logo
 Ерөнхий сайдыг уул уурхайн талд ашиг сонирхлын шууд зөрчилтэй гэж үзэн огцруулах бичиг өргөн барив

Ерөнхий сайдыг уул уурхайн талд ашиг сонирхлын шууд зөрчилтэй гэж үзэн огцруулах бичиг өргөн барив

2011/10/21
57-р тогтоолоор овоглосон нэр бүхий 20 гишүүний толгойлогчид, тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр, Ц.Шинэбаяр нар Засгийг огцруулахаар сэтгэл шулуудан, гар халийнхөө үсгийг зураад УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барихаар төлөвлөжээ. Гэтэл Д.Дэмбэрэл дарга УИХ-ын чуулганы хуралдааныг даргалж байгаа учир хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлээд дэд дарга Г.Батхүүд өргөн барь хэмээжээ. Гэтэл Г.Батхүү нь өрөөндөө ч байхгүй чуулганы танхимд ч байхгүйгээс эрхэм гишүүд мухардсан гэнэ. Тэгээд их хурлын даргад дахин хандахад тэрээр чуулганы танхимд байсан бас нэг дэд даргыгаа “очоод гишүүдийн саналыг хүлээж ав” гэсэн боловч Н.Энхболд “Үгүй” гээд гэж гүрийгээд гарч ирж авсангүй. Ийнхүү муур хулгануудын хөөцөлдөөн шиг байдалд орсон гишүүд чуулганы танхимд ороод албан ёсоор УИХ-ын даргад бичгээ гардуулна хэмээн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг уншин сонсголоо. Харин УИХ-ын дарга бичгийг сонсоод УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэнг хүлээн авч танилцахыг үүрэг болгов.
Ерөнхий сайд С. Батболдыг огцруулах санал тавих тухай бичигт “УИХ-ын нэр бүхий гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12 дахь заалтыг тус тус баримтлан доорхи үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлж байна.
Монгол Улсын Их Хурал 2008 оны 12-р сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зарчим, удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосон билээ. Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 40 дүгээр, 57 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд бид Засгийн газарт удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Мөн УИХ-ын дээрх тогтоолын зарим заалтыг хангах талаар 2011 оны 1-р сарын 19-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр тоот тогтоол гаргаж, УИХ-ын 2011 оны Хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Д. Дэмбэрэл 57-р тогтоолын хэрэгжилтийг хангах талаар онцлон тэмдэглэж хэлсэн ч өнөөдөр тогтоолын хэрэгжилтэд ямар нэгэн тодорхой ахиц гарсангүй. Энэ нь Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хүсэл сонирхол байхгүй, сайжруулах чадамжгүй гэдгийг нотолж байна. Тухайлбал, Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахыг шаардсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хууль ёсны шаардлагад Засгийн газрын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2011 оны 9-р сарын 29-ний ХЭГ/1818 тоот албан бичгээр ирүүлсэн хариулт, мөн 2011 оны 10-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, Рио Тинто компанитай хамтарсан мэдэгдэл гаргасан нь үүнийг давхар баталгаажуулж  байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг хэрэгжүүлээгүй, улмаар зөрчсөн гэж бид үзэж байна. Мөн Ерөнхий сайд С. Батболд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, мөн зүйлийн 4-т заасныг зөрчин, Засгийн газар хамтын шийдвэр гаргаагүй байхад 2011 оны 10-р сарын 6-ны өдөр Айвенхоу Майнз, Рио Тинто компанитай хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд уг мэдэгдлийн 2-д “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” хэмээн олон нийтэд мэдэгдлээ. Энэ нь монгол түмний үндэсний эрх ашигт харшилсан, төрийн хууль дээдлэх зарчмыг умартсан, төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан мэдэгдэл гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын энэ ёс зүйгүй үйлдэл нь уул уурхайн асуудалтай ашиг сонирхлын шууд зөрчилтэй, түүнд цаашид итгэл үзүүлэх эсэх талаар УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсгэлээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 38.1-д заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Бичгийн УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн хүлээн авч албан хэрэгт бүртгэхээр болсон юм.
Э.Гэрэл
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш