logo
Баялгийн хараалаас зайлсхийх боломж байна

Баялгийн хараалаас зайлсхийх боломж байна

2011/10/21
“Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал Гадаад харилцааны яаманд өчигдөр эхэллээ. Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохион байгуулж байгаа энэ хурлаар байгалийн баялгийг зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, өөр хоорондоо туршлага солилцох, энэ чиглэлд хандивлагч орнуудын дэмжлэг, туслалцаа авах талаар хэлэлцэж байна. Хуралд Ерөнхий сайд С.Батболд оролцон улс төр, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын зарим нь хөгжиж, зарим нь улам уруудаж байгаа нь засаглалтай холбоотой. Иймээс баялгийн хараал тусахгүйн тулд засаглалаа сайжруулж, ил тод, хариуцлагатай байх, хуулиа мөрдөж, бүх салбарт шинэ стандарт, хэм хэмжээг нэвтрүүлэн, төрийн албанд байгаа хүнд суртал, авлига зэргийг устгах ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.
Бага хуралд байгалийн баялаг ихтэй 17 орны төлөөлөл оролцож, хуримтлуулсан туршлага, авсан сургамж зэргээ хуваалцаж байна. Оролцогчдын ярьснаас үзвэл Норвеги, Канад, Австрали, Ботсвана, Чили зэрэг улс байгалийн баялгаа оновчтой ашиглаж хүний хөгжлийнхөө түвшинг дээшлүүлж чаджээ. Манайхтай адил далайд гарцгүй Ботсвана Улс эрдэнийн чулуу олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд баялгаа хөгжил дэвшил болгосон байна. 20-р зууны эхэнд Европын хамгийн ядуу орны нэг байсан Норвеги одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэлхийн хүний хөгжлийн индексийг тэргүүлж байна. Гэхдээ зөв бодлого барихгүй бол байгалийн хараалд өртдөг, байгалийн баялгаас орох орлого нь тасардаг тухай ч яригдлаа. Тухайлбал  Өмнөд Номхон далайн Науру Улс фосфатаа экспортолж, 1960-1970-аад оны үед  нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд хоёрдугаар байрт орж байжээ. Харин өнөөдөр ордоо ашиглаж дууссанаар орлого нь тасарч, иргэд нь фосфатын уурхай байсан хаягдмал газрыг тойрч амьдардаг, байгаль, экологи нь ч сүйдсэн  байна. 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд эрдэс, түүхий эдийн үнэ 2004-2008 онд өндөр байснаас  орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ бэлэн мөнгө тарааж, цалин нэмсэн нь  инфляц өсөх сөрөг үр дагаварт хүргэж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа энэ нөхцөлд зөв  бодлого барихгүй бол дунд ба хэтийн хугацаанд “Голланд өвчинд”  өртөх эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй” гэж санууллаа.
Индонез, Малайз зэрэг газрын тос экспортлогч орон хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, улс орноо аж үйлдвэржүүлсэн нь баялгийн хараалаас зайлсхийх үр дүнтэй аргад тооцогдож байна. Эдгээр салбар өрсөлдөх чадвартай болсноор хямрал, үнийн огцом хэлбэлзэлд тэсвэртэй эдийн засаг бий болох нөхцөл бүрдсэн тухай хурлын үеэр яригдаж байлаа.   
 “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр өндөрлөнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш