logo
“Монголын мэдээ” суваг HD боллоо

“Монголын мэдээ” суваг HD боллоо

2016/06/06

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг HD форматаар эфирээ дамжуулж эхлээд байгаа. Өнөөдөр "Монголын мэдээ HD" сувгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа, "Монголын мэдээ HD" сувгийн захирал Ц.Мөнхтөр болон МҮОНРТ-ийн уран бүтээлчид, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм. Уншигч та бүхэнд нээлтийн ёслолоос хийсэн сурвалжлагыг хүргэе.

Үүргээ биелүүлэхийн тулд бид алхам алхмаар урагшилж байна

 МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь:

-"Монголын мэдээ" суваг HD боллоо. Ингэснээр иргэдийн үзэх эрхийг илүү хангаж байна гэж ойлгож байна?

-МҮОНРТ-ийн байгууламж анхнаасаа л мэргэжлийн том техникүүдэд зориулагдаж хийсэн. Жижиг студиуд нь 20-30, том студи нь 40 гаруй мотортой. Энэ бүхнийг цогцоор нь шинэчлэхэд нэлээд бэрхшээл тулгарч байсан. "Монголын мэдээ" сувгийн хувьд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн шинэчлэлээр эфирийн фульт, мэдээний студи, мэргэжлийн камер, зөөврийн камерууд нь тодорхой хэмжээнд HD формат руу шилжсэн байсан. Тоног төхөөрөмжүүдийг  нь авчихсан байсан гэсэн үг л дээ. Үүн дээрээ нэмэлт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд HD формат руу шилжиж байна. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтгүй дотоодын нөөц бололцоогоороо энэ хөрөнгийг босгосон. Ингэж HD формат руу шилжүүлснээр мэдээллийн хурдтай хөл нийлүүлэх бүрэн боломжтой болж байна. Мөн "Монголын мэдээ" сувгийн өдөр тутамд авч байгаа дүрсүүд  бүгд Монголын түүхийн нэг хэсэг. Тэгэхээр энэ түүхийн нэг хэсгийг дуу дүрсний өндөр чанартайгаар авч үлдэх үүрэгтэй. Улс орны нийгэм, эдийн засаг, хөгжил дэвшлийн бүхий л дүрсийг өндөр чанартайгаар авч дамжуулах, хадгалах үүрэгтэй учраас ийнхүү "Монголын мэдээ" суваг түрүүлж HD болж байгаа юм.

-Энэ бол нэг талаасаа МҮОНРТ-ийн үүрэг байх?

-МҮОНРТ-ийн гол үүрэг бол мэдээж үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бид алхам алхмаар урагшилж, ажиллаж байна гэсэн үг. 


Бид улсын наадам, АСЕМ-ын уулзалт, "Рио 2016" олимп гээд олон, олон үйл ажиллагааг шууд дамжуулна

 "Монголын мэдээ" сувгийн захирал Ц.Мөнхтөр:

-"Монголын мэдээ" суваг HD формат руу шилжлээ. Энэ бол телевизийн түүхэнд бас нэгэн шат ахисан ажил болов уу? 

-МҮОНРТ бол хуулиар хүлээсэн Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах, танин мэдүүлэх ажиллагааг 49 жилийн турш хийж буй хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага. Өнгөрсөн жилүүдэд хүн төрөлхтний мэдээллийн хэрэгцээ асар хурдацтай өсч байна. Ийм нөхцөлд МҮОНТ нэг сувгаар иргэдийг танин мэдүүлээд, мэдээ гаргаад, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг явуулах боломж хязгаарлагдмал болсон. Яагаад гэвэл хүмүүст мэдээг цаг алдалгүй авах шаардлага үүсч байсан. Тийм учраас 2016 оноос эхлээд "Монголын мэдээ" агентлагийг бие даасан, төрөлжсөн суваг болгох шийдвэр гаргасан. Бид таван сар ажиллалаа. Энэ хугацаанд дэлхийн жишигт мэдээллийн суваг ямар байдаг, тэр жишиг рүү ойртох, өнгө төрхөө тодорхойлох, боловсон хүчнээ энэ нөхцөл байдалдаа зохицуулж ажиллуулах гээд олон ажлыг хийлээ. Энэ бүхэн боломжийн үр дүнтэй байсан гэж бодож байна.

Бидний хувьд хамгийн гол асуудал бол техникийн үзүүлэлтийг яаж дэлхийн жишигт хүргэх вэ гэдэг асуудал байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр давхар ажил хийсэн гэж хэлж болно. Нэгдүгээрт, мэдээ маш өндөр чанартай гаргах. Нөгөө талаас хүн төрөлхтөний спортын том үйл явдлуудыг дуу, дүрсний өндөр ялгаралтайгаар дэлхийн жишигт  дамжуулах шаардлага байсан. Ингээд манай удирдлагууд ярьж байгаад хүн төрөлхтний нэг номерийн спорт гэдэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж эхэлсэн.


Энд харин тэмцээнийг шууд дамжуулах телевиз нь HD байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс бид богино хугацаанд студиэ тоноглоод "Монголын мэдээ" суваг маань HD форматаар зургаадугаар сарын нэгнээс цацагдаж эхэлсэн. Энэ бол техникийн хувьд бол маш том ололт гэж хэлэх байна.

Одоо бид дөрөв хоногийн дараа хүн төрөлхтний хамгийн ихээр хүлээдэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулна. Дараагаар нь улсын наадам, АСЕМ-ын уулзалт, "Рио 2016" олимпийн наадам гээд олон, олон үйл ажиллагааг шууд дамжуулна.

Нэмж мэдээлэхэд, тоон технологи гэдэг нь хоёр төрлөөр дамжуулагдах өргөн зурвасын мэдээлэл бөгөөд телевизийн сувгийг 576 пиксель нягтралаар дамжуулах дижитал болон өндөр нягтралын 1080 пикселээр дамжуулдаг HD технологи юм. HD сувгуудын тухай илүү дэлгэрэнгүй ойлголттой болохын тулд HD форматын тухай тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. HD гэдэг нь High-definition гэдэг үгийн товчлол бөгөөд 1930 оноос хойш энэ нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь телевизийн нэвтрүүлгийг олон өнгөний ялгарал, тод тунгалаг дүрс, өндөр чанарын dolby surround дуугаралттайгаар хүргэх боломжийг олгодог дэвшилтэт систем.
 

HD формат гэдэг нь нэг сая өнгөний ялгарлыг харуулах боломжтой ба 1080 нягтралтайгаар дүрсийг үзүүлэх бөгөөд 5.1 давтамж бүхий “амьд” дуугаралттайгаар нэвтрүүлгийг хүргэдэг. Энэ нь одоогийн бидний үзэж буй 480 нягтралын SD форматын нэвтрүүлгүүдийн дуу, дүрсийг бодвол 5 дахин илүү өндөр чанартай байна гэсэн үг юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш