logo
 Б.Батжаргал: Гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна

Б.Батжаргал: Гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтааж байна

2011/10/27
“Рио Тинто” компани Нидерландын вант улс руу хөрөнгө оруулалтын харьяаллаа шилжүүлэн Оюутолгойгоос олох ноогдол ашгаасаа төлөх ёстой 6 тэрбум долларыг төлөхгүй байх замаа зассаныг “Үндэсний мэдээ” сонин анх илрүүлж, олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл энэ луйврыг Монгол улсын төрийн сонорт манай сэтгүүлчид ямар ч байсан хүргэж чадлаа. Бид бол олж мэдээлэх л үүрэгтэй, бас тийм л хязгаарлагдмал эрхтэй. Энэхүү луйврыг зогсоох нь төрийн эрх барьж байгаа эрхмүүдийн мэдлийн асуудал билээ. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалын ярьсныг хүргэе.
 -Манай улс нийт хэдэн улстай давхар татварын гэрээ байгуулсан юм бэ?
-Монгол улс өнөөг хүртэл “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ”-г нийт 35 улстай байгуулсан. Үүнээс 31 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээрээс 26 гэрээг одоогоос 13-20 жилийн өмнө буюу эдийн засаг, нийгмийн хөгжил төлөвшөөгүй, олон улсын татварын харилцааны талаарх мэдлэг нимгэн байх үед байгуулсан байдаг. Тэр үед Монгол Улс гадаад харилцаагаа сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөгжүүлэхийг чухалчилж байсан. Нөгөө талаар гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй байсан болоод ч тэрүү давхар татварын гэрээ байгуулах хүсэлт тавьсан ихэнх улстай гэрээ хийсэн байдаг юм. Ер нь хөгжиж буй болон хөгжилтэй улс орнуудын хооронд хийсэн давхар татварын гэрээнээс хөгжилтэй улс нь илүү их өгөөж хүртэж, хөгжиж буй улс оронд бараг ашиг хүртэхгүй байх нь элбэг. Аливаа компани, бизнесийн байгууллагын гол зорилго нь өөрсдийн хүртэх ашиг, орлогоо нэмэгдүүлэх явдал байдаг учраас хууль тогтоомжийн хүрээнд боломжит хамгийн бага татвар төлөхийг ямагт зорьдог. Тийм ч учраас, томоохон үндэстэн дамнасан компаниуд татварын мэргэшсэн зөвлөх, татварын хуульч нарыг өндөр цалинтайгаар ажиллуулж, дотоодын хууль тогтоомж болон тухайн улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг нарийвчлан судалж, тэдгээрийн хүрээнд яаж хамгийн бага татвар төлж болох гарц, хувилбарыг хайж, олж, ашиглаж байдаг.
-Давхар татвараас болоод манай улс хэр хэмжээний алдагдал хүлээгээд байгаа юм бол?
-Давхар татварын харилцаа нь томоохон гадны компаниудын орлого, татвар тэдгээрийн шилжүүлэгтэй холбоотой нэлээд ээдрээтэй асуудал юм. Тэдгээр гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөхгүй бол Монгол улс өөрийн орлогоо гадагшаа алдах эрсдэл үүсч байна гэж хэлж болно. Үүнээс л сэргийлж Сангийн яам урьдчилан арга хэмжээ авахаар төлөвлөж ажлаа эхлүүлээд байгаа л даа.
-Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан татварын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж сонсч байсан. Энэ үнэн юм болов уу?
-Юуны өмнө, бид Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Манай талаас гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг нөгөө талд дипломат шугамаар хоёр ч удаа тавиад байгаа. Хэрэв өөрчлөлт оруулах саналыг хүлээн авахгүй бол гэрээний эрхийнхээ дагуу манай улс дангаар цуцлах болно гэдгээ мэдэгдсэн. Бусад улсуудтай байгуулсан давхар татварын гэрээ хэлцлүүдийг ч эргэн харж, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Давхар татварын гэрээ байгуулах талаар НҮБ болон ЭЗХАХБ-уудаас гаргасан загвар байдаг. Бүх гэрээнүүдийг НҮБ, ЭЗХАХБаас гаргасан шинэчилсэн загваруудтай харьцуулж, дүн анализ хийж, тэдгээрээс зөрүүтэй зүйл, заалтуудыг илрүүлж, үүсэх үр дагаврыг судлах болно. Түүний дараа, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн гэрээнүүд дээр ажиллахаар төлөвлөөд байна.
-Яагаад онцгойлон Нидерланд болон Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай юм бол. Гэрээ нэлээн асуудалтай байгаа юм аа даа?
-Монгол Улс, Люксембургийн Вант Улсын Засгийн газар хооронд 1998 оны зургадугаар сарын 5-ны өдөр, Монгол Улс, Нидерландийн Вант Улсын Засгийн газар хооронд 2002 оны гуравдугаар сарын 8-ны өдөр “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-үүдийг тус тус байгуулсан юм. Эдгээр гэрээний ногдол ашгаас татвар суутгахтай холбоотой бүлэгт НҮБ, ЭЗХАХБ-аас гаргасан загвар тус гэрээнд байдаггүй, мөн манай улсаас бусад улстай байгуулсан гэрээнүүдэд ч байхгүй заалт орсон байдаг. Үүний улмаас Монгол Улсад байрлах охин компаниас Нидерланд, Люксембург улсуудад байрлах толгой компани руу шилжүүлсэн ногдол ашгаас Монгол Улс татвар суутгаж авч чадахгүйд хүрээд байгаа юм. Дээр дурдсан давхар татварын гэрээний заалтыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Голланд, Люксембург улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар тэдгээр улсуудаар дамжуулан Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, улмаар татвараас зайлсхийх явдал гарах болсон. Энэ гэрээний тодорхой заалтыг ашиглан татвараас зайлсхийх схемийг боловсруулан бэлтгэлээ базааж буй олон гадны хөрөнгө оруулалттай компаниуд байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс, энэ байдлыг таслан зогсоох зорилгоор дээрх хоёр улстай байгуулсан давхар татварын гэрээг нэн тэргүүнд өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм.
-Гадны компаниуд яагаад Нидерланд улсаар дамжуулан хөрөнгө оруулалт хийгээд байгааг судалсан уу?
-Үүний учир шалтгааныг бид судалж үзсэн. Газар зүйн таатай байрлал, улс төрийн тогтвортой байдал, татварын энэрэнгүй тогтолцоо болон олон улс оронтой давхар татварын гэрээ хэлцлийг байгуулсан гэдгээрээ Нидерланд улс гадаадын компаниудын хувьд бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогддог. Гадны компаниуд Нидерландад төвөө нээх сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл бол ногдол ашгийн шилжүүлэг, хөрөнгө оруулсны орлогыг татвараас чөлөөлдөгтэй холбоотой юм билээ.
-Тус орнууд энэ байдлыг харгалзаж үздэггүй юм байх даа?
-Тус улсын татварын таатай орчныг Нидерландад бодитоор бизнес эрхэлж буй компаниуд бус Нидерландыг зөвхөн татварын зорилгоор ашиглаж буй компаниуд илүү ашиглах болсон гэсэн үг. Гадны компаниуд хөгжиж буй улсуудад татвар төлөхгүй зугтах зорилгоор Нидерландыг ашиглаж буй нь тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байна гэж иргэний нийгмийн зарим байгууллагууд нь шүүмжилж, хөгжиж буй улс орнуудтай татварын гэрээ хэлцэл ахиж хийхгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж, 2011 оны дөрөвдүгээр сард парламентын доод танхимд танилцуулсан байна. Нидерланд улс гадаадын компаниудын хувьд “татварын диваажингийн зуулчлагч орон” болж хувираад байна гэж шүүмжилж байгаа юм билээ . Нидерландын хөгжиж буй улсуудтай байгуулсан татварын гэрээ хэлэлцээрт эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлогод маш бага хувьтай татвар ногдуулахаар заасан байдгаас тэдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд Нидерландад төв оффисоо цаасан дээр нээх замаар татвараас зугтаж байгаа юм. Яг энэ байдал нь манай улстай байгуулсан давхар татварын гэрээнд туссан байгаа.
- Энэ байдлаар татвараас зугтсан хэр олон компани байдаг юм бол?
-Үндэстэн дамнасан корпорациудын Нидерланд улсад байгуулсан аж ахуйн нэгжээрээ дамжуулан татвараас зайлсхийхийн тулд Нидерланд улсаар дамжуулсан мөнгөн урсгалын дүн 2004 онд 4.4 тэрбум евро байсан бол 2010 онд 10 тэрбум евро хүрч эрс өссөн байдаг. Энэ нь Нидерландын ДНБ-ний дүнгээс даруй 17 дахин их юм. Нидерланд, Люксембург улсуудаас 1999-2010 оны хооронд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна. Ашигт малтмалын газраас авсан албан ёсны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 23502 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дотор Нидерландад 80 лиценз эзэмшигч, Люксембургт дөрвөн лиценз эзэмшигч байна. Ер нь цаашид манай улс давхар татварын гэрээг сайжруулж засахаас гадна Нидерланд, Их Британийн Виржин Арлууд зэрэг “татварын диваажин” болон “татварын сүүдрэвч” улсуудад толгой компани нь бүртгэлтэй байдаг компаниудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэхийг хаасан хуулийн заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж, батлуулах шаардлагатай байгаа.
-Люксембургтэй байгуулсан давхар татварын гэрээг яагаад бас өөрчлөх шаардлагатай гэж?
-Хэрэв бид зөвхөн Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг өөрчлөх эсвэл цуцлаад орхивол, гэрээнүүдэд орсон ижил заалтыг ашиглан гадны компаниуд төв оффисоо Люксембург руу шилжүүлэх учраас энэ хоёр улстай байгуулсан давхар татварын гэрээг хамтад нь өөрчлөх шаардлагатай байгаа юм.
-Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээнд Оюутолгой ХХК хамрагдаж байгаа гэсэн. Энэ үнэн юм болов уу?
-Канад улсад бүртгэлтэй Айванхоу Майнз компани өөрийн Их Британийн Виржин Арлууд болон Нидерланд улсад бүртгэлтэй охин компаниудаараа дамжуулан Монгол Улс дахь Оюутолгой ХХК-д хувь эзэмшиж буй нь татвар төлөхгүйгээр Оюутолгой ХХК-аас ногдол ашиг авах сонирхолтой байгааг нь илтгэж байгаа юм.
-Оюутолгой компани их хэмжээний татвар төлөхөөс зугтаж байгаа гэсэн мэдээлэл бодитой юм байна гэж ойлгож болох уу?
-Бас тэгж ойлгож болохгүй. Оюутолгой ХХК-ийн батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлээр тус компани 2014 оноос л эхлэн ашигтай ажиллахаар байгаа. Өөрөөр хэлбэл, тус компани 2015 оноос эхлэн ногдол ашгаа тараах бололцоо үүсэх юм. Тиймээс манай улс Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээнээс болж Оюутолгой компаниас татвар авч чадахгүй байна гэдэг нь ташаа ойлголт юм. Нөгөө талаар, Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 2.10-р зүйлд “Хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч, хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн буюу давуу эрхийн хувьцаанд төлөх ногдол ашигт Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам түүний дотор Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу хэрэглэгдэх давхар татварын холбогдох гэрээнд зааснаар татвар ногдуулж хувийг тогтворжуулна” гэж заасан байдаг. Тиймээс, Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг ойрын хугацаанд өөрчлөх эсвэл цуцлах замаар үүссэн нөхцөл байдлыг засах боломж бидэнд бий л дээ.

Эх сурвалж “Өдрийн сонин”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш