logo
Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа

2016/07/22

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэж үг  хэлэхдээ :

“Эрхэм хүндэт генерал, цагдаагийн комиссар, офицер, ахлагч нар аа,  Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Та бүхэнд Цагдаагийн байгууллагын  түүхт 95 жилийн ойн халуун баяр хүргэж  мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах чиг үүргээ  нэр төртэй биелүүлж  ирсэн гавьяаг нь үнэлж, түүхт  95 жилийн  ойг нь тохиолдуулан Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол  төрийн өндөр дээд  энэ шагнал бол “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр  тулгын  чулуугаа  тавьсан Монголын цагдаагийн байгууллагын түүхийг  бүтээлцсэн үе үеийн ахмад ажилтнууд болон одоо ажиллаж байгаа нийт албан хаагчдын  хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаг  өндөр үнэлж буйн тодоос тод илэрхийлэл  юм.  Мөн цагдаагийн байгууллагын цаашид хийж бүтээх ажилд нь урам зориг өгсөн өндөр дээд шагнал гэж ойлгох хэрэгтэй.

Юуны урьд Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүн  Ази-Европын буюу АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг Улаанбаатар хотод амжиллтай  зохион байгуулахад  хүлээсэн  үүргээ  бүх  түвшинд найдвартай биелүүлж, Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгахад чухал хувь нэмэр оруулсанд та бүхэнд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Түүхэн ой бол өнгөрснөө дүгнэх, ирээдүйн зорилтоо  тодорхойлох сайхан торгон агшин байдаг.

Өнөөдөр дэлхий даяаршиж байна. Монгол эх орны маань нэр сайнаар дуудагдах уу, саараар дуудагдах уу гэдэг асуудал хамгийн түрүүнд нийгмийн дэг журам сахиулж яваа, замын голоор алхаж яваа, гэмт хэрэгтэй амь өрсөн тэмцэж яваа таны, та нарын зан харьцаа, биеэ авч явах байдал, мэргэжлийн ур чадвараас ихэээн шалтгаална. Цагдаа нь иргэнээ, иргэдийн эрх ашгийг найдвартай хамгаалдаг, иргэн нь цагдаадаа бүрэн итгэдэг, ханддаг, ажил албыг нь хүндэтгэдэг  итгэлцлийн холбоос тогтсон тийм нийгэм л урагшлан хөгжинө. 

Монголын цагдаа бол аль нэг намд биш, аль нэг явцуу бүлэглэлд биш, хувь хүнд бүр ч биш, гагцхүү хуульд, нийт үндэсний эрх ашигт захирагдаж, нийгмийн дэг журмыг чанд хангах замаар ард иргэд, бизнес эрхлэгчдийг амар тайван аж төрж,  ажил хөдөлмөрөө эрхлэх, баялаг бүтээх,  хөгжин дэвжих боломжийг нийт Монголын нийгэмд олгодог гавьяатай, үүрэгтэй хүмүүс. Ийм  учраас  та  бүхэн өөрсдийгөө баялаг бүтээгчид, тэдний нэг хэсэг, нэг багийн гишүүд гэж ойлговол зохино.

Хөгжил дэвшлийг их том бүтээн байгуулалт, мега төслөөр төсөөлөх шаардлагагүй. Хөгжил дэвшил гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаа, харилцааны соёлоос эхэлдэг. Цагдаагийн алба, үйлчилгээ бол хөгжлийн хүчин зүйл гэдгийг энгийн жишээн дээр ярихыг би хүсч байна.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд замын хөдөлгөөнд оролцохдоо сандарч, мэгдэж  ялихгүй жижиг зөрчил гаргасны төлөө зарим тохиолдолд торголгүйгээр сануулаад өнгөрөх нь бий. Аль эсвэл будилсан төөрсөнд нь замыг нь сайхан заагаад, бүр гэрт нь хүргээд өгөх нь ч бий. Энэ тохиолдолд тэр жолооч, зорчигч, гадаадын иргэн, жуулчин Улаанбаатар хотын талаар болон замын цагдаагийн талаар эерэг сэтгэгдэлтэй үлддэг, нутагтаа очоод Улаанбаатарын сайхан ааштай, соёлтой цагдаагийн талаар олон хүнд ярина, бичнэ, олон нийтийн сүлжээнд постолно.

Харин эсрэгээр зарим аймаг орон нутгийн цагдаа нар тухайн орон нутгаар дайран өнгөрч буй жолооч, иргэдийг ялих ялихгүй шалтгаанаар далимдуулан торгох, цаг уях тохиолдол гардгийг би ажигласан. Үүнээс үүдэн замд гарахдаа хүмүүс тухайн газрыг тойрон гарах, эсвэл зогсолгүй өнгөрөхөөр замаажлаа төлөвлөх тохиолдол ажиглагддаг.

Тэглээ гээд юу болох билээ гэж та бодож байж магадгүй. Их юм болно.

Энэ мэт жижиг асуудлаас болоод тухайн аймаг, аймгийн иргэдийн олох боломжтой байсан орлого тухайн аймаг, иргэдэд орохгүйгээр өнгөрөөд явна.  Бензин шатахуун, зочид буудал, хоолны газар, дэлгүүр хоршооны орлого нэмэгдэхгүй. Тэр хэмжээгээр тухайн аймгийн иргэдийн орлого, цаашилбал, амьжиргаа нь дээрдэхгүй гэсэн үг.  Тэр аймагт нийгмийн асуудал хүндэрнэ. Хөгжил нь хоцрогдоно.  Цаашилбал нүүдэл суудал нүүрлэдэг. Жижиг асуудал нийгмийн том асуудал болдгийн нэг жишээ энэ юм.  Ийм учраас та бүхэн бодлого, үйл ажиллагаа гэсэн томи зорилтоосоо гадна өдөр тутмын хандлага, харилцаа гэх мэт өчүүхэн зүйлийг өөрчлөхөд их олон зүйл өөрчлөгдөнө шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Үгийнхээ төгсгөлд хэлэхэд Цагдаагийн ажил алба гэдэг бол шинэ шинэ сорилт, шалгууртай байнга, өдөр тутам  нүүр тулж байдаг, хэн бүхний хийж чадах хялбар ажил биш гэдгийг би сайн мэднэ. Гагцхүү иргэний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л ажил алба нь бүтдэг  учраас  та бүхний шударга  ариун  үйл хэргээр  ямагт бахархаж явдгаа энэ дашрамд цохон тэмдэглэхийг хүсч байна.

Түүхт ойн баяраа тэмдэглэж буй цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг өндөрт өргөж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Их баярлалаа” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш