Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын талаархи танилцуулгыг УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Батзориг, Х.Болорчулуун нар нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар тус байнгын хорооны даргаар уул уурхайн бизнес эрхэлдэг хүнийг нэр дэвшүүлэхээс илүүтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар мэргэшсэн хүн сонгох нь илүү зохистой гэдгийг хэлж нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг сонгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.