийг давуу эрхтэй авна, та нар шавхрууг нь хүлээгээд сууж бай” гэхэд “За” гэдэг ийм л төртэй болно гэсэн үг шүү дээ...-

Раднаагийн Бурмаа гэдэг нэр сонгууль, сонгогчдын боловсрол гэсэн үгстэй ямагт хамт сонсогддог. Тэрээр 1997 онд анх “Сонгогчдын боловсрол” төвөө байгуулснаасаа хойш 15 жилийн туршид чөлөөт, шударга сонгуулийн төлөөх олон талт үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн. Р.Бурмаа 2000-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээний гишүүн, Сонгуулийн олон улсын шинжээч, бодлогын судлаач, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй билээ.  УИХ-ын сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн, УИХ-аар Сонгуулийн шинэ хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед манай ярилцлагын булангийн зочноор “Сонгогчдын  боловсрол” төвийн тэргүүн  Р.Бурмаа уригдлаа.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэж дуусгалгүй чуулган завсарласан. УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Мажоритар буюу хүнийг сонгодог сонгуулийн тогтолцоог голдуу том газар нутагтай улс орнуудад, мөн холбооны улсуудад хэрэглэдэг. Ардчилсан улс орнуудаас Энэтхэг, Канад, Америк тэргүүтэй улсууд хэрэглэж байна. Манайд энэ тогтолцоог хэрэглэснээр үр дүнд нь хоёр том нам голлосон олон намын тогтолцоо бий болоход гол түлхэц болсон гэж судлаачид үздэг. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаалан улс орнууд илүү сайн хөгжих эсэх нь шийдэгдэж, улс төрийн намууд нь бодлогын болж чадах уу, үгүй бол олон түмний нам болж чадах уу, эсвэл бодлогын бөгөөд олон түмний нам болох уу, аль эсвэл хэсэг цөөхөн бүлэглэлийн нам байх уу гээд бүх зүйлс энэ сонгуулийн тогтолцооноос эхлэлтэй байдаг. Сонгуулийн ямар тогтолцоог сонгосноосоо шалтгаалж, үр дүн нь янз бүрээр гардаг. Манайд олон жилийн туршид хэрэглэж ирсэн энэ тогтолцоо нь олон гишүүнтэй үндэсний хэмжээний намд илүү ашигтай, жижиг намуудыг шахаж байх тал дээр хүчтэй үйлчилдэг. Мөн манай орны үндэсний бүрдэл, соёлын онцлог, өвөрмөц байдлыг тусгадаггүй болохыг судлаачид тэмдэглэсэн байгаа.
-Манайд 1990 оны сонгуулиас бусад бүх сонгууль нэг ба олон мандаттай мажоритари тогтолцоогоор явагдсан. Өмнөх тогтолцоогоо үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Энэ тогтолцооны улс төрд үзүүлдэг нэг том нөлөө бол улс төрийн хоёр гол хүчнийг бий болгодог. Мөн эрх баригч нам байлаа гэхэд нөгөө талын намуудтайгаа эвсэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Хэдийгээр үзэл баримтлал зөрүүтэй ч гэсэн сонгуульд ялахын тулд эвсэж байгаа нь өөрөө сонгуулийн дараах задралыг бий болгож, төр засгийн үйл ажиллагааг тогтвортой биш байдалд хүргэдэг. Ийм тохиолдол хэд хэдэн удаа Монголд давтагдсан, 1996, 2004 оны сонгуулийн дараа олон засгийн газар өөрчлөгдсөн нь үүнтэй холбоотой. Яагаад гэвэл, үзэл баримтлал өөр намууд хоорондоо эвсэж ажиллана гэдэг нь өөрөө баталгаатай биш. Гэхдээ сонгуулийн тогтолцоо нь ялахын тулд эвсэхээс өөр аргагүй байдалд хүргэж байсан учраас эвсэл байгуулагдсан. Харин 1992, 2008 оны УИХ-ын сонгуулиар олон мандаттай мажоритари тогтолцоогоор сонгууль явагдсан. Гэвч энэ тогтолцоо нь тэгш байдлыг алдагдуулдаг. Жишээ нь адилхан л Улаанбаатарт амьдарч байгаа хэрнээ Хан-Уул дүүргийн сонгогч яагаад хоёрхон хүнийг сонгодог, Сонгино хайрханд амьдарч байгаа хүн дөрвөн хүнийг сонгодог юм. Тэгэхлээр сонгогчийн саналын жин өөр болно. Дээрээс нь энэ Улаанбаатарт сонгогчдын бараг тал буюу 40-өөс дээш хувь нь амьдарч байдаг. Гэтэл нийт суудлын 20 гаруй хувийн төлөөллийг л сонгох эрх эдэлж байна. Улаанбаатараас сонгогдсон аль ч намын гишүүн хичнээн зүтгэсэн ч гэсэн, төсвийн зарцуулалтын талаар шийдвэр гаргахад “цөөнх” болж байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт ядуурал, ажилгүйдэл хамгийн их, агаарын бохирдол гэхчлэн олон асуудал байхад 76-гийн 20 нь нийслэлийг төлөөлж байгаа нь ямар ч тохиолдолд гажуудал юм. Бас өөр нэг гажуудал нь одоогийн бидний хэрэглэж ирсэн тогтолцоонд сонгогчийн санал гээгдэх нөхцөл бүрдсэн байдаг. Жишээ нь, 50 гаруйхан хувийн санал авчихаад УИХ-д 90 гаруй хувийн суудал авч байсан тохиолдол 1992, 2000 оны УИХ-ын сонгуулиар гарч байсан. 51-52 хувийн санал авсан МАХН 72 суудал авч, 76 суудлаас 90 хувийг нь авч байсан. Энд маш олон сонгогчдын санал гээгдэж, гадна үлдэж байна. МАХН сонгогчдын хэт олонхийн саналыг авч чадаагүй мөртлөө УИХ-д хэт олонхийг бүрдүүлсэн.
-Яг иймэрхүү үр дүн гарсан гадаад орны ямар жишээ байна вэ?
-Өөр нэг улсын жишээг хэлэхэд, Лесота гэдэг улс 1993 онд энэ тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд эрх баригч нам нийт сонгогчдын 70 хүрэхгүй хувийн санал аваад 65 суудалтай парламентынхаа 64-ийг нь бүрдүүлсэн. Үүний дүнд таван жил үргэлжилсэн иргэний дайн болсон. Дараа нь олонхи нь хувь тэнцүүлсэн пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог сонгосон. Ингэж байж улс орон нь дайнгүй, хэвийн байдалд ороод байна. Сөрөг хүчин нь парламентад төлөөлөлгүй үлдсэн, олон улсын харьцуулсан тогтолцооны талаарх судалгаанд энэ Лесота улс, Монгол Улс хоёр мажоритар тогтолцооны хамгийн их гажуудалтай, муу жишээ болж орсон байдаг юм.
- Мажоритари тогтолцоо ийм их сул талтай юм бол цэвэр пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулж яагаад болохгүй байна вэ?

- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөл  дээр цэвэр пропорциональ тогтолцоог авна гэж анх оруулсан байсан. Хэрвээ улс төрийн намыг сонгодог цэвэр пропорциональ хэлбэрийг авах юм бол Монгол Улсын үндэсний онцлогт маш их халгаатай. Ер нь ямар тогтолцоо хамгийн сайн байдаг юм бэ гэвэл, “Тухайн орны онцлогт тохирсон тогтолцоог хамгийн сайн тогтолцоо гэнэ” гэж Германы доктор  профессор Диетер Ноолен гэдэг хүн хэлсэн байдаг. Монголын онцлог гэвэл өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, дээрээс нь шинээр гарч ирсэн онцлог бол газрын баялаг. Газрын баялгаас шалтгаалан олон улсын болон гадаад, дотоодын бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол гарч ирдэг. Тэгэхээр энэ бизнесийн бүлэглэлийнхэнд худалдагдсан, тэд нараас хараат улс төрчид орж ирэх аюул байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд улс орны маань тусгаар тогтнолд аюул үүснэ. Энэ байдлаас сэргийлэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй.

НАМДАА МАШ ИХ ХАНДИВ ӨГЧ, НЭРИЙН ЖАГСААЛТАД ДЭЭГҮҮР БИЧИГДЭНЭ ГЭВЭЛ УЛС ОРНЫ ХУВЬД АЮУЛТАЙ

- Монгол Улсын хувьд ямар төлөөлөлтэй байж сонгуулийн тогтолцоо нь үндэсний онцлогт тохирч чадах вэ?
- Юуны түрүүнд уудам газар нутагтай учир орон нутгийн төлөөллийг оруулж ирэх хэрэгтэй. Намаар нь сонголт хийж дан ганц  улс төрчдийг оруулах юм бол газар нутаг эзэнгүйднэ. Тэгээд энэ нь өөрөө аюултай байдлыг үүсгэнэ. Иймд газар нутгийн төлөөлөл ямар нэгэн байдлаар байх ёстой. Гэтэл зөвхөн газар нутгийн төлөөлөл байдаг хуучны тогтолцоогоороо сонгох юм бол бас дутагдалтай. Жишээ нь, жижиг тойрогт сонгуульд оролцоход уул уурхайн лиценз, зөвшөөрөл авахыг хүсч байгаа бизнесийн бүлэглэлүүдийн мөнгөөр, захиалгаар хүмүүсийн саналыг худалдаж авах боломж нэлээд өндөр байдаг. Тийм нөхцөлд тухайн орон нутгийн, эсвэл нийт ард түмний гэхээсээ илүү бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн хараат хүмүүс сонгогдох аюултай. Тэгээд улсын төсвийн мөнгийг жижиг тойргууд руугаа аваачиж тараадаг. Тэр нь өөрөө улс орны том асуудлыг шийдэж чадахгүй байдалд хүргэдэг одоогийн энэ дутагдалтай байдал үргэлжилнэ гэсэн үг. Иймд холимог тогтолцоо Монголын онцлогт их таарч байгаа.
- Холимог тогтолцооны давуу тал нь юу вэ?
Нэгдүгээрт орон нутгийн төлөөлөгч байх ёстой. Манайх 26 орон нутгийн  захиргаатай байна гэж үзвэл тэр бүхнээс нэг нэг төлөөлөл байлгая. Үлдсэн нь пропорциональ буюу намуудаас, үзэл бодлоор нь сонгодог байя. Намууд өөрсдөө нэр дэвшигчдийгээ улс төрд олон жил ажилласан туршлагаар нь эрэмбэлж, сонгуульд нэр дэвшүүлдэг байх шаардлагыг тавьдаг байх хэрэгтэй. Мөн улс төрийн намууд хэрвээ амлалтаа биелүүлэхгүй, шаардлага хангахгүй бол тухайн улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, татан буулгах хүртэл өндөр хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Нэг хүнтэй хариуцлага тооцохоос илүү улс төрийн  хүчинтэй, намтай нь хариуцлага тооцож, намуудыг үзэл бодлоор нь уралдуулж, улс төрийн намыг  хариуцлагатай бөгөөд чадвартай байлгах нь улс оронд маш их хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намаараа нэг хэсэг нь сонгогддог, нөгөө хэсэг нь тойргоос хүнээрээ сонгогддог байх гэсэн энэ хоёр  хэлбэр нь өөрөө мажоритар болон пропорциональ сонгуулийн тогтолцооны давуу болон сул талуудыг нөхнө гэж үзэж байгаа.
- Пропорциональ, мажоритар гээд яриад байдаг хэрнээ мажоритар гэдэг нь яг юу юм, пропорциональ гэдэг нь бас юу юм гэхээр тодорхой ойлголт олон нийтэд байдаггүй.
- Мажоритар тогтолцооны үед бие даан нэр дэвшигч ч бай, намын төлөөлөл ч бай сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчийг нэрээр нь бичиж, тухайн нэр дэвшигч дээр саналыг нь нэгтгэдэг онцлогтой. Мажоритари гэдэг нь олонхи дийлэнхийн тогтолцоо гэсэн үг. Тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрс дундаас хамгийн олон санал авсан хүн нь сонгогдохыг хэлээд байгаа юм. Хүнээ нэрээр нь сонгож, хамгийн олон санал авсан нь, манай хуучин хуулиар нийт сонгогчдийн 25 хувийн санал авсан нь сонгогдоно гэж байгаа. Нийтдээ сонгогчдын 50 хувь нь сонгуульд санал өгсөн байхад сонгууль хүчинтэй боллоо гэж үздэг. Тэгэхээр онолын хувьд сонгогчдын тал нь сонгуульд оролцоод, тэдгээрийн 25 хувийн саналыг авсан нь ялж байна. Энэ нь өөрөө нийт сонгогчдын 13 хувийн саналыг авсан нам ялж болох тогтолцоо. Цаана нь 80-н хэдэн хувь нь дургүй байгаад байдаг. Хичнээн дургүйцсэн ч гэсэн манайх эргүүлэн татах боломжгүй дөрвөн жил явдаг, тийм л тогтолцоо болчихоод байгаа.  Тэгэхээр энэ бол манайд таарахгүй.
- Пропорциональ тогтолцооны хувьд?
- Пропорциональ гэдэг нь улс төрийн намыг нь түлхүү сонгодог тогтолцоо. Үүнд хоёр арга хэлбэр байдаг. Нэг дэх нь улс төрийн намаас нэр дэвшсэн хүмүүсийн дотроос сонгогчид өөрсдөө нэр дэвшигчдийг эрэмбэлдэг буюу “нээлттэй” нэрийн жагсаалтын хэлбэр. Нөгөөх нь бол нам нь нэр дэвшигчдээ эрэмбэлээд “хаалттай” нэрийн жагсаалт хийж, сонгогчид зөвхөн намыг нь сонгодог хэлбэр юм. Хаалттай нэрийн жагсаалтыг нам өөрөө эрэмбэлсэн  тохиолдолд 50 суудлаас 10-ыг нь авсан байлаа гэхэд тэр суудлыг намын шийдвэрээр эхний аравт бичигдсэн хүмүүс нь авах нь байна шүү дээ. Харин нээлттэй нэрийн жагсаалтын хувьд ард түмэн сонголт хийдэг учир тухайн нэр дэвшигчийн нэр намын гаргаж ирсэн нэрийн жагсаалтаар 50 дугаарт нь бичигдсэн байлаа ч гэсэн ард түмэн түүнийг нэгдүгээрт бичээд гаргаад ирж болно. Сонгогчдын саналаар эрэмбэлэгддэг энэ хэлбэр бол нээлттэй нэрийн жагсаалт бүхий пропорциональ тогтолцоо юм.
- Намууд “нээлттэй” нэрийн жагсаалт гаргаж ирсэн тохиолдолд сонгогч өөрөө сонголт хийх боломж нь илүү бүрдэх нь ээ?
- Тийм ээ. Нээлттэй нэрийн жагсаалт бүхий сонгуулийн пропорциональ тогтолцооны үед би намуудын гаргаж ирсэн жагсаалтыг 1-50 хүртэл дугаарлаж болно. Эсвэл нэг хүнийг сонгоно, эсвэл тойрог дотроо 1-5, 1-10 ч гэдэг юмуу энэ хэлбэрүүдийг хуулиар тогтоосон байх хэрэгтэй. Жишээ нь 50 хүнийг эрэмбэлэхийн оронд арван хүнийг эрэмбэлсэн нь  хялбар л даа. Сонгогчдын өгсөн саналаар хүмүүсийг эрэмбэлнэ гэсэн үг. Энэ санал нь тойргоор байж болно, улс даяар байж болно. Харин “хаалттай” нэрийн жагсаалтыг бол нам өөрөө эрэмбэлнэ. Нэгдүгээрт намын дарга, хоёрдугаарт  нарийн бичгийн дарга, дэд дарга, хамгийн сүүлд тэр байна ч гэдэг юм уу. Нам өөрөө тэгж дугаарлахдаа намын гаргасан шалгуур, намын дүрэм журмаар намынх нь хурлаар ийнхүү эрэмбэлж байгааг хаалттай гэж нэрлэдэг. Сонгогчид бол зөвхөн намыг нь дугуйлдаг. Энэ хэлбэрүүдийг яаж авснаас шалтгаалан үр нөлөө нь өөр гарч болно.
 
НАМУУД “НЭЭЛТТЭЙ” НЭРИЙН ЖАГСААЛТЫН ТУХАЙ ЯРИХГҮЙ БАЙГАА

- УИХ дахь хоёр намын бүлгийн гаргаж ирсэн Сонгуулийн хуулийн хувилбаруудыг сонгогчдод ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү?
- Ардын нам бол гуравны нэгийг нь намын нэрээр сонгоод, гуравны хоёрыг нь хуучин шигээ  тойргоор сонгож байя гэж байгаа. 26 пропорциональ, 50 мажоритари гэсэн үг. Харин Ардчилсан нам болохоор гуравны хоёрыг нь намын нэрээр сонгоод, гуравны нэгийг нь хуучин хувилбараар сонгох санал дэвшүүлж байгаа юм. Энэ нь 50 пропорциональ, 26 мажоритари юм.
- Ардчилсан нам, Монгол Ардын намын санал болгоод байгаа холимог тогтолцооны пропорциональ хэлбэрт нээлттэй нэрийн жагсаалтыг оруулсан гэсэн үг үү, эсвэл хаалттай нэрийн жагсаалт юм уу?
-Тэд нээлттэй нэрийн жагсаалтын тухай ярихгүй байгаа. Хэрвээ хаалттай нэрийн жагсаалтаар гаргана гэвэл нэрийн жагсаалтыг гаргадаг үйл явцыг хуульд нарийн тусгаж өгөх ёстой. Жишээ нь, хандив их өгснөөрөө нэрийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэнэ гэвэл тун муу. Мөнгө их өгсөн нь бараг шууд сонгогдох нь байна шүү дээ. Жишээ нь АН, МАН бол доод тал нь 30 хувийн суурь саналтай байдаг. Энэ нь өөрсдийнх нь гишүүд, дэмжигчдийн санал. Тэгэхээр эхний 30 хувьд бичигдсэн хүмүүс шууд сонгогдох нь. 50-ийн 30 хувь нь ойролцоогоор 15 гэж үзвэл нэрийн жагсаалтын эхний 15 нь сонгогдох боломжтой. Ингэхийн тулд тухайн намд маш өндөр хандив өгч байж бичигдэнэ гэх юм бол энэ нь өөрөө улс орны хувьд аюултай. Тэрбум төгрөгийг гаднын бизнесийн компаниудаас авчихаад, “Дараа нь та нарт ашигтай уул уурхайн гэрээ хийж өгнө” гэж амлаад мөнгөө урьдчилж аваад орж ирж байгаа хүн автоматаар сонгогдох болчихвол яахав. Тэгэхээр намын нэрээр бичигдэж байгаа хүмүүст намын нэрээр эрэмбэлэгдэх дүрэм журам нь маш тодорхой байх ёстой. Нэгдүгээрт мэдлэг чадвар, хоёрдугаарт улс төрчийн хувьд хуулиар хориглосон, улс төрч хүн хийх ёсгүй зүйлийн арван заалтыг шалгуур болгон тавих ёстой. Олон түмний итгэлийг дааж чадах уу, үгүй юу гэдэг дээр эрэмбэлэгддэг, тэр сонгон шалгаруулалтыг нь явуулахад ядаж тухайн намын  нийт гишүүд нь оролцож чаддаг байж “хаалттай” нэрийн жагсаалт зөв эрэмбэлэгдэх нөхцөл бүрдэнэ.
-Хэрвээ “нээлттэй” нэрийн жагсаалтаар эрэмбэлэгдэх бол ямар арга, хэлбэрүүд байна вэ?
- Нээлттэй нэрийн жагсаалт  байх юм бол ард түмэн өөрсдөө сонгочихно. Жишээ нь одоогийн байгаа улс төрчид, гишүүд хэн нь сайн ажиллаж байна. Хэн нь үнэхээр нийт ард түмнийг төлөөлж ажилласан юм. Эсвэл зөвхөн өөрийнхөө сонгогдсон аймагт ажиллаад байсан хүн юм уу. Сонгогчид үүнд нь дүн тавьж, саналаа өгөхөд тэр нээлттэй нэрийн жагсаалтаар гарч чадна. Тухайн нам 50 хүний нэрийг гаргаад тавилаа гэхэд тэр тавь дотроос чинь би нэг хүнийг сонгож болно, үгүй бол 50-ууланг нь сонгож болно. Үгүй бол нэг хоёр гурав дөрөв гээд эцсийг нь хүртэл дугаарладаг боломж ч байдаг. Автомат санал тоолох машин хэрэглэж байгаа нөхцөлд хүндрэл гарахгүй. Мөн пропорционалийг тойрог дотроо пропорциональ гэж ангилж болдог. Монгол Улсыг 50-ийн пропорционалиар сонгоё гэж гэж үзэхэд таван бүсэд хуваагаад нэг бүсээс нь 10 хүнийг сонгоход болно. Тэгвэл тухайн бүсэд нэрийн жагсаалтад байгаа хүмүүсээ нэгээс арав гэж дугаарлаад санал хураалт хийж болно. Илүү оноо авсан нэр дэвшигчид нь тоолдог аргачиллаараа гараад ирдэг. Үгүй бол тэр 10 дотроосоо ганцхан хүнийг сонгож, тэр сонгосон саналынхаа тоогоор дотроо эрэмбэлэгдээд эхний хэдэн хүн нь авсан саналынхаа дагуу гараад ирнэ ч гэдэг юм уу. Энэ нь Үндсэн хуулийн дагуу гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай уялддаг. Яагаад гэвэл, намын нэрээр  нэр дэвшсэн хүнийг шууд сонгоод, тэр сонгосон хүн нь намд өгч байгаа саналд тооцогддог энэ тогтолцоо манай Үндсэн хуульд сайн нийцнэ.
-Хоёр намын санал болгож байгаа Сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотын асуудал байгаа юу?
-Байхгүй. Д.Лүндээжанцан нарын санаачилсан хувилбар дээр 15 хувь гэж байсан. Хамгийн сүүлд хэлэлцэж байгаа пропорциональ дотор 15 хувь болох юм гэдэг яриа төдий л байгаа.
-Мянганы хөгжлийн зорилтод “2015 он гэхэд парламентын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна” гээд олон улсын өмнө амлачихсан байгаа биз дээ. Үүнийгээ биелүүлж чадахгүй бол Монголын олон улсын нэр хүнд юу болох вэ?
- Ичгэвтэр л болно шүү дээ.
- 2012 онд явагдах УИХ-ын сонгуулийн тухай хуулийг одоогийн УИХ-ын гишүүд өөрсдөө батлах гэж байгаа талаар таны бодол?
- Одоогийн УИХ-ын гишүүд улсын төсвийн мөнгөөр орон нутагтаа их ажил хийсэн гэдэг нь бусад нэр дэвшигчдээс илүү оноо авах боломжийг бүрдүүлж байгаа. Улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум төгрөг зарцуулаад, хэдэн удаа тууз хайчлаад, орон нутагтаа  хөрөнгө оруулалт хийсэн гэдгээрээ бусад өрсөлдөгчдөөсөө давуу байдал олж авах боломж тэдэнд байгаа. Үүнийгээ ашиглаад буцаад сонгогдох боломжтой учир хуучин мажоритар буюу тойргоор сонгогдох системээ давуу байлгая, тэгвэл би дахин сонгогдоно, надтай хэн ч өрсөлдөж чадахгүй гэсэн тооцоог хийж байна. Жилд тэрбум төгрөг зарцуулж байгаа хүнтэй  өрсөлдөх амаргүй шүү дээ. Тийм учраас сонгууль ойртох тусам хуучин байдлаараа байя гэдэг нь давамгайлж байгаа нь харагдаад байна. Энэ нь нэгдүгээрт чөлөөт өрсөлдөөнийг хааж байна. Сонгогчид бодит сонголт хийхэд нь хаалт болж байна. Нөгөө ард түмний 13 хувийн санал авсан улс төрийн хүчин 100 хувь суудал авдаг байдал руугаа орж байна. Энэ бүхэнд ард  түмэн бухимдаад байгаа хэрнээ яах ч аргагүй байдалд хүрдэг. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд аюул учрахаас сэргийлж, гагцхүү монголын онцлогт тулгуурлаад, цаашид ардчилсан зарчмыг хамгаалсан, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, цэвэр, хариуцлагатай улс төрч болон улс төрийн намыг бий болгож чадах тийм л  сонгуулийн тогтолцоо руу орох хэрэгтэй юм.

ОДОО ХЭЛЭЛЦЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЭНЭ БАЙДЛААРАА БАТЛАГДАХ ЮМ БОЛ 2012 ОНЫ СОНГУУЛЬ АСАР ИХ БУДЛИАНТАЙ БОЛНО

-Өнгөрсөн сонгуулийн гашуун сургамж байгаа. 2008 оны 7 сарын 1. Үүний гол шалтгаан нь сонгууль шударга бус явагдсан гэж ард түмэн бухимдсантай холбоотой гэж үздэг. Харин та юу гэж үздэг вэ?
-7 сарын 1 бол сонгуулийн  булхай луйвраас үүдэлтэй. Нэгдүгээрт сонгуулийн дүн гарахгүй маш их удсан. Албан ёсны дүн гараагүй байхад “Бид яллаа” гэж МАХН зарласан. Тэр нь ч хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Сонгууль явагдаад дууссан, бүтэн хоног өнгөрчихөөд байхад ялангуяа Улаанбаатарт санал авах байр хаалттай. Тэр хаалттай хаалганы цаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, ажиглагч нар ч нэлээн бухимдалтай байсан шүү дээ. Хүмүүс нойргүй, завсарлагагүй 24 цаг ажиллаж байхад хянаж тоолох ажиллагаа үнэн зөв явагдаж байна уу гэдэг дээр эргэлзээ төрнө. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт саналын тооллогын  ажиллагаа буруу явагдлаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд, дахин  тоолъё гэхэд зөвшөөрлийг нь өгөөгүй. Санал тоолох ажиллагаа 72 цаг болж мэдэх нь гэдгийг Сонгуулийн ерөнхий  хороо урьдчилаад сануулсан боловч түүнээс нь сэргийлэх ажиллагаа хийгээгүй. Энэ хамгийн том дутагдал. Санал тоолох ажиллагаанд зарцуулах цагийг багасгахын тулд санал тоолох байруудыг олон болгож болно. Заавал том заал байх шаардлагагүй. Нэг дунд сургууль дээр гэхэд санал авах 20-40 байр ажиллаж, тэр байруудад санал тоолох ажиллагаа маш хурдан явагдаж, дүн нь богино хугацаанд гараад ирж болдог. Жишээ нь Бангладешд 81 сая сонгогчийн санал тоолох ажиллагааг гараар хийхдээ хоёр цагийн дотор л дуусч байна. Бүгдийг нь нэгтгээд дахин тоолоод эцсийн дүн гаргахад хоёр цаг л  болж байна шүү дээ. Тэгэхэд манайх хоёр өдөр үргэлжилсэн. Санал тоолох явцад нэг нь уншиж нөгөө нь бичиж байх явцдаа хүний саналыг зөөсөн, засварласан үйл ажиллагаанууд маш их гарсан. Хэсгийн хорооны дүнг нэгтгэсэн  ч  гэсэн хоорондоо зөрж байсан. Чингэлтэй дүүрэгт гэхэд 1114 саналаар зөрсөн шүү дээ. Албан ёсны хэсгийн хороодын дүнг нэгтгэхэд л зөрж байгаа юм. Тэгэхээр ялж ялагдсан хүмүүсийн саналын зөрүү нь 152-270. Нэрийн жагсаалт гэхэд 11.000-аар зөрж байдаг. Энэ нь хүмүүсийг  маш их бухимдуулсан. 
-Хамгийн том будлиан хаана, хэнээс, юунаас болж гарсан бэ?
-Санал тоолох ажиллагаа маш их маапаантай явагдсан. Хоёрдугаарт хамгийн том асуудал нь юу вэ гэхээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга “Нэрийн жагсаалтад байхгүй сонгогчдын саналыг ав” гэж хууль бусаар шийдвэр гаргасан. Жишээ нь, хагас өдрийн дотор олон мянган хүнээр нэмэгдэж санал авсан. Задгай гэж хаяг бичээд хүмүүсийн нэрийг бичиж, оюутнуудыг гэхэд  нэг оролт нь тэдэн төгрөг гэж өгсөн нь баригдсан тохиолдлууд байна. Хуурамч иргэний үнэмлэх дээр наалт хийгээд баригдсан олон тохиолдол Сүхбаатар дүүрэг дээр гарсан. Үүнийг зогсоохын оронд  улам дэвэргэж,  нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй хүмүүсээс саналыг нь авах шийдвэрийг гаргаснаас болж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний зөрчлийг  Сонгуулийн  ерөнхий хорооны дарга гаргажээ гэж Дээд шүүхээс шийдвэр гарсан. Ийм үйлдэл хийсэн хүнийг МАХН, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн өндөр цалинтай ажилд Хүний нөөцийн захирлаар томилж байна шүү дээ. Ийм хүнд төрийн албыг хаших итгэл өгч болох уу. Ингэж  хууль  бус үйлдэл хийсэн байхад ийм байдлаар шагнаж байгаа нь өөрөө эргээд хардалт төрүүлнэ л дээ. Тэгэхээр ийм  үйлдлүүд нь өөрөө Үндсэн хуульд “Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах арга” гэж тодорхойлогддог. Сонгуулийн дүнг өөрчлөх, засварлах, сонгуулийн булхай луйвар хийж сонгуулийн дүнг өөрсдөдөө тааламжтай байдлаар өөрчлөхийг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж нэрлэдэг. Ийм үйлдэл хийгдсэн улс оронд тухайн намыг татан буулгаж, намын удирдлагад байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцдог. Гэвч ингэж хариуцлага тооцох нөхцөл нь манай Сонгуулийн хуульд байгаагүй, харин ч сонгуульд гарсан маргааныг аль ч шүүх авахгүй  байхаар хуульчилсан нь өөрөө сонгуулийн луйвар хийх асар том боломжийг гаргаж өгсөн.
-Сонгуулийн дүн шүүхээр хянагдахгүй байх тэр боломжийг бүрдүүлсэн хууль нь хэзээ батлагдчихсан юм бэ?
-2005 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр тийм зүйл заалт батлагдсан
- Өмнө нь шүүхийн хяналт байсан санагдах юм?
-Өмнө нь байсан. 2004 оны сонгуулийн дараа 24, 59 дүгээр тойргийн сонгуулийн  маргааны талаар жилийн дараа шүүхийн шийдвэр гарч шийдэж байсан. Тэр шүүхийн шийдвэрийн дагуу З.Энхболд гишүүн УИХ-д анх орж ирж байлаа. Шүүх үнэн зөвөөр шийдээд эхлэнгүүт шүүхээр шийдүүлэхгүй байх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр гаргуулж, дараа нь хуулиндаа аль ч шатны шүүх сонгуулийн маргааныг хүлээж авахгүй байхаар заалт хийсэн. 2005 оноос хойш СЕХ-ны тогтоолоор бүхнийг шийдэж ирлээ шүү дээ.
-Одоогийн хэлэлцэгдэж байгаа хуульд энэ заалт ямар байдлаар орсон бол?
- Харамсалтай нь одоогийн хэлэлцэж байгаа Сонгуулийн хууль, хамгийн сүүлд баталсан хувилбарт нь тулгуурлаж хэлэхэд, сонгуулийн маргааныг шүүхийн хяналтын гадна гаргасан байдалтай явж байгаа. Хэрвээ одоогийн УИХ-ын ихэнхи заалтыг нь баталчихаад, зөвхөн тогтолцоо үлдсэн гээд байгаа энэ хууль энэ байдлаараа батлагдах юм бол дараагийн сонгууль асар их будлиантай болно. Яагаад гэвэл, тэнд сонгуулийн маргаан аль ч шүүхэд очихгүй байхаар бичигдсэн байгаа. Төрийн албан хаагч сонгуулийг яаж ч будилуулж болохоор заалтуудыг хийсэн байгаа. Төрийн албан  хаагчид нь болохоор “чи ингэж сонгуулийн дүн гаргахгүй бол чамайг наад албан тушаалаас чинь хална” гэдэг айлгалт сүрдүүлэлтийн дор энэ сонгуулийг будлиантуулаад, шалгая гэхээр шалгуулдаггүй, шүүхэд өгье гэхээр шүүх авдаггүй энэ байдлаар сонгуулийг хийх гэж байгаа нь хуучин хуулиасаа бүр дордуулж байна.
-Бусад улс орны хувьд ямар байдаг юм бэ?
-Бусад улс орнуудад бол шүүхээр хянагдахгүй байдаг зүйл зөвхөн “диктатуртай” оронд л байдаг. Ардчилсан гэгддэг улс оронд ийм зүйл байхгүй.
-Үүний хор уршиг хэрхэн илрэх бол?
-Энэ байдал даамжрах юм бол Монгол Улсад ном ёсоороо, итгэл найдвартай  ажилладаг бизнесийн олон улсын байгууллагууд хөрөнгө оруулахаасаа эргэлзэнэ. Манайд хэн хөрөнгө оруулж орж ирэх вэ гэхээр, улс төрчдийг худалдаж аваад хууль бус үйл  ажиллагаа явуулдаг, тухайн оронд ноёрхолоо тогтоох санаархалтай тийм л бүлэглэлүүд орж ирнэ. Ном ёсоор нь ажилладаг, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг бизнесүүд бол татгалзана. Яагаад гэвэл, хууль шүүх нь ажилладаггүй, авлигад идэгдсэн улс оронд хөрөнгөө оруулахыг хүсэхгүй. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг тийм л бүлэглэлүүд орж ирээд, өөрийнхөө гар хөлийн улс төрчдийг парламентад оруулж ирдэг. Улмаар харахад Монгол Улс нэртэй боловч гадныхны гар хөл болсон хүмүүс төрийн эрхийг барьж, яваандаа тусгаар тогтнолоо алдана гэсэн үг. Жишээ нь, цөмийн  хаягдлаа танай газар нутагт булна гэхээр нь “За” л гэж байдаг. Танай энэ газрын баялгийг давуу эрхтэй авна, та нар шавхрууг нь хүлээгээд сууж бай гэхэд “За” гэдэг төртэй болно гэсэн үг шүү дээ. Иймд ард түмэн нь өөрсдөө эзэн байя гэвэл сонгуулийг шударга явуулах хуультай байх хэрэгтэй. Ард түмний өөрсдөө сонгосон, ард түмэндээ буцаж үйлчилдэг хүмүүс л парламентад сонгогдох ёстой. Тэрнээс аль нэг бүлэглэлд үйлчилдэг хүмүүс сонгогдох ёсгүй. Сонгуулийн хууль ямар байхаас сонгогчид бидний амьдрал шалтгаална. Иймд хамгийн түрүүнд бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой.
 ХАНДИВЫНХАА ТАЙЛАНГ ГАРГААД ТАВЬЖ БАЙГАА УЛСТӨРЧИЙГ
СОНГОГЧИД НЬ ДЭМЖИХ ЁСТОЙ

-Одоо сонгогчид нь УИХ-ын гишүүндээ хандаж “энэ сонгуулийн хуулиа өөрчил” гэсэн шаардлага тавих ёстой юм байна шүү дээ?
- Тийм ээ, шаардлагатай. Ардчилсан намын бүлгээс, ялангуяа сонгуулийн маргааныг шийдэх хэсэг дээр ажлын хэсэг ажиллаж, би бас саналаа өгсөн байгаа.  Харамсалтай нь Их хурал хүлээж авахгүй байна. Их хурлын олонхи нь хуучин хуулиар буюу шүүхээр шийдэгдэхгүй, сонгуулийн дүнг засварлаж болдог энэ хэлбэрээ авах гээд байгаа нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж оролдсон арга гэж хардагдахаар байна. Сонгуулийн хууль ийм гарвал эргээд Монгол Улсын аюулгүй байдалд хортой.
-Хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Сонгуулийн аливаа маргаан хууль шүүхэд хянагддаг, шүүхээр шийдвэрлэгддэг байх ёстой. Сонгуулийн саналын хуудсыг дахин тоолъё гэхэд олон түмний нүдэн дээр дахин тоолдог байх ёстой. Сонгогчдод том дэлгэцээр харуулж яагаад болохгүй гэж. Технологи хөгжсөн үед боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Саналын хуудсууд дөрвөн жилийн хугацаанд дараагийн сонгууль хүртэл хадгалагддаг. Яах гэж хадгалагддаг юм бэ гэвэл, аливаа эргэлзээ байх юм бол дахин шалгахын тулд нотлох баримтын хүрээнд хадгалдаг. Сонгуульд оролцож байгаа талд хамгийн том тал нь сонгогчид байдаг. Сонгогчдын нүдэн дээр саналын хуудсыг дахин тоолох учиртай. Сонгуультай холбоотой бүх асуудлыг шүүх авч хэлэлцдэг байх ёстой. Тэгвэл ялагдсан хүмүүс  аргагүй би ялагджээ гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ялсан тал ч гэсэн би хуулийн дагуу ном ёсоороо ялсан гэдэгтээ бардам байх ёстой. Сонгогчид бол үнэхээр миний өгсөн саналаар ялаагүй ч гэсэн дийлэнхи олонхийн санал авсан хүн сонгогдсон юм байна. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр Их Хурал, Засгийн газар байна гэж хаана хаанаа хүлээн зөвшөөрнө шүү дээ. Гэтэл энэ  боломжийг олгохгүй, энэ гомдлыг барагдуулахгүй, энэ шийдвэрийг эцэслэхгүй байдал өмнөх сонгуулиар гарсан.
-Уг нь ардчилсан сонгууль гэж нэрлээд байгаа шүү дээ.
-Ардчиллын амин сүнс юу вэ гэхлээр хүний сайнд найддаггүй механизмын сайнд найдна гэдэг. Манайх бол зүгээр л чамд найдлаа шүү гээд орхичихдог. Гэтэл цаадах нь баахан хүнд өртэй, “өрөндөө дөрлүүлчихсэн” хүн орж ирээд хариуцлага алдлаа гэхэд буцаагаад татах эрх байхгүй, гомдол гаргах эрх байхгүй. Сонгогч өөрөө гомдол гаргаад явахаар “Сонгогч таны эрх зөрчигдсөн гэж нотлогдохгүй байна. Тэгэхээр танд хамаагүй асуудал байна” гэсэн хариулт аваад мухарддаг.
-“Дөрлөгдсөн” Их хурлын гишүүн байлгахгүйн тулд  сонгогчид  өөрсдөө бас сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал хандивын тайлан?
-Тийм ээ. Сонгогчид хандивынхаа тайланг  гаргаад тавьж байгаа улс төрчийг дэмжих ёстой. Одоо би санаж байна. З.Энхболд гишүүн сонгуулийн үеэр хандивын дансаа нээгээд “Ард түмнээсээ хандив хүсч байна” гэсэн чинь нэг хэсэг сэтгүүлчид шүүмжилж байсан л даа. Хангалттай мөнгөтэй юм байж ард түмнээс мөнгө гуйлаа. Мөнгөтэй байж сонгуульд ороход яадаг юм гээд л. Гэтэл тэр хүн бол их зөв үйлдэл хийж байсан. “Та нар надад тодорхой хэмжээний мөнгө хандивла, би түүгээр чинь сонгуульд өрсөлдөөд, буцаад та нарт тайлангаа гаргая” гээд хандив өгнө үү гэсэн. Тэгэхээр тэр хүн эргээд хандив өгсөн ард түмэнтэйгээ холбоотой, тэд нарынхаа өмнө л  хариуцлагатай, тэд нартайгаа уялдаж байх Их Хурлын гишүүн болно шүү дээ. Иргэн хүн 1 сая хүртэл, байгууллага бол 3 саяас  дээш өгч болохгүй гээд бэлэн хуулийн заалт байгаа. Олон хүнээс хандив авч байгаа учраас хэн нэгний хараат хүн болохгүй шүү дээ. Харин нууц далд хандив авсан хүн бол эргэлзээтэй. Жишээ нь манайхан буруу ухуулга хийж, “Чи мөнгөтэй байж Их Хуралд орж ир” гэдэг. Тэгээд тэр мөнгөө дараа нь хэд нугалж олох санаатай байна вэ гэдэг зүйл бас байдаг гэдгийг мэддэггүй.
-Манай парламентад дийлэнхи нь эрчүүд. Зөвхөн эрчүүдийн чухал гэж үздэг асуудлаар л шийдвэр гарч байна. Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой үгүйлэгдэж байгаа. Олон нийт ч гэсэн эмэгтэй хүн улс төрд орж ирж байж улс орны хөгжилд нөлөөлж чадна гэсэн хүлээлттэй байна?
-Эмэгтэй хүн өөрийгөө гэхээсээ илүү гэр орноо, үр хүүхдээ нэгдүгээрт тавьдаг. Тэр утгаараа “Миний үр хүүхэд  шударга дүрэм журамтай, найдвартай орчинд амьдраасай” гэх бодол нь давамгай байдаг. Өнөөдөр би хахууль аваад илүү ашиг ольё гэхээсээ илүү миний үр хүүхэд сайхан орчинд амьдраасай. Хичнээн баяжсан ч гэсэн миний хүүхдүүд энэ гэмт хэрэг, энэ бухимдсан хүмүүсийн дунд амьдарвал яана гэдэг байгалиас заяасан тэр  мэдрэмж, хандлагаараа арай илүү гэж боддог. Орчноо эрүүл байлгах нүдээр асуудлыг олж хардаг, илүү шударга, нийгмийн бүх давхрагад хүртээмжтэй шийдвэр гаргаж чаддаг онцлогтой. Шударга, хууль номынхоо дагуу байна гэдэг нь ялангуяа Монгол Улс шиг авлига нь ийм өндөр байгаа оронд эмэгтэйчүүд түлхүү орж ирэх хэрэгтэй байгаа.
-Сонгогчид өөрсдөө хариуцлагатай байх талаар гадаад орны ямар туршлага байна вэ?
- Сонгогчдыг хариуцлагатай болгохын тулд өөрсдөд нь үүрэг өгдөг. Тэр нь сонгогч та  сонгуульдаа оролцох ёстой. Хэрвээ та сонгуульд оролцохгүй байх юм бол бараг улсаас өгдөг тийм тийм эрхийг чинь хаана гээд. Жишээ нь Австрали 20 доллараар торгож байна. Манайх шиг уул уурхайн хувь хишиг хүртээдэг орон дараагийн сонгуульд ирж алдаагаа застал нь хувь хишиг хүртэх эрхийг нь хаадаг. Бас нэг жишээ нь, улс төрийн албанд, төрийн албанд алба хаших эрхийг нь хасдаг. Яагаад гэвэл, төр барих эрхээ эдэлж үүргээ биелүүлээгүй бол төрийн албанд ажиллах итгэлгүй хүн гэж үзэж байна. Дээрээс нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй. Ард түмнийг төлөөлсөн олон зөвлөлийн алинд ч ажиллах эрхгүй гээд эрхийг нь хасдаг. Хамгийн гол нь сонгуулийн үр дүнгээр гомдол гаргах тэр эрхийг нь хаадаг.
-Сонгогчид, иргэдэд хандаж та юу хэлэх вэ? 
-Сонгогчид нэгдүгээрт, энэ Сонгуулийн хууль надад хамаагүй гэж бодож болохгүй. Сонгуулийн маргаан шүүхээр хянагддаг байхыг шаардах хэрэгтэй. Мөнгөнөөс хамааралтай улс төрчид орж ирдэггүй байх тэр шаардлагыг сайн тавьдаг байх нь чухал. Хоёрдугаарт сонгуульд нэр дэвшиж байгаа нам, нэр дэвшигчийн гаргаж байгаа зардал мөнгө хаанаас гарч байгааг анхаарах ёстой. Асар их мөнгө  хаяад байх юм бол тэр сэжигтэй гэсэн үг. Яагаад гэвэл, тэрхүү асар их мөнгийг хаанаас олж байна, буцаагаад тэр мөнгө өгсөн хүмүүсийнхээ хараат болно, тэд нартаа л ашигтай байх болохоос биш сонгогч  ард түмэн бидэнд ашигтай шийдвэр гаргахгүй. Тийм учраас мөнгө зарцуулж, хэвлэл мэдээллийн сувгийг их аваад, баахан мөнгө төгрөг тараагаад байх тусам энэ сэжигтэй шүү гэх нүдээр харах хэрэгтэй. Уулзалт бүр дээрээ хөрөнгө мөнгөө хаанаас олдог, ямар ажил хийж байсан, сайн ажиллаж чадах уу гэдгийг сонгогч болгон сайн харж, шаардлагатай гэж үзвэл энэ талаар нь асуух хэрэгтэй. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу хурууны хээгээс санал өгөх юм бол нэг хүнийг олон дахин санал өгүүлдэг явдал багасах байх гэ ж найдаж байна. Иймд хүн бүр сонгуулийн санал хураалтад оролц. Хэрвээ танд таалагдах хүн, таалагдах нам байхгүй бол хэнийг ч дэмжихгүй гэдэг саналаа өг. Учир нь хэнийг ч дэмжихгүй гэдэг саналаа саналын хуудас дээр тэмдэглэх боломжтой болсон. Хэрвээ 50 хувийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахин явуулна. Дахин шинэ нэр дэвшигч гарч ирэх ёстой. Таалагдах хүн байхгүй юм чинь би сонгуульд очиж яах юм гэж боддог. Гэтэл очсон хэдэн хүний цөөхөн саналаар нөгөө таалагдаагүй хүн чинь гараад ирэх нь байна шүү дээ. Тэрэнд орвол та сонгуульдаа очоод, би алийг нь ч дэмжихгүй гэдэг саналаа өг. Тэр эрхээ эдэл. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол би буцааж татах эрхээ эдлэе, гомдол гаргая гээд эрхээ буцаагаад нэхдэг, эдэлдэг байх хэрэгтэй. Тэгж байж л ард түмэн төрөө хянаж чадна.
Ярилцсан Ц.Оюунчимэг
2011 оны 8 дугаар сарын 5

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш