УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 57 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулсан юм.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулаад Улсын Их Хуралд дөрөв дэх удаагаа сонгогдоод буй туршлагатай парламентч Д.Тэрбишдагва нь тус байнгын хороог чадварлагаар удирдана гэж үзэн намын бүлгээс ийн шийдвэрлэсэн гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн 80 хувь нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.