УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар эрхэм гишүүн Л.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Оруулах нэмэлт өөрчлөлтийн гол утга санаа нь 2000 оноос өмнө цэргийн тэтгэвэрт гарагсдад нэг удаагийн тэтгэмж нөхөн олгох тухай юм байна. Цэргийн албан хаагчийн тэтгэврээ 1995 оноос өмнө тогтоолгосон иргэдэд тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, түүнд 4992 хүн хамрагдан төсвөөс 4,992 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан эрчүүд, 20-иос доошгүй жил цэргийн алба хаасан эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог болсон байна. Мөн цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаар юм уу, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан бол 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог ажээ. Харин 2000 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагч 5165 хүн энэ заалтад хамрагдаагүй байна. Тиймээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсардаж үлдсэн тэдгээр хүмүүсийг тэтгэмжид хамруулах талаар тусгаж өгчээ. Дээрх 5165 хүнд нэг удаагийн тэтгэмж олгоход 14 орчим тэрбум төгрөг төсвөөс гарах тооцоог төсөл санаачлагчид гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Арвин асуудал дэндүү сунжирч дөрвөн жил болж байгаа тул ажлын хэсэг гаргаж шуурхайлах шаардлагатай байгааг хэлж, гишүүд дэмжлээ. Ингээд гишүүн С.Эрдэнэ, Ц.Батбаяр, Х.Бадамсүрэн, А.Тлейхан, Ц.Дашдорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж хуралдаан өндөрлөв.
Э.Гэрэл
Э.Гэрэл