logo
Каддафигийн хөрөнгө 19 тэрбум доллараар хэмжигдэж байна

Каддафигийн хөрөнгө 19 тэрбум доллараар хэмжигдэж байна

2011/10/27
Каддафигийн удаан жил ноёрхсон дэглмийн төгсгөл ойртож байна гэж ноён Обама мэдэгдэж байсан. Харин одоо Каддафи байхгүй боллоо. Түүний мэдэгдэж байгаа хөрөнгийн хэмжээ 19 тэрбум доллараар яригдаж байгаа. Ливи улсын бусад улс оронд байршуулсан мөнгө биш шүү. Зөвхөн өвгөн дарангуйлагчийн мөнгө. Харин Ливи улсын хэмжээнд гэвэл 150 орчим тэрбум орчим доллар гадны улсуудад хадгалагдаж байгааг тогтоогоод байгаа. Одоо яах вэ? Ливийн засгийн эрхийг түр барьж байгаа ҮШЗ хамгийн түрүүнд АНУ, Франц, Британи зэрэг холбоотон улсуудтай хамтран Каддафигийн мөнгийг олж, хууль ёсны дагуу ил тодоор хүлээн авах ёстой. Энэ нь мэдээж хугацаа шаардана. АНУ-д Ливийн 37 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө байсныг Нэгдсэн Улсын эрх баригчид Ливийн иргэний дайны үед битүүмжилсэн. Түүнээс 700 сая долларыг нь НҮБ-ын зөвшөөрлөөр  ҮШЗ-ийн дайчдыг дэмжих зорилгоор босогчдод өгсөн.
Нигер лүү зугтаагаад байгаа Каддафигийн нэг хүү Ал-Саади хөлбөмбөгчин байсан. Тэрээр Ливийн засгийн газрын мөнгөөр Италийн Ювентүс багийг худалдаж авч, санхүүжүүлж байж. Дарангуйлагчид их хэмжээний бэлэн мөнгөө ашиглаж чадаагүй баригдах, хорвоог орхих нь шинэ үзэгдэл биш юм. Жишээ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсыг 1965-1997 оны хооронд төмөр нударгаар удирдаж, Коммунизмын эсрэг баттай зогсож байсан Мобуту Сесе Секо засгийн эрхнээс хүчээр зайлуулагдахдаа 5 тэрбум орчим долларыг үлдээгээд явсан.  Саддам Хуссейн 7 тэрбум долларыг үлдээгээд гэнэт явна гэдгээ мэдээгүй байсан. Хосни Мубарак өнгөрсөн хавар зайлуулагдахад түүний хөрөнгө 70 тэрбумаар хэмжигдэж байсан. Саддам Хуссейн түлхэгдсэний дараа Иракийн шинэ засгийн газар олон улсын тусгай мэргэжлийн санхүүгийн баг хөлсөлж, Саддамын үлдээгээд явсан, эсвэл гадны улсуудад байршуулсан мөнгийг олуулж