logo
А.Хаянхярваа: “Багшдаа алгадуулсан хүний барцад арилдаг гэж баярладаг”

А.Хаянхярваа: “Багшдаа алгадуулсан хүний барцад арилдаг гэж баярладаг”

2011/10/26
“Номин талст” хамтлагийн дуучин, залуу бизнесмэн А.Хаянхярваатай дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна. Тэрээр хамтлагийнхаа 15 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байгаа, 650-ийн сүлжээнд хулхидуулсан уу, Осгонбаяр хувилгаантай ямар сэжмээр холбогдсон гээд олон асуултад сонирхолтой хариулт өглөө.
-Хамтлагийнхаа уран бүтээлийг завсардуулсан нь хамгийн харамсалтай зүйл-
-Тантай ярилцах гэхээр би юу ярих билээ гэх болжээ. Өөрийгөө сонирхол татах хүн биш гэж боддог болсон хэрэг үү?
-Тэгж бодсон юм байхгүй л дээ. Гэхдээ хүн хийсэн юмтай, хэлэх үгтэй болсон цагтаа ийм юм хийчихлээ гэж өөрийгөө таниулах нь зөв байх. Гэтэл уран бүтээл юу ч хийгээгүй байж намайг сонирхоорой гэж хэлэх нь утгагүй.
-Тэгвэл А.Хаянхярваа уран бүтээлээс бусад хийж буй ажил, бизнесээ ажилд тооцдоггүй хэрэг үү?
-Тийм биш л дээ. Ерөнхийдөө 90-ээд оны сүүлээр гарч ирсэн Номин талст, Камертон зэрэг хамтлаг, уран бүтээлчид одоо юу хийж байгааг хүмүүс их сонирхдог гэдгийг би мэддэг. Гэхдээ миний хувьд хий онгиргон зан хэрэггүй гэж боддог.
-Тухайлбал, та хэнийг хэлээд байна?
-Нэр оноож хэлээд байх шаардлага байхгүй. Тэр хүмүүс өөрсдийгөө мэддэг биз дээ.
-Тэгвэл шинэ уран бүтээл хийх гэж байгаа юу. Нэлээд завсарлалаа шүү?
-Он гараад Номин талст хамтлагийн 15 жилийн ой тохионо. Бид хамтлагийнхаа ойг тохиолдуулаад уран бүтээл хийх олон янзын төлөвлөгөө боловсруулчихаад уулзаад явж байна. Ер нь бол урлагаасаа хөндийрсөн гэж хэлж болохгүй. Ар гэрээ авч явах гээд амьдралын ачаа хоёр, гурав дахин нэмэгдчихсэн байдаг учраас дан дуулаад яваад байж болдоггүй.
-Хамтлагийн 15 жилийн ойн баярын төлөвлөгөөнөөс сонирхуулаач?
-Бид угаасаа час хийсэн хамтлаг байсан. Тэр ч утгаараа ард түмэндээ таалагддаг дуунуудаа сэргээж  хүргэхээс гадна хамтарч шинэ цомог гаргах бодолтой байна. Хоёр, гурван бүрэн хэмжээний шоу тоглолт хийнэ. “Ээждээ” цомгийнхоо тоглолтыг 15 жилийнхээ ойн баярын хүрээнд ирэх оны 3 сарын 8-нд дахин тоглохыг бид зорьж байна. Түүнчлэн залуучууддаа зориулсан томоохон тоглолтыг Төв цэнгэлдэх хзрээлэнд хийх бодол байна. Магадгүй бид гадны уран бүтээлчидтэй хамтарч тоглож ч болох байх. Гэх мэт төлөвлөж, сэтгэж, байгаа зүйлүүд олон байна. Хэдийгээр бид “Номин талст” гэдэг нэг малгайн дор тус тусдаа ажил амьдралаа хөөж байгаа ч ойн баяраараа нэг малгайн дор нэг хүн шиг хамтарч, час хийсэн хамтлаг гэдгээ дахин харуулахыг зорьж байна. 
-10 жилийн ойн тоглолтоо санаж байна уу?
-Саналгүй яах вэ. Өчигдөрхөн мэт санагдаж байгаа ч хэдийнэ таван жил өнгөрсөн байна. Тухайн үед сэтгэлд хүрсэн, сайн тоглолт болсон, уур амьсгал ч сайхан байсан. Ер нь тоглолтын амин чухал зүйл бол сайн уран бүтээлээс гадна уур амьсгал. Бидний тоглолтыг үзэж байсан найз нөхөд, залуучууд маань бид бүхнийг хамтраад уран бүтээл хийгээсэй, битгий тарчихаасай гэдгээ байнга илэрхийлдэг. 
-Өнгөрсөн цаг дээр яриад байхаар “үгүй болооч”-ыг дурсаж байгаа юм шиг санагдаж байна?
-Яалаа гэж дээ. Энэ хугацаанд манай Дээгий уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн. Сүхээ маань ч гэсэн уран бүтээлээ таслаагүй. Миний хувьд жилд нэг, хоёр дуу, ихэвчлэн захиалгын чанартай, кино жүжгийн дуу хийж байсан. Ер нь 15 жилийнхээ ойгоор бие даасан цомгоо гаргая гэж төлөвлөж байсан ч бизнесийн ажил, амьдралын шалтгаанаар амжаагүй явна.
-Т.Дэлгэрмөрөн зарим хүний амьдралд тохиолддог эрээн барааныг туулаад өнгөрлөө. Хамтлагийн гишүүн, найзын хувьд хэрхэн хүлээж авч байв?
-Мэдээж харамсалтай л байсан. Би гэхдээ үүнийг хүний хувь заяа л гэж ойлгодог. Дээгий маань тэр газраар ороод гарах ёстой байсан юм байлгүй гэж боддог. Тэглээ гээд Дээгийд маань зан ааш эвдэрсэн зүйл огт байхгүй. Бид ч хэд хэдэн удаа эргэж очиж байсан. Тэнд байхдаа уран бүтээлийн шинэ санаа, оноогоо сэдэж олсон. Түүнийгээ ч уран бүтээл болгон хэрэгжүүлж байгаад нь бахархаж явдаг.
-Хамтлаг гэдэг бол тухайн хүний хүмүүжил, нөлөөлөл авах том орчин. Тэр утгаараа Дээгийгийн алдаа оноонд хамтлагийн нөлөө хэр байсан бол?
-Энэ бол хувь хүний өөрийнх нь асуудад шүү дээ. Бид Дээгийдээ муугаар нөлөөлсөн зүйл байхгүй гэж боддог. Нэг хамтлаг л юм чинь хоорондоо ярилцана, зөвлөлдөнө. Ийм тийм юм болно болохгүй гэж ярилцдаг байсан. Хувь хүний хувь заяаг бид өөрчлөнө, таамаглана гэж байхгүй.
-Тэгвэл Т.Дэлгэрмөрөнг чанартай уран бүтээл гаргаад явж байгаад атаархах сэтгэл төрдөг үү. Нэг хамтлаг гэх боловч бие даасан уран бүтээлчдийн хувьд өрсөлдөгч болж харагдана гэдэг утгаар асууж байна?
-Тийм зүйл ёстой байхгүй ээ. Хамтлагийнхаа нэрийг гаргаад дуулаад явж байгаад нь харин ч баярладаг. Тэр бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог. Би жилд нэг хоёр дуу гаргадаг бол Хаазаа маань нэг ч дуу гаргаагүй байх жишээтэй. Хаазаа бид хоёр бизнесийн хувьд холбогддог, хааяа уулзахдаа энэ хоёр маань дуу дуулж байгаад их зөв шүү, Номин талст хамтлаг амьд байгаа шүү гэдгийг энэ хоёр маань мэдрүүлж чадаж байна гэж бахархаж байгаа.
-Номин талст хамтлагийнхаа өнгөрсөн үеийг өнөөдрийн байр сууринаас харахад тэр зүйлд л алдаж дээ гэх зүйл байдаг уу?
-Өнөөдрөөс ирээдүй рүү харахад “яасан ч өндөр юм бэ дээ. Ямар ч байсан оройд нь хүрнэ дээ” гэх тэмүүлэл төрдөг. Харин өнөөдрөөс өнгөрсөн рүү харахад хамтлагийнхаа уран бүтээлийг завсардуулсан нь хамгийн харамсалтай зүйл санагддаг. Биднийг нэгтгэж, амьдралын маань гарааг эхлүүлж өдий зэрэгтэй явуулж байгаа ганц зүйл бол “Номин талст” хамтлаг гэдэг нэр юм. Уран бүтээлээ хийгээд явсан бол илүү амжилтанд хүрэх боломж байсан байх. Гэхдээ одоо оройтоогүй. Бидэнд хийх зүйл их байна.
-Сүүлийн үед рок попын дуучид кинонд тоглодог болжээ. Өөрт тань санал хэр ирж байна?
-Ер нь бол санал тавьсан. Сүшиг бишрэлээсээ болоод ч тэр үү бүтээх дүрүүдийн хувь тавилан нь таалагдахгүйгээс хүлээж аваагүй. Жишээ нь  нэг студийн киноны саналд “шороонд дарагдаж үхдэг нинжа”-гийн дүр байсан. Гадаад явж байхад бас нэг санал ирсэн. Уулзаж амжаагүй өнгөрсөн. Ер нь бол санал ирээгүй юм байна, моданаас гарчихаж, тэрийгээ далдлахын тулд ингэж ярьж байна гэж бодох хүмүүс гарах л байх. Үнэндээ бол надад гурван ч киноны санал ирсэн. 
-Ямар санал ирвэл хүлээгээд авчихмаар байна? 
-Тэр тал дээр нэг их санаа зовдоггүй. Манай найзын компани хамгийн сүүлийн үеийн тоноглолтой киностудитэй болж байгаа. Олигтой санал ирэхгүй бол өөрсдөө ч кино хийчих боломжтой. Энэ тал дээр нэг их хямраад байх шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ бусад уран бүтээлчдэдээ санал тавьж болох юм.
Би сонгуулиар нэг их мөнгө зарцуулна гэж бодохгүй байгаа
-Сүүлийн үед дуучин дуучнаа, жүжигчин жүжигчнээ, улс төрч нь улстөрчөө хийе гэдэг санаа ихээхэн гарах болж. Үүнтэй санал нийлдэг үү?
- Үгүй. Санал нэгдэхгүй. Манай Монголчуудын баригдмал ойлголт ийм болохоос биш дэлхий дахинд ямар ч урлаг, спортын зүтгэлтэн улс төрч болсон жишээ байдаг. Урлагийнхан гэхээр улстөр ойлгодоггүй, тэнэг хүмүүс биш шүү дээ. Харин ч урлагийнхан ард түмнээ дагуулж, нэг алхмын түрүүнд байж чаддаг онцлогтой.
-Өөрийг чинь улстөрд эргэлт буцалтгүй орлоо гэж шуугиж байсан. Сүүлийн үед арай саармагжаад байх шиг?
-Миний хувьд заавал нэр дэвшиж улсын их хурлын гишүүн болно гээд зүтгэчихсэн юм байхгүй. Гэхдээ залуу хүний хувьд яагаад болохгүй гэж. Би залуу хүн эх орон, ард түмнийхээ төлөө залуучуудтайгаа нэгдээд дуу хоолойгоо хүргэж болохгүй гэж гэсэн бодол байдаг. Тийм учраас өөрийнхөө сурсан, мэдсэнээ, өөрийн дотор байдаг зүйлээ эх орондоо хэрэгтэйгээр ашиглаж болох юм гэдэг үүднээс Нийгмийн ардчилал залуучуудын холбоонд гишүүнээр элсээд хамтарч ажиллаад явж байна.
-Сайн улс төрч гэдэг бол мэдлэг чадвар, ухамсарын дээд хэлбэрийг агуулсан хүн байх ёстой гэдэг. Та өөрийгөө сайн улс төрч болгоход хэрхэн бэлдэж байна?
-Хүний сонгох, сонгогдох эрх монгол хүн бүрийн хувьд хуулиараа олгогдсон байдаг. Би улстөрч болно гээд зүтгэчихэд л болчихдог зүйл биш. Гэхдээ манай сонгогчдын боловсрол дутмаг байгаагаас зарим нэг улстөрчдийг буруу сонгосон байдаг юм болов уу гэж боддог. Бүх улс төрчдийг хавтгайруулан муу гэж ойлгож болохгүй л дээ. Миний өөрийн боддог нэг зарчим байдаг. Бизнесийнхэн тусдаа нэг парламенттай байх ёстой. Минийхээр бол энэ МҮХАҮТ. Тэд өөрсдөө хуралдаад их хуралд хуулийн төслөө оруулдаг байх хэрэгтэй. Харин улстөрчид бол тусдаа төрийн бодлогоо зангидаж, ард түмэндээ хэрэгтэй шийдвэрийг гаргаж байх хэрэгтэй гэж боддог. Манай улсад  хүний эрх эрх чөлөө, ардчилал хөгжлөө гээд дэндүү замбараагүй болчихоод байна. Жишээ нь манай нийслэлд хүн амынх 50 хувь нь амьдардаг гэхэд ямар ч хот төлөвлөлт, зохион байгуулалт байхгүй, асгасан тоосго шиг л харагдах болж. Хамгийн ойрын жишээ энэ шүү дээ. Төрийн байгууллагууд ч ажлын уялдаа холбоо байхгүй харагддаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө хэрэгтэй ч зарим нэг зүйл дээр төрийн хатуу бодлого хэрэгтэй гэж би үздэг. Тиймээс энэ бүхнийг цэгцлэхийн төлөө ажилладаг улс төрч болно гэж боддог, болох ч болно.
Би СУИС, Санхүү эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн, Удирдлагын академдид суралцаж байна. 2003 онд буюу харьцангуй залуугаараа улс төрд хөл тавьсан. Гурван сонгуулийн нүүр үзсэн. Энэ дундаас улс төр гэж юу юм, сонгууль гэж юу юм гэдэг талаар, ер нь юмны наадах цаадахыг мэддэг болсон гэж ойлгож байгаа.
-Ер нь бол улс төрд татагдах хангалттай шалтгаан байна гэсэн үг үү?
-Хангалттай. Ер нь хаалгаар гараад л мэдэрдэг гэх үү дээ. Би хийхгүй бол хэн хийхэв, бид өөрчлөхгүй юм бол хэн өөрчлөх ёстой билээ. 
-Манайхан гадаадад боловсрохыг илүүд үздэг болж. Монгол болвсрол эзэмшсэн хүний дутуу зүйл нь юу гэж та хэлэх вэ?
-Дутуу зүйл байхгүй. Гадаадад боловсрол эзэмшсэн хүн гэхээрээ л давуу тал болоод явчихдаг нь манай улсад л байдаг зүйл. Би гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсийг хүндэлдэг, ойлгодог, дэмждэг. Гэхдээ тэд нар нь хэтэрхий туйлшраад гаднын улс орны өндөр хөгжлийг ярьдаг, хэрэгжүүлэхийн төлөө байдаг ч улс орныхоо хөрсөн дээр ирээд буухаараа эсрэгээрээ болж хувирах нь ажиглагддаг. Гэхдээ яваандаа бугшаад байгаа зүйлүүд илааршиж, солигддоггүй дарга нар залууст халаагаа өгөөд ирэхээр улс орны амьдрал сайжрана гэж итгэдэг.
-Яагаад заавал Нийгмийн ардчилал залуучуудын холбоог сонгосон юм бэ?
-Би ганцаараа дугараад ч хаачихав дээ. Манай Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо олон мянган залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн, өргөн цар хүрээтэй. Би өөрийн санаа бодлыг илэрхийлэхэд түүнийг нь маш хурднаар түгээж, хүргэж чадах байгууллага.
-АН-д гэсэн Залуучуудын холбоо байдаг шүү дээ?
-Би өөрийн үзэл бодлоороо сонголт хийсэн. Би нийтийн эрх ашгийг өндөрт тавьдаг. Миний гэхээсээ илүү олон нийтээрээ сайхан байх ёстой. Хэн чадалтай нь дээшээ гарах биш бүгд тэгш байх ёстой гэдэг үзэл бодол маань Нийгмийн Ардчилал залуучуудын холбоог сонгоход хүргэсэн. 
-Уучлаарай. Тэгвэл АН-ын залуучуудын холбоо таны үзэл баримтлалын эсрэг байдаг гэх гээд байна уу?
-АН-ын залуучуудын холбоо ардчиллын төлөө нэртэй боловч үйл ажиллагаагаа тийм өргөн цар хүрээнд үр ашигтай явуулж чаддагүй байгууллага гэж би дүгнэдэг. Түүнээс бус би ардчиллыг дэмждэг, намууд ч ардчиллын төлөө байдаг шүү дээ. АН гэхээрээ л ардчиллыг өмчилж авчихаад байдаг зүйл биш.
-АН-ыг бодвол МАН залуучуудаа илүү дэмждэг нь ажиглагддаг. Та үүнийг мэдэрсэн учраас л МАН-ыг сонгосон байх гэх хар төрөөд байна?
-Онцгойрч чадах эсэх нь миний өөрийн хичээл зүтгэл, авьяас чадвараас шалтгаална. Би юу ч хийхгүй байхад хэн ч намайг дэмжихгүй шүү дээ. Нам гэдэг өөрөө үзэл баримтлалтай, дотоод ардчилалтай. Тухайн хүний суурь хүмүүжил, авьяас чадвар гээд олон зүйлийг нь харна. Түүнээс Хаянхярваа гэдэг дуучин овоо нэр хүндтэй юм чинь манай намд нэг суудал зулгаагаад ирнэ гэх юм байхгүй шүү дээ. Манай холбоо 35 хүртэлх насны залуучууд хамрагддаг. Гэтэл тэр үед “АПУ”-ын Г.Батхүү Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч байсан. Тэгэхээр нь хөгшин даргатай залуучуудын холбоо гэж ямар юм байдаг юм ярилцлага өгч байснаа санаж байна. Түүний дараахан нь тус байгууллагын  даргаар Л.Гантөмөр томилогдож байсан. Магадгүй миний ярьсан зүйл тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
-А.Хаянхярваагийн улс төрд “дуулах” цаг хугацаа, орон зай нь хэзээ вэ?
-Би нас залуу, цус шингэн байна. Хийж амжуулах зүйл их байна. Ард гэртээ санаа зовохооргүй хэмжээнд очих хэрэгтэй байна. Тэгээд нэг л өдөр миний цаг хугацаа, орон зай нээгдэх болно.
-Мэдээж сонгуульд зарцуулах мөнгөө бас олох хэрэгтэй байх?
-Би сонгуулиар нэг их мөнгө зарцуулна гэж бодохгүй байгаа. Зарцуулахгүйгээр болно гэж боддог. Би бол уул уурхайн бизнес эрхэлж байгаа гэж бардам хэлж чадна
-Бидний яриа нэлээд улс төржиж байх шиг. Бизнесийн салбарт хэрхэн зүтгэж байгааг чинь сонирхмоор байна?
-Манай монголчууд “юу хийж байна” гэхээр  бүгд л уул уурхай эрхэлж байна гэдэг болчихож. Уул уурхайн бизнес гэдэг дотор ондоо ойлголтууд бий. Тухайлбал, лиценз эзэмшиж байгаа хүнийг уул уурхайн бизнес эрхэлж байна гэж хэлэхгүй. Харин лиценз эзэмшээд тодорхой төсөл хэрэгжүүлээд, олборлолт хийж байгаа хүн бол гарцаагүй уул уурхайн бизнес эрхлэгч мөн. Тэр утгаараа би бол уул уурхайн бизнес эрхэлж байгаа гэж бардам хэлж чадна. Түүнээс гадна олон зүйлд хөрөнгө оруулж, хүчээ сорьсон. Одоогийн байдлаар хүнд өгөхийг нь өгч, хариуцуулахыг нь хариуцуулаад явж байгаа.
-Яагаад бизнесээ хувааж жижиглэх болов?
-Нэг хүн олон юманд цалгардах нь ашиггүй гэж манай бизнесийн удирдлагын хичээл дээр заасан л даа. /инээв/ Ер нь бол бизнес төлөвлөгөөгөө яаж гаргахав, юун дээр гол анхаарлаа хандуулахав гээд үзсэн хичээлээ практиктайгаа хослуулаад ажиллаад, амьдрах гээж явж байгаа залуучуудын нэг. Манай “Great paragon” группд “Gold rush” гээд газар тариалангийн, уул уурхайн компаниас гадна “Акуа Монгол” гэж усан парк байгуулах том төсөл хийгдэж байна. БОАЖЯ, хотын захиргаатай хамтрахаар төлөвлөж байгаа. Ер нь бол Монголд хэрэгтэй гэсэн зүйлийг л хийхээр зорьж байна.
-Усан парк төслийнхөө талаар дэлгэрүүлбэл?
-Одоохондоо төслийн хэмжээнд явж байгаа болохоор дэлгэрүүлэхэд эрт байна. Сонирхолтой санаа гэдэг үүднээс ярихад манайх далайд гарцгүй улс. Иргэд зундаа Туул голынхоо эрэгт бөөн бөөнөөрөө хөглөрөөд л шавчихдаг. Ямар ч зохион байгуулалт байхгүй. Тэгээд ч тийм ч таатай амралт болж чаддаггүй. Үүнийг бид олж хараад өвөл зунгүй ажилладаг, битүү, хиймэл том усан давлагаатай амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх парк байгуулахаар зорьж байгаа. Мэдээж сая гаруй хүн амтай энэ том хотод нүүр царай болсон тийм газар байгуулах нь зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Хөрөнгө оруулагч нь хэн байх нь юу юунаас илүү чухал байх?
-Болж өгвөл дотоодынхоо хөрөнгө оруулагчидтай хамтрахыг зорьж байгаа. Шаардлагатай бол мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ажлыг хийнэ. Төслөө босгоод ирвэл хөрөнгө бэлэн гэсэн хүмүүс олон бий.
-Таны бизнесийг би дотор дотроо ордог матрёшкатай зүйрлэе. Хамгийн жижгээс үйл ажиллагаа сайжрах тусам матрёшка томроно гэж тооцвол..?
-Үйл ажиллагааныхаа сууриа тавьсан гэдэг утгаараа хамгийн жижиг матрёшка миний халаасанд байна. Ажлаа эхлээд явж байгаа гэдгээрээ хоёр дахийг нь халааслах гээж явж байна даа.
-Нийгмийн хариуцлага гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Та нийгмийн хариуцлага үүрдэг хүн мөн үү?
-Ажлаа сайн хийгээд улсад өгөх татвараа шударгаар төлөөд явж байгаа маань миний хувьд нийгмийн хариуцлага гэж бодож байна. Цаашлаад усан парк барих, газар тариалан эрхэлж байгаа маань ч нийгмийн хариуцлагын нэг хэлбэр. Ер нь тариа будаа тарьдаг ажил бол их буянтай ажил гэж боддог шүү.
-Зарим компаниуд хамтлаг дуучдыг ивээн тэтгэх нь нийгмийн хариуцлага гэж үздэг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Энэ бол нийгмийн хариуцлагын нэг хэлбэр мөн. Ер нь хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлийг нь нийлүүлж чадаж байна гэдэг нийгмийн хариуцлагын нэг хэлбэр. Хүн чадлынхаа хэрээр л бүтээдэг болохоос өөрийнхөө бүх бизнесийг нурааж нийгмийн өмнө үүрэг хүлээнэ гэж байж болохгүй зүйл байх. 
-Өнгөрсөн зун олон хүнийг хулхидсан 650 машины сүлжээнд таныг  элссэн, машин авч чадсан гэх яриа бий. Та үнэхээр машин авч чадсан уу, хохирогчдын нэг болсон уу? 
-Миний хувьд тэндээс машин тэрэг авсан зүйл байхгүй. Манай нэг ажилчин машинтай болно гээд надаас гурав, дөрвөн сая төгрөг аваад, тэр сүлжээнд орж хулхидуулаад дууссан юм билээ. Тэгэхээр нь би нэг очиж уулзаж үзсэн. Үнэхээр бүтэхгүй зүйл байсан. Тэгээд өөрөө учраа ол гээд хаясан. Одоо ямар шатандаа явж байгааг мэдэхгүй байна.
-Ер нь сүлжээний бизнесийг юу гэж ойлгодог вэ?
-Сүлжээний бизнес ойлголт муу. Сонирхож ч байгаагүй. Харин хадгаламж зээлийн хоршооны асуудал дээр манайхан эдийн засгийн ойлголтгүйгээс алдсан гэж боддог. Сүлжээний бизнес гэдэг өөрөө юу хийж байна гэдгээсээ бас их болдог юм шиг байна. Тухайлбал, Орифлэймын бизнес сүлжээнийх боловч нэг их хүн хохироочихгүй, цэцэглээд яваад байх шиг байна. Харин мөнгө төгрөгөөр элсүүлээд ирэхээрээ ойлгомжтой дампуурдаг, луйврын нэг хэлбэр болдог байх.
-Өөрөө эрсдэл хийдэг үү?
-Эрсдэл бол байдаг. Ер нь бизнес хийж байгаа хүн зоригтой байх хэрэгтэй. Хэтэрхий хашир хүн сайхан зүйлийг хажуугаараа өнгөрүүлэх тохиолдол үүсгэдэг гэж үздэг. Надад ч гэсэн заримдаа томоохон боломжуудыг өнгөрүүлсэн тал байдаг л байх.
-Бизнес эхлээд алдаж, шатсан зүйл бий юу?
-Алдах гэхээсээ илүү хүмүүст хулхидуулчих гээд байдаг тохиолдол бий. Тэгэхдээ хууль шүүхийнх нь байгууллагаар яваад учраа олж болдог юм билээ.
Багшдаа алгадуулсан хүний барцад арилдаг гэж баярладаг
-1500 сар бясалгал хийсэн Осгонбаяр хувилгааныг таны багш гэж сонссон. Багштайгаа ямар сэжмээр холбогдсон бол?
-Би их шүтлэгтэй хүн. Яг үнэндээ багш бид хоёр тэр өдөр анх бие биенээ харсан. Гэхдээ би багш аа гэж бодож явдаг. Хамаг юмаа даатгаж явдаг. Багш маань надад хэлэхдээ “шавь болох юм бол алдаж болдоггүй, барын сүүлнээс атгах юм бол тавьж болдоггүй” гэдэг үгийг хэлсэн. Тэр хүн намайг шавиа болгох эсэхээ бодож байгаа болохоос биш би тэр хүний шавь нь болсон, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээ сайн мэдэхгүй байна.
-Тэгвэл хэзээнээс багш аа гэж бодох болсон юм бэ?
-Тэр хүнийг нямбад суулаа гэж сонссон. Мундаг хүн юм гэж хүндэлж биширсэн. Тэр үеэс л багш шавь болох хувь тохиолыг хүлээж явсан. Би багшийнхаа хэлсэн үгийг юу гэж ойлгосон гэхээр “чи надад шавь орох эсэхээ өөрөө сайн бодох хэрэгтэй, чи үнэхээр миний шавь болоод итгэлийг даагаад явж чадах эсэхээ сайн бодож, өөрөө шийдвэр гаргаарай” гэсэн утгаар хэлсэн гэж ойлгосон. Багш маань хүлээж авах эсэх нь эргэлзээтэй л байна. Би тэр хүний итгэлийг дааж чадах ноён нуруутай хүн мөн үү гээд бодох асуудал их бий. Багш нямбанаасаа гарч ирээд “Та нар сайн бод, хүн үхээд эрлэгийн газар очиход бүгд адилхан” гэдэг үгийг хэлсэн. Энэ үгийг хэн хүнгүй сайн бодох ёстой асуудал. Тийм учраас буруу зөрүү зүйл хийдэг хүмүүс, их мөнгөний төлөө шунаж, муу зүйл хийж байгаа хүмүүс сайд бодох хэрэгтэй. Үгний цаана үг гэдэг шүү дээ. Гэтэл хүмүүс сайн бод үгийг тэр чигээр нь хүлээж аваад байдаг. Угтаа бол тэр үгний цаана ямар утга агуулж байгааг тайлж унших нь хувь хүмүүсийн л асуудал байх. Зарим хүмүүс энийг инээдэм, ханиадам болгож байгаа. Зарим юм боддог хүмүүс нь “нээрээ би юу хийгээд яваад билээ” гэж бодсон байх. Би ч гэсэн өөрийнхөө талаар “уул уурхайн бизнес хийж байгаа. Яах вэ багш аа” гэж асуусан. Тэгэхэд “та нар хийхгүй юм гэхэд өөр хүмүүс хийнэ. Гэхдээ та нар хийж байгаа нь сайн талтай байж магад. Яагаад гэвэл та нар бурхан шашнаа дээдэлдэг, эх орон, нутаг усаа гэсэн сэтгэлтэй хүмүүс учраас байгаль орчны асуудлыг ухаалагаар шийдсэн, бүх зүйлийг зүй зохистойгоор хийнэ гэж итгэж байна” гэж хэлсэн.
-“АПУ”-ын П.Батсайхан зэрэг хүмүүст багш тань нэлээд ширүүхэн хандсан?
-Багшдаа алгадуулсан хүний барцад арилдаг гэж баярладаг шүү дээ. Бусад хүмүүст яаж харагдах нь сонин биш байх аа.
-Төвд, Монгол, Англи хэлээр захиа үлдээсэн гэсэн?
-Багш “хоолой зангираад өөрөө уншиж чадахгүй нь ээ” гээд захиагаа уншаагүй. Тэр захиаг бид нар бичиж аваад одоо болтол сонсож, утгыг нь тайлсаар байгаа. “Би хэн юм бэ гэдгээ нямбад сууж байх хугацаандаа их ухаарлаа. Намайг гараад ирэхэд багш маань хүлээж байна гэсэн хүлээсэнгүй” гэх утгыг тайлаад байгаа.  Цааш нь тайлсаар л байх болно.
-Танай багш улааны шашныг эрхэмлэдэг гэж сонссон юм байна. Та ч гэсэн улааны шашныг баримталдаг уу? 
-Би багшийнхаа байр суурийг илэрхийлэх хүн биш. Зүгээр л нэг шавь нь болох гэж яваа хүн. Миний Хаянхярваа гэдэг нэр улааны талын бурханы нэр. Төвдөөр бол  Дамдин Янсан гэж. Монголоор “Морин хоолойт” гэсэн утгыг агуулсан байдаг. Бурхад инээхдээ, баярлахдаа, дуулахдаа морины янцгаах чимээ гаргадаг гэдэг. Тэр утгаараа дуучин болсон нь ч нэр устай маань холбоотой болов уу гэж боддог. Нэг удаа яруу найрагч  Ш.Гүрбазар ах надад “Хаянхярваа, чамайг найр хурим дээр дуулуулбал их сайхан абшигтай юм байна, нэр нь ч тэр, дуу хоолойг чинь сонссон ч гэсэн тэр” гэж хэлж байсан. Тэр надад их сайхан санагддаг. Манай найзууд ч гэсэн юм яриад сууж байхад чанга чанга инээж, сайхан юм ярьж, найзуудынхаа жаврыг үргээдэг гэж хэлдэг. Миний найзын дуу хоолой үнэхээр сайхан гэж хэлж намайгаа бас онгирооно оо. /инээв.сур/ Ер нь олонд хүрсэн нийтлэг нэр маань Хаянаа. Яг үнэндээ хүний нэрийг бүтнээр нь дуудах ёстой. Ялангуяа Хаянхярваа гэдэг нэрийг бурхны нэр учраас бүтнээр нь дуудах ёстой гэдэг. Яалт ч үгүй найз нөхөд, ард түмэн маань Хаянаа гэдэг болчихсон болохоор түүгээрээ дуудуулаад явж байна. Миний нэрний учрыг мэддэг хүмүүс бүтэн нэрээр маань дууддаг.
-Сүүлийн үед урлагийнханд бөөгийн дуудлага их ирэх болсон. Өөрт тань дуудлага ирсэн үү?
-Надад онгод, дуудлага байж магадгүй гэдгийг үгүйсгэхгүй. Одоогоор ирж байгаа мэдрэмж гэхээр зүйл алга. Ер нь урлагийнхныг онгодтой байна, бөө бол гээд байдаг. Гэтэл урлагийн хүнд урлагийн онгод гэж байдаг. Тэрийг нь тэнгэрийн онгод гэж буруугаар ойлгоод элдэв бөө, удган нар нөгөөдүүлийг маань уруу татаад оруулчихдаг тал байх вий дээ гэсэн хардлага надад байдаг. Гэхдээ огт үгүйсгээд байгаа хэрэг биш л дээ. Манайхан чинь угаасаа эрт дээр үеэсээ л онгодтой, шүтээнтэй явж ирсэн ард түмэн. Урлагийнхан ч онгодоороо л уран бүтээлээ амилуулж байгаа шүү дээ.  
Ямар ч илүү дутуу хэлбэргүй, өөрийнхөөрөөө байгаа эмэгтэй хүн л таалагддаг
-Таны ойлголтоор зовлон гэж юуг хэлэх вэ?
-Ээж аавыгаа алдах зэргийг би зовлон гэж хүлээж авдаггүй. Энэ бол хувь тавилан, жам юм. Зовлонг хүн өөрөө л тарьж, бий болгож байдаг. Хүн зовох нь үнэн. Түүнийг гэтлэх нь үнэн. Жишээ нь, эхнэр авчихаад тэжээж чадахгүй зовж байна гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл эхнэр авах цаг нь болоогүй л байсан хэрэг шүү дээ. Тиймээс нэгэнт л өөрөө сонгосон бол тэр амьдралыг сөрөх л хэрэгтэй. Хүн ер нь аливаа зүйлийг эерэг талаас нь харж байх нь чухал. Үргэлж муу, бүрхэг талаас нь хараад байвал энэ хорвоод гэрэлтэй зүйл харагдахгүй. Юм болгон хоёр талтай байдаг шүү дээ.
-Та өртэй юу?
-Би өргүй. Өртэй хүнийг ажиллаж байгаа хүн гэж ойлгодог. Өрнөөс дээхэн  үед хүмүүс их айдаг байсан. Одоо бол өр гэдэг бол ажиллаж байгаа хүмүүсийн байдаг асуудал. Мэдээж шаардлагатай бол өр тавина, зээл авна гэж боддог.
-Тэгвэл авилга өгч, авч үзсэн үү?
-Үгүй ээ. Ёстой л бор зүрхээрээ явж байна. Хуулийн дагуу ажиллаж явах нь хэн хэндээ хал балгүй гэж боддог. Авч, өгч үзээгүй шүү. Үнэн. 
-Тантай холбогдоход бэлтгэл хийж байна гэж байсан. Гадаад төрх, эрүүл мэнддээ хэр анхаарал хандуулж байна?
-Хоолын тал дээр нэг их дэглэм барьдаггүй. Өлссөн үедээ шөнө өдөр хамааралгүй хүссэнээ л иддэг. Харин түүнийгээ хэрхэн шатаах, зөв шингээх тал дээрээ анхаарал хандуулдаг даа. Тэгээд ч бие галбиртаа анхаарахгүй бол гүзээгээ унжуулаад явж таарахгүй ш дээ. Долоо хоногтоо гурван удаа фитнесээр хичээллэж байна. Хагас бүтэн сайн өдрүүдэд гольф тоглодог. Сониноос ирэх сарын 16-нд Хятадын Гуанжоуд болох “China open” гэх олон улсын гольфын тэмцээнд явах гэж байгаа.
-Хаянхярваагийн гэр бүлийн гишүүдийн тоо гүйцсэн үү, дутуу байгаа гэж боддог уу?
-Гүйцээгүй. Гэр бүл бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, хурлаа хийж чадаагүй л байна. /инээв. сур/ Одоо бид хоёр хүүхэдтэй. Олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Тэд маань эрүүл саруул байвал хамгийн сайхан жаргал тэр байх.
-10 жилийн өмнөх Хаянхярваагийн эмэгтэй хандах хандлага өнөөдөр өөрчлөгдсөн үү?
-10 жилийн өмнөх ярилцлагыг хуучны цааснуудаа ухаж байгаад гаргаж харсан, тэр үед ярьж байсан хариулт маань одоо ч хэвээрээ байгаа. Ямар ч илүү дутуу хэлбэргүй, өөрийнхөөрөөө байгаа эмэгтэй хүн л таалагддаг.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Үндэсний мэдээ” сонины  уншигчдад 15 жилийн дараа Хаянхярваа “Үүнийг бүтээнэ” гэсэн амлалт өгөөч гэвэл та юу амлах вэ?
-Эх орныхоо нэрийг өндөрт өргөж чаддаггүй юмаа гэхэд баастчихааргүй, нийгэмдээ сайн зүйл хийж чаддаггүй юмаа гэхэд гэмтэй зүйл хийчихээргүй, залуучуудынхаа дуу хоолой нь болсон, тэдний төлөө ажиллаж амьдарсан, нэр хүндтэй сайхан гэр бүлийг цогцлоож авч явж чадна гэдгээ амлаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш