Энэ сарын 21-ний өдөр 14 цагт Дашчойлин хийдэд Олон Улсын Энх тайвны өдрийг тэмдэглэнэ. Тус хийдэд Энх тайвны өдрийг тохиолдуулж арга хэмжээ зохиогдох юм байна. Монгол болон гадаадын иргэдийг энэ үйл ажиллагаанд нэгдэхийг урьж байна.
Жил бүрийн 9 сарын 21-ний өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад “ганхалт” үүсч, зарим улс орны ард түмэн айдас түгшүүртэй амьдрах болжээ. Тиймээс ЮНЕСКО-оос Олон Улсын Энх тайвны өдрийг тохиолдуулан дэлхийн бүх улс оронд хандсан “захиа” бичжээ. Үүнийг уншигч та сонирхоно уу.
Б.Баярмаа
Олон Улсын Энх Тайвны Өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт
2016 оны 9 дүгээр сарын 21
Хүн төрөлхтөн, эх дэлхийд түгшүүртэй цаг үе тулгараад байна.
Ядуурал хэвээр оршин тогтнож, тэгш бус байдал улам бүр газар авсаар байна. Зөрчилдөөнөөс болж нийгэм хэдэн хэсэгт хуваагдаж, сая сая хүмүүс зовлон зүтгүүртэй байна. Хүчирхийлэл бүхий туйлшрал улам бүр ихсэж, дэлхий даяар харгис хэрцгий террорист халдлага гарсаар байна. 2015 онд 65,3 сая хүн амьдарч байсан газар нутгаасаа хүчээр шахагдан гарсан нь өнөө цаг үеийн дүрвэгсэд нүүлгэн шилжүүлэлтийн хамгийн хүнд хямралд хүргэж байна. Хүн төрөлхтөний соёлын өв, соёлын олон төрөл зүйлүүд халдлагад өртөж, дэлхийн өв болсон газрууд устаж үгүй болж байгаа нь тэдгээрийг үндсээр нь устгах аюулд хүргэхийн илрэл. Энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаварууд нь эх дэлхийд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж байна.
Энэ бүхэн нь юу юунаас илүү энх тайвны үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхий нийтээрээ НҮБ-ын үнэт зүйл, зарчмын дагуу нэгдсэн арга хэмжээ авах нь нэн чухал шаардлагатай болсныг харуулж байна.
Энэ бол Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийн гол үзэл санаа юм. Эдгээр нь хүний эрх, нэр төр, шударга ёс, сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийн төлөө, эх дэлхийгээ хамгаалах - энх тайваны шинэ хөтөлбөрийг тодорхойлж байна.
2030 хөтөлбөрт “энх тайван үгүй бол тогтвортой хөгжил үгүй, тогтвортой хөгжил үгүй бол энх тайван үгүй” хэмээн заасан. Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилго нь энх тайвныг хэрхэн бий болгох хувиран өөрчлөгдөх чадвартай алсын хараа бүхий шинэ арга замыг тодорхойлсон. ЮНЕСКО нь сайн засаглал, бүх нийтийн оролцоо, хариуцлага, шударга ёсонд үндэслэн Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын ”энх амгалан, шударга, хүртээмжтэй нийгэм”-ийг бүх түвшинд бэхжүүлэх хүрээнд гол үүрэг гүйцэтгэн ажиллах болно.
Урагшлахын тулд бүх нийтийн оролцоотой шинэ хэлбэр болон, Засгийн газарууд, иргэний нийгэм, хувийн хэвшил хоорондын шинэ түншлэл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хүчирхэг болгох шинэ арга зам бидэнд хэрэгтэй.
Хувь хүний эрх болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэгш хүндэтгэхээс бид эхлэх ёстой. Боловсрол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, соёл хоорондын харилцаа, хүний эрх болон соёлын олон төрөл зүйлсийг хүндэтгэн үзэх, шинжлэх ухааны хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн энх тайваныг хамгаалах үзлийг хүмүүний ухамсарт цогцлоох ёстой гэж ЮНЕСКО-ийн Дүрэмд заасан байдаг. 1945 оны аймшигт дайны дараах энэхүү илгээлт нь хувьсан өөрчлөгдөж, өөр хоорондоо ялгаатай болж байгаа нийгэмд улам бүр чухал ач холбогдолтой болж байна.
Энх тайваныг цогцлоох гэдэг нь өдөр бүр, нийгэм даяар, эрэгтэй эмэгтэй хүн бүрийн санаа тавих гэсэн үг юм. Энэ нь хүн бүрийн тусын тулд илүү сайн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж хамтдаа амьдрах, ажиллах гэсэн утгатай билээ.
Ирина Бокова