logo
Б.ЭНХБАТ: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх асуудал нь гагцхүү үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх учиртай

Б.ЭНХБАТ: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх асуудал нь гагцхүү үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх учиртай

2011/10/21
Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д тавьж шийдвэрлүүлэх гэж байгаа талаар ярилцах боллоо. Энэ нь хууль зүйн хувьд хэрхэн зохицуулагддаг талаар хуульч, Б.Энхбаттай уулзаж тайлбар авлаа.
-Ерөнхий сайдыг огцруулах талаар УИХ-ын зарим гишүүн УИХ-д санал тавих тухай ярих боллоо. Энэ талаар санал гаргаж байгаа гишүүд УИХ-ын тухай хуульд заасны дагуу 19 гишүүн хүрэхгүй ч гэсэн УИХ-ын гишүүнийхээ хувьд томилсон албан тушаалтнаа огцруулах санал гаргах эрхтэй гэж хэлж байна. Энэ асуудлыг Та хуульч хүнийхээ хувьд юу гэж үзэж байна вэ? 
-УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т зааснаар УИХ-ын гишүүн нь УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах эрхтэй бөгөөд УИХ нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх, огцруулах эрхтэй байдаг. Гэвч нөгөө талаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, нас нөгчсөн тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно хэмээн Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааж өгсөн байдаг. Энд зааснаар бол Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайд өөрөө огцрох болон чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлсэн эсхүл ЗГ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн хоёр тохиолдолд үүсч байна.
Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, огцрох хуулийн үндэслэлийг заасан байдаг бөгөөд үүнээс харвал Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болон ЗГ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-т заасан үндэслэлээр өөрөө огцрох хүсэлтээ УИХ-д тавиагүй цагт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрийн санаачилгаар авч хэлэлцэх боломжгүй байгаа юм. Мөн Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” хэмээн заасан тул Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах асуудал байж болохгүй болж байгаа юм.
-Тэгэхээр энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх эрхгүй, өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд ерөөсөө энэ талаар санал гаргах боломжгүй гэсэн үг үү?
-Үндсэн хууль болон бусад хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ өөрийн санаачилгаар авч хэлэлцэх талаар ямар ч зохицуулалт байхгүй байгаа бөгөөд “Үндсэн хуульд зааснаас бусдыг хориглоно” гэсэн нийтийн эрх зүйн  зарчим төрд үйлчлэх учиртай.  Тиймээс Ерөнхий сайд ЗГ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон нөхцөлд “албан тушаалаасаа буюу ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ” огцрох хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлснээс бусад тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах талаар хэлэлцэх эрхгүй байна.  Хэдийгээр УИХ-ын гишүүнд “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах” эрх бий боловч түүнийг УИХ авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй байгаад байгаа юм.  УИХ Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах асуудлыг хэлэлцэх эрх хэмжээг Үндсэн хууль, бусад хуулиар олгоогүй бөгөөд  зөвхөн Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдол л түүнийг УИХ хэлэлцэж, энэ тохиолдолд Засгийн газар дараагийн Ерөнхий сайд томилогдтол  үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааж өгсөн байна. 
УИХ нь өөрийн санаачилгаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж болох боловч энэ нь Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал  хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу УИХ-ын 19-ээс доошгүй гишүүдийн саналаар ЗГ-ыг огцруулах асуудлыг авч хэлэлцэх боломжтойгоос бус Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг авч хэлэлцэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна л даа. Энэ нь магадгүй тэргүүн/толгой/-гүй бие үгүй гэдэг шиг Ерөнхий сайдгүй Засгийн газар гэж байхгүй гэдэг утгаар гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдал, дархлааг бусад хууль тогтоох, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдлээс хараат бус байлгах зорилгоор анх Үндсэн хуулийг батлахдаа бодлогоор тусгаж өгсөн Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой юм аа. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг Үндсэн хуулиас гадуур, түүний үзэл баримтлалыг гажуудуулж шийдвэрлэх боломжгүй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш