“Огонёк” лугаа золгосон минь
Москва хотноо Оросын уран зохиол орчуулагчдын 4-р их хуралд оролцохоор болж, Чингис хаан нисэх буудалд Аэрофлотын SU 331 онгоцонд суухаар хоолойгоор явж байтал ширээн дээр тавиастай орос хэвлэлийн дотор туйлын танил “Огонёк” байж харагдахад яаран авав. “Огонёк”...Миний анх сургуульд орж ахуйд аав маань энэ сэтгүүлийг захиж авдаг байсан юм. Өнгөрсөн зууны 50-иад оны эхээр хөдөөгийн сургуулийн бага ангийн багш “Огонёк” захиж авч байна гэхээр хүн үнэмшмээргүй.
Гэвч аав маань захиалдаг байсан юм аа. Тэр үед хирдээ л оростой хүн байсан. Газар гэрт суудаг утасны хороооны оросуудтай давгүй л ярьчихдаг байсан. Сэтгүүл бор цаасан ууттай ирдэг байсныг би сайн сананам. Би болохоор зургийг нь үзнэ. Голынх нь хуудсанд, одоо бодох нь ээ, Оросын сонгодог зураачдын зургийг хэвлэдэг байж. Ухаан нь, жад, муна барьсан гурван баатрын зураг үзэж байснаа үл мартах. Тэр нь Васнецовын “Гурван баатар” зураг байж л дээ. Бүүр сүүлд Горбачевын “Өөрчлөлт шинэчлэл”-ийн үед энэ сэтгүүл монголын сэтгэдэг сэхээтнүүдийн ширээний сэтгүүл болсон доо.
Учир нь тэр үеийн зөвлөлтийн өөрөөр сэтгэдэг байсан гэж болох зохиолчид үзэл бодлоо бичдэг байв. Распутин, Астафьев, Айтматов, Быков...гээд. Одоо оросууд Горбачевыг их л муу хэлэх болж. Гэтэл манайд бол бидний нүд Горбачевын өөрчлөлтийн ачаар нэлээд нээгдсэн гэж хэлж болно. Ярьж бичиж болдоггүй сэдвийг ярьж бичиж болдог болсон доо. Тухайлбал “Эмтрээ нь үгүй эрдэнэ” өгүүллээ чухамхүү тэр өөрчлөлтийн салхи сэвэлзсэний ачаар л бичсэн дээ. Мөн Монголоор дүүрэн байсан орос цэргийг Горбачев л гаргасан.
Монголд бол тэр ачтай хүн. За тэгээд сая “Огонёк”-ийг олзуурхан аваад урам хугарах ших болов. Гялгар цаасан дээр хэвлэдэг өнөө гоё хэвлэл үгүй болоод, сонины цаасан дээр далбийтал хэвлэжээ. Миний хувьд унших юмаар ч бага юм шиг. Гэвч сэтгүүлийнхээ голыг тасалчихалгүй байлгаж байгаа нь баярлууштай.
Нарнаас зугтсан минь
Онгоц 8 цаг 10 минутад хөөрөв. Дөнгөж мандаж байсан нар онгоцыг маань хөөж эхлэв. Онгоц ч зугтааж гарав. Хил дөнгөж давтал тэртээ дор их уулс цэнхэртэж, хавчиг хавцал дундуур нэгэн том мөрөн онгоц даган урсаж байх юм. Өндөр уулс сэрүүвтэр байгаа бололтой, мөрнөөс уур манан савсах аж. Энэ нь Соёны уулс л даа. Харин мөрөн ямар мөрнийг мэдсэнгүй. Бидэнтэй хамт хойшоо нэлээн урсах нь уу гэж горьдтол гэнэт зүүн зүг эргэн, уур манангаа савсуулсаар одох нь тэр. Их Шивэр хавтгайдаа үүлтэй байна аа. Өндөр өндөр мөсөн уулс, халил их цаст хайрхад...
Онгоц заримдаа элгээрээ шүргэн алдана. Эдгээрийг мөргөвөл мөн айхтар юм болно оо! Гэвч энэ нь Ноён хутагт Данзанравжаагийн айлдсанаар хуурмаг дүрс. Дүрс гэснээс үүл ямар дүрсэнд эс хувилна вэ. Одоо мөнөөхөн шовх уулс үгүй болоод, гадаад далайн давалгаа эрэлж үүсгэн байх мэт. Тэгснээ далай дошгирон, давалгаан хуйларч босоод, хэдэн давхар байшингийн хэртэй өндөрсөн эрчлэх мэт. Мөнөөхөн цунами гэдэг нь ийм байдаг байх гэмээр. Ийн үүл шинжин явсаар өөд харвал дээр юу ч байхгүй, хов хоосон, цэв цэнхэр. Хов хоосон, цэв цэнхэр ч гэж дээ, энэ нь бас л хуурмаг үзэгдэл. Энэ элчилгүй хов хоосон дотор буман живаа од гараг буй. Одоо наран бурхнаас бусад нь үзэгдэхгүй л байна. Нар биднийг элдсээр л аж. Тэгээд Москвад буувал нөгөө ард яваад байсан нар биднээс түрүүлээд ирчихсэн, мөнхүү өглөө угтаж байлаа. Огт шөнө болоогүй, дандаа л нартай байгаад байсан шүү дээ. Нар хэдийдээ амжаад ирчихдэг байна аа. Хачин шүү.
Хуралд суусан минь
Оросын уран зохиол орчуулагчдын олон улсын IV их хурал. “Уран зохиолын орчуулга соёлын алтан аргамжааны бодлогын элч мөн” сэдэвтэй. Миний бие өнгөрсөн зууны 89 онд Орос, зөвлөлтийн зохиол орчуулагчдын олон улсын чуулга уулзалт оролцож, бас ч үгүй сайшаалын үнэмлэхээр шагнуулж байлаа. Түүнээс хойш 27 жил өнгөрч. Цаг аа гэж. Өдгөө ийм хуралд оролцох юм гэж зүүдлээ ч үгүй явлаа. Хорин долоон жилийн дараах оросууд хорин долоон жилийн өмнөх монгол өвгөн орчуулагчийг юугаа санах. Чингэнэ гэвэл үлгэрийн далай. Миний муу нэрийг Монголын Орчуулагчдын Эвлэлийн Ерөнхийлөгч, “Үлисс” гэдэг гайхалтай номыг дуун хөрвүүлж монгол уншигчиддаа өргөн барьсан О.Чинбаяр хүү л шургуулж орхиж. О.Чинбаяр маань эрдмийн зэрэг хамгаалах гээд Москвад сурч байгаа юм. Анх уг их хурлыг 2010 онд Пушкины “Орчуулагч бол гэгээрлийн улааны морь” гэсэн уриатай хийсэн юм байна. Чингэхэд дэлхийн 20 орны 150 гаруй орчуулагч оролцож байжээ.
Их хурлын дүнгээр Холбооны улсын Хэвлэл, олон нийтийн харилцааны агентлагын ивээл дор уран зохиолын орчуулгыг хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулж, 2011 онд уран зохиолын орчуулгын онол, практикийг хөгжүүлэхэд туслах ашгийн бус, бие даасан байгууллага “Орчуулгын хүрээлэн” /”Институт перевода”/-г байгуулсан байна. Дараа нь 2012 онд уг хурлыг “Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулах нь: асуудал, хэтийн төлөв” сэдвээр хийж, 30 гаруй орны орчуулагч оролцжээ. 2014 онд III их хурал “Орчуулга бол соёлын алтан аргамжааны элч мөн” сэдвээр болсон бол өнөөдөр энэ сэдвээрээ хийэ баайгаа юм байна. Сайхан байна шүү! Утга зохиолоо гадагш ингэж сурталчилна гэдэг! Үүгээрээ эх орноо сурталчилж, өөрсдийн оюуны чадамжийг сурталчилж байна даа.
Ингээд биднийг “Новотел” гэдэг орчин үеийн буудалд байрлууллаа. Уран барилгын хийц, шийдэл гэдэг ч гараад өгсөн эд юм, хайрхаан! Энэ их хуралд 56 гаруй орны 300 гаруй дуун хөрвүүлэгч, хэл шинжлэлтэн морилжээ, бурхаан! “Бурхан” гэж дуу алдсаны учир гэвээс манай төр засаг соёлын ийм бодлогод анхаардагсан бол гэж бодогдсоных. Манай дарга нар ном соёл гэхээр чихээ бөглөдөг шүү дээ. Гадаад улс тэгдэггүй юм байна аа. Ухаан нь “Жизнь замечательных людей” цувралыг Иргэний дайн гааран оросууд бие биеэ хядаж, улс орон даяар өлсгөлөн нөмөрсөн үед гаргаж эхэлсэн гээд л бодчих. Тэгвэл манайд даан ч тийм юмны үнэр ч үнэртээгүй. Гагц дээдсийн оюуны хирц, сэтгэлийн тэнхээ хоёр л дутаад байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, бид хоёр бас, шаг ч үгүй, илтгэл тавина гээд байгаа. Би хувьдаа илтгэл маань энэ олон орчуулгын онолч, гүүш нарын илтгэлийн дотор гологдох юм биш байгаа гэж сэтгэл зовж байлаа. Миний илтгэл “Попытка передачи экспрессивности в романе Ч.Айтматова “Плаха” нэртэй.
Чингээд хурлын дэгийг үзэж, илтгэлүүдийн нэрийг харахдаа бас ч гэж ханатай юм байна гэж өөрийгөө дөвийлгөв. Хурлыг Гадаад уран зохиолын номын сангийн захирал В. Дуда нээж, “Орчуулга соёлын алтан аргамжааны элч мөн” гэсэн үндсэн илтгэлийг В.Григоръев тавив.
О.Чинбаяр маань “Перевод на монгольский язык произведений русских писателей в Монголии в XX- начале XXI в” гэсэн илтгэл тавина. Бид хоёр 6-р секц буюу “Олон туйлт ертөнц дэх Евроазийн орчуулгын газрын зураг” гэсэн нэртэй секцэд хуралдав. Намайг илтгэлээ тавихаар гарахад хурлыг удирдаж байсан Ив Готье /франц хүн, Ю. Рыхэугийн зохиолыг орчуулдаг/ “Та илтгэлээ босоо тавих уу? Зогсоо тавих уу?” гэж асууж байна. “Постою” /”зогсзнож байгаад/ гэж хариулбал хүмүүс инээлдэв.
Чингээд эхлэхдээ “Миний залуу нөхөр О.Чинбаяр илтгэлийн минь гарчгийг үзээд, “Попытка не пытка” /Оролдох нь гэсгээл биш/ гэж хошигносон юм. Би “энэ пытка”-ны тухай ярих, үгүй ээ унших болно” гэхэд хүмүүс дахиад инээлдэв. Би муу санаандаа хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж байгаа хэрэг л дээ. Намайг илтгэлээ уншаад дуусахад Готье асууж байна: “Айтматовын энэ гайхалтай номыг би орчуулаагүй, өөр хүн орчуулсан, гэхдээ уншихад чоно, бөхөн энэ тэр гээд Францын бодот байдалд байдаггүй юм их учир орчуулахад ярвигтай байсан шиг санагддаг юм, танд хэцүү байв уу?” гэж байна. Манайд чоно ч, бөхөн ч, Обер Кандалов ч байгаа учир франц руу орчуулахаас арай амархан байсан байх аа” гэвэл хүмүүс инээлдэв...
Их хурлаас Төгсгөлийн баримт бичиг гаргасан, үүнд өгүүлрүүн: “Их хуралд оролцогчид ажлаа дүгнэхдээ олон улсын түгшүүртэй байдал нэмэгдэж, тус гараг дээрх энх амгалан, тогтвортой байдалд учрах аюул занал ихсэж байгаа өнөө үед хүмүүнлигийн харилцааг хумихгүй байх буюу үүнийг хэт улстөржүүлэхгүй байх, санал бодол, эрдэм мэдлэг, уран сайхны ололтыг солилцох явдлыг багасгахгүй байх, үүгээр дамжуулан олон орны ард түмний ойлголцох уур амьсгалыг бий болгоход туслах нь туйлын чухал хэмээн нэгэн дуугаар тэмдэглэж байна” гэснийг уншихад өнгөрсөн зууны хоёрдугаар хагасын “хүйтэн дайн”-ы байдал нүдэнд харагдах шиг болж, сэтгэлд түгшүүр төрж байв.
Цааш нь, “Орчуулагч бол соёлын алтан аргамжааны бодлогын хүрээн дэх олон улсын зүтгэлтэн мөн” гэж орчуулагч нараа үнэлээд, “Бие даасан байгууллага “Орчуулгын хүрээлэн”-гийн үйл ажиллагааг Оросын Холбооны Улсын засгийн газар хойшид ч дэмжиж, үүгээр орос хэлнээс орчуулагчдын шинжээч нарын хамтын нийгэмлэгийн өмнө шинэ шинэ боломжийг нээн өгч, манай гараг дээр энх тайван, сайн буяны үзэл санаанд туслах нэгдмэл соёл мэдээллийн орон зайг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулах боломжийг бий болгоно гэдэгт итгэж байгаагаа Их хуралд оролцогчид илэрхийлж байна” хэмээн төгсгөжээ. Уран зохиолоо гадаадад сурталчилах талаар бүхэл бүтэн бодлого боловсруулдаг Оросын засгийн газар “Орчуулгын хүрээлэн”-г дэмжих нь баталгаатай юм даа гэж бодогдож байв шүү. Эд чинь соёлоо дээдэлдэг улс аа. “Оросыг уншигтүн” гэдэг нь оросын уран зохиолын шилдэг орчуулгад олгодог цорын ганц шагнал юм байна. Үүнийг хүртсэн дөрвөн хүн нь Испанийн Хоакин Фернандес-Валдес, Мексикийн Селма Ансира, Америкийн Лиза Хейден, Италийн Клаудия Скандура нар болно. Шагналд 5000 евро өгдөг юм байна аа.
Хэрэв манай төр засаг ийм сайхан арга хэмжээ зохион байгуулахыг дэмждэгсэн бол Монголын тухай Таван толгойгоос илүү сурталчилгаа болно доо гэж эцэст нь бодогдож байснаа хэлсү.
Хүн чулуутай мэндэлсэн минь
Хурал өндөрлөсний орой Чинбаяр, гэргий Алтанзул нар Чинбилиг, Чинсэцэн хоёр жоохныхоо хамт Коломены цэцэрлэгт хүрээлэнд шорлогоор дайлна гэж намайг авч явав. Тэнэг хүн идсэнээ гэдэг дээ. Идсэнээ өгүүлэхэд ч яах вэ дээ. Тэнэг гэгдвэл гэгдэнэ л биз. Оросын эртний түүхтэй энэ цэцэрлэгт хүрээлэн уужим сайхан юм аа. Оросууд ухаантай улс болохоор ийм цэцэрлэгтээ янз бүрийн барилга барьдаггүй, газрыг нь баячууд нь дээрлэхэн булааж авдаггүй юм байна аа. Гэтэл манайхан ганц хүүхдийнхээ цэцэрлэгт хүрээлэнгээ яалаа даа. Ай хөөрхий.
Ер далим гарсан дээр хэлэхэд, Москва хаяагаа тэлэн өндөрсөөд байхаас бус, хотынхоо төв рүү шаван өндөрсөөд байдаггүй юм байна. Хуучныхаа барилгыг манайхан шиг нураагаад хаячихдаггүй, түүхийн дурсгал болгоод тордож хадгалаад байдаг юм байна шүү. Тийн шорлогоо цохиж бартал, Зулаа энд нэг хүн чулуу байдаг гэлээ. Чих маань сэртэсхийгээд явчихав. Яахаараа хүн чулуу энд байдаг билээ? Нэг газраас л “нааж” дээ гэсэн шүү юм сэтгэлд орж байна. Үздэг хэрэг ээ. Чингээд тэд маань намайг дагуулан, 800 жилийн настай царс мод руу явав.
Тэр модны дэргэд хүн чулуу байдаг аж. Үгүй нээрээ, хүн чулуу байж байна аа. Түрэгийн үеийн гэгддэг хүн чулуунаас ондоо нь, хундгаа хоёр гараараа бэлхүүсэн тушаагаа барьжээ. Малгай нь түрэг хөшөөтэй адил. Мээмийг том, гэдсийг цүдгэр, хөлийг шөвийлгөн цоолборлосон юм байна. Тайлбар нь, XII зуун половын үеийн чулуун эмгэн/половецкая каменная баба/ гээд “баба” гэдэг үг түрэгийн “вава” гэдэг үгнээс үүсэлтэй гэжээ. Уг нь “баба” гэж эмэгтэй хүнийг баахан доромж аясаар нэрлэсэн энэ үгийг цэвэр орос үг гэж боддог байлаа л даа. Ийм үг орос хэлэнд аль овоо байдаг бололтой юм.
Ухаан нь, Кремль гэдэг нь хэрэм гэсэн монгол үг, Москва гэдэг нь мушгиа гэсэн монгол үг, арбат гэдэг нь аравт гэсэн монгол үг байх жишээний. Ингээд үзэхээр Москва хотын гол нэрс нь монгол үг юм биш үү! Половчууд гэж Евро-азийн талаар нутаглаж байгаад, Чингис хаанд түрэгдэн баруун тийш нүүгээд, Бат хаанд цохигдон Унгарыг бараадаж одсон угсаатан. Дээд язгуураараа бол баруун тийш ойж гарсан манай хүннү нартай бага ч гэсэн холбогдож магадгүй. Ийн би эртнийхээ нүүдэлчдийн төлөөлөгчтэй мэндлэв шүү.
Чингисийнхээ чулуунд мөргөсөн минь
Ленинград хот. Манай хатагины алдарт хүн Дамдинсүрэн багш “Алтан гадас” шүлгэндээ Ленинградыг Алтан гадас одтой зүйрлэсэн нь бий. Уг нь хотын нэрийг солиод, Санкт Петербург гэж бүр Цагаан хаант засгийнх нь үеийн нэрээр нэрлэсэн л дээ. Гэтэл галт тэрэгний буудлын хойт талын байшингийн орой дээр “Ленинград-город герой” /Баатар хот Ленинград/гэсэн гэрлэн чимэг байж байна аа. Түүх бол түүх юм даа. Үнэндээ Лениградын бүслэгдсэн түүх бол даан ч мартахын аргагүй түүх. Эх орны дайны түүхэнд хамгийн эмэгнэлтэйгээр орсон хот гэж Лениградыг хэлж болно.
Хичнээн хүн нь ч хөлдөж үхсэн юм. Хичнээн ч хүн нь өлбөрч үхсэн юм. Тэдний дотор өнчин өрөөсөн хүүхэд... Тэр хэцүү үед манай билгүүн номчБ. Ринчен доктор маань “Үүрийн туяа” романыхаа шагналыг Ленинградын өнчин хүүхдэд бүтнээр нь бэлэглэж байсан. Өөрийнх нь хэдэн хүүхэд өлөн зөлмөн байсан ч байж магадгүй. Үгүй гэхэд аавынх нь номын шагналынх гээд хэдэн чихэр ч өвөртлөөд ирээгүй л байхгүй юү. Гэтэл ленинградынхан үүнийг дурсдаг болов уу? Үгүй байх аа. Ер нь хүн гэдэг амьтан зовлонгоо барагдангуут ач энэ тэрийг мартаж орхидог шүү дээ. Рэ багшийн хэдэн төгрөг тэр олон өнчин, өлбөрч байсан хүүхдүүдийн аманд ч үгүй, хамарт ч үгүй л болсон байж мэдэх юм.
