logo
Сонгуулиар ухаантай үнэмлэх тараана

Сонгуулиар ухаантай үнэмлэх тараана

2011/10/20
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Гэхдээ УИХ дахь намын бүлгүүдийн санал нэгдээгүй байгаа сонгуулийн тогтолцоо, квот зэрэг “эмзэг” асуудлаас энэ удаа тойрч гишүүдээс гаргасан саналын томъёоллуудаар санал хураалт болов. 2012 оны сонгуулийг урьд өмнөх сонгуулиудын адил сонгогчдын 50 дээр нэмэх нэг хувийн ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцохоор болов. Эрх зүйн чадамжгүй, шүүхээр шийтгүүлэн ял эдэлж буй хүний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон бол холбогдох байгууллагад мэдэгдэх, сонгогчийн мэдээлэл түүний иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрвөл иргэний бүртгэлийн холбогдох ажилтанд мэдээлэх зэрэг зүйл заалтыг Сонгуулийн хуульд тусгахаар болжээ. УИХ-ын гишүүн  Д.Одхүү “сонгогчийн баримтад нэг үсэг зөрсөн төдийгөөс болж сонгох эрхийг нь хасдаг явдлыг болиулж, хурууны хээгээр санал өгүүлэх, нэр зөрөхгүй бол санал өгөх эрх олгох ёстой хэмээх саналыг гаргасан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “сум бүрт 70-80 хүн иргэний бичиг баримтын зөрчлөөс болж 21 мянган төгрөгөө авч чадахгүй байгаа. Энэ нь санал өгөхөд ч нөлөөлнө. Мэдээж хэрэг хувь хүний буруу байх тохиолдол байдаг ч бас буруугүй байх тохиолдол бий” гэв. Харин ирэх сонгуулиас өмнө монгол улс иргэдээ ухаантай иргэний үнэмлэхээр хангах тул ирэх сонгуульд сонгогчийн үнэмлэх гэдэг зүйл байхгүй болох юм байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн танилцуулснаар ирэх 12-р сард ухаантай үнэмлэх хэвлэх хоёр машин оруулж ирээд нэгэн зэрэг ажиллуулах гэнэ. Тэрхүү ухаантай үнэмлэхний өөрийн үндсэн өртөг нь 10 мянган төгрөг дээр тэмдэгтийн хураамжийн 3300 орчим төгрөг нэмэгдэх гэнэ. Харин тэмдэгтийн хураамжийг чөлөөлж, 10 мянган төгрөгийг төсөвт суулгаж өгөхөөр шийдээд байгаа юм байна. Ингэснээр иргэд ухаантай үнэмлэхийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой болох гэнэ. Сонгуулийн хуулийн төслийг байнгын хорооны дараагийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. Үүний дараа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Э.Гэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш