ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.
Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бид дөнгөж сая Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойнууд давхацсан 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ШШГЕГ-ыг төрийн дээд одон-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо.
Та бүхэн цэргийн албан хаагч учир эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэддээ шуурхай, шударга үйлчлэх, тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хариуцлагаа бүрэн ухамсарлан, албан үүргээ гүйцэтгэх болон техник, технологийн дэвшлийг ашиглах өндөр мэдлэг чадвартай байж, хууль эрх зүйн шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.
Түүхт ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтсан танай нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.