Гэхдээ л хүний сайхан сэтгэл гэдэг... Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд,
О.Чинбаяр бид хоёр Санкт Петербургийг зорьж явна. Галт тэргээр. Чингэхэд Радишевын “Петербургаас Москва руу аялсан нь” ном санаанд орж байв. Шөнө явсан болохоор зам зуурын байдлыг бүрэн ажиглаж чадаагүй л дээ. Гэхдээ л... Энэ нь хэдэн зууны өмнөх хамжлагын Орос орны тухай юм. Одоо үүнээс төрөл арилжсан юм шиг болжээ. Тэр ч байтугай нийгэм журмын Орос орныхоос ч ондоо болсон байх аа. Учир нь 70, 80-аад оны манайхны зуслангийн амбаар шиг юм ганц нэгхэн харагдаж байна, дандаа л хоёр гурван давхар цэмцгэр байшин модны завсраар үзэгдэнэ.
Ард түмнийх нь амьдрал хамаагүй дээшилсэн хэрэг л дээ. Бид хоёр галт тэрэгнээс буугаад, буудалдаа бүртгүүлэхээр явахад эртний хот гэдэг нь нүднээ тусч байна. Тийм ээ, эндхийн барилга бүхэн түүх өгүүлэх юм байна. Тэр бүх түүхийг өгүүлэн яаж барах. Иймийн тул хоёул зорьсон газар руугаа таксидав. Зорьсон газар гэвэл Эрмитаж. Энд хүмүүс урт дараалал болон зогсчээ. Харин цахим тасалбарт дараалал алга. О.Чинбаяр маань цахим тооцоолуурт үнэн сайн юм аа. Тэндээс цахим тасалбар аваад оочиргүй орж явчихлаа. Миний бие Парисын Лувр, Дрездений галерей гээд алдартай музейг үзэж нүд хужирлаж байсан. Эрмитаж бол миний үзэхсэн гэж мөрөөдсөн гурав дахь том музей юм даа. Хамгийн гол мөрөөдөл гэвэл Чингисийн чулууны бичигт мөргөж, зургийг нь авах. Манай Улаанбаатарт Үндэсний түүхийн музейн өмнө хуулбар нь бий л дээ. Гэвч хуулбар, эх хоёр гэдэг миний хувьд өдөр шөнө шиг ялгаатай. Учир нь энэ бол тэртээ арван гуравдугаар зуунд бүтээгдсэн хөшөө.
Чингис хаан Сартуулын аян дайнаас буцаж ирээд Бух сужиг гэдэг газар дайснаа дарж дархан цолоо мандуулсны их найр хийхэд, Хасарын хөвүүн Есүнхэй мэргэн 350 алд газар харваж, байг оносонд зориулсан хөшөө. Инженер Риймэд үүнийг нум сумаар харвасан бус, шинэ зэвсэг туршсан байх гэсэн таамаг дэвшүүлж байсан. Судлууштай л юм. Банзарын Доржийн анх олсон хөшөө маань ихээхэн адал явдлыг туулан байж Эрмитажид ирээд өдгөө гурван давхарт Монголын тасагт байна аа. Ер хөшөө мууджээ. Үсэг нь харагдахгүй шахам. Аргагүй юм даа. 800 гаруй жилийн өмнөх хөшөө шүү дээ. Германд Чингисийн сэдэвт үзэсгэлэн гарахад оросууд уг хөшөөг явуулсан боловч гурав дөрөвхөн хонуулаад буцаагаад авчихсан гэсэн яриа байсан. Ийм чухал нандин хөшөөг харамлах нь зүйн хэрэг. Хэрэв хөшөө манайд байсан бол 30-40-өөд онд эвдээд хэмхлээд хаячихсан байхыг байг гэхгүй. Оросууд эрхгүй соёлд, соёл түүхийн дурсгалд хайртай улс. Зургийг гэрэлтэй авлаа гэж тайлбарлагчид нь загнуулан байж зургийг хэд дараад, их хааныхаа сүнс сүлдэд мөргөөд гарлаа. Бас хоёр чонот илдний зураг авах санаа байсан боловч эдгээрийг үзмэрт гаргаагүй бололтой, хайгаад олсонгүй.
Санкт Петербург тэр чигээрээ музей хот юм. Петер хааны байгуулж байсан тэр үеийн байдлыг тэр чигээр нь хадгалан үлджээ. Ганц ч өндөр шилэн байшин харагдахгүй. Жуулчдын цуврах нь зогсолтгүй.
А.Герцентэй зургаа авахуулсан минь
О.Чинбаяр маань хэлж байна. Та Москвад ирсэн хүн байна. Улаан талбайгаар нэг орно байгаа гэж. Үгүй нээрээ, 27 жилийн дараа Улаан талбай /Уг нь Красный гэдэг нь Улаан биш, сайхан гэсэн үг юм билээ, Красна девица-Сайхан бүсгүй гэсэн шиг/, залууд миний босгыг нь элээж байсан ГҮМ ямар болж вэ, харчихад илүүдэх юун. Ингээд хоёулаа метродов. Б.Ренчин багшийн 50-иад онд зураглаж байсан, 60, 80-аад онд миний үзэж байсан талбай хэв хэвээрээ байна аа.
Москва хотын баяр хоёр хоногийн өмнө болсон учир баахан төмөр зангидаж, өндөр индэр босгосноо л буулгаж байв. Буянт Василийн сүм. А. Толстойн “Мөнгөн ноён” романд гардаг тэр солиот Василий л даа. Хичнээн солиотой ч Догшин Иваныг айлгаж байсан тэр эрд зориулан босгосон дугана. Би андуураагүй бол шүү. Гэтэл Догшин Иваныг монгол гаралтай гээд л бичих болж. Үнэн л байгаасай. Догшин ширүүнээрээ Орос орныг хуйлруулж байсан хаан шүү дээ. Хай, мэдэхгүй. За тэр ч яах вэ, ГҮМ-ээр цөм яваад өнгөрөв. “Русью пахнет” гэж оросууд ярьдаг даа, энд орос ханхлаж байна уу?” гэж О.Чинбаяр асууж байна.
Нээрээ, хаашаа л харвал гадаадын том том пүүсийн нэр англиар байж байна. Нэг хар эр зайрмаг зарж байна. Наймааны газар бол миний орох газар биш тул бушуухан гарахын түүс болов. О.Чинбаяр “одоо А.С.Пушкины хөшөө рүү явна” гэлээ. Тэр нь чихэнд тун наалдацтай сонсдож байна аа. Тэгсэн нь “замдаа нэг дэлгүүр үзүүлнэ” гэхэд нь “Дэлгүүрээр ч яах...” гээд үгээ дутуу залгив. Хүн юм үзүүлнэ гэж байхад. Тэгсэн нь, тэр бол Оросын бояр, хөрөнгөтнүүдийн үйлчлүүлдэг тансаг дэлгүүр байсан юмсанж. Одоо хүнсний дэлгүүр болж л дээ. Тэр чигээрээ уран зургийн галерей. Соёлоо хадгалах, дээдлэх гэж энэ. “Энэ бол муусайн хөрөнгөтний юм” гээд устгаад хаячихсангүй, аваад л үлдэж. Атаархмаар. Чингээд А.С.Пушкинийхээ хөшөөн дээр ирлээ.
Я помню чудное мгновенье
Перед мною явилась ты...
Энэ гайхамшигт мөрүүд одоо хүртэл чихэнд хангинасаар байнам.
Тэгсэн нь О.Чинбаяр “Манай сургуулиар орно оо” гэж байна. М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль А.Герцений төрсөн байшинд байдаг юм байна. О.Чинбаяр маань захирлуудынхаа контоорт дагуулж оров. Тэнд тэр мундагцуултай танилцаж хэсэг зуур хуучлав. Би ч юугаа хэлэх вэ, “энэ сургуулийн дээд курст сурах нь миний нэг мөрөөдөл байсан, тэр үеийн намын Төв Хороо, Зохиолчдын хороо хоёр намайг явуулаагүй” гэсгээд дуугүй болж, О.Чинбаяр маань л тэдэнтэй хууч хөөрсөн хэрэг. Чингээд О.Чинбаяр ангидаа орж зургаа авахуулав. Тэндээс гараад их сэтгэгч А.Герцений хөшөөний дэргэд батираа татуулавай.
Үүгээр 27 жилийн дараа Орос орны зүрхээр аялсан аялал маань өндөрлөв.
Москва-Санкт-Петербург-Улаанбаатар
Эх сурвалж www.wikimon.mn Го.Аким