УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 19 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалав. УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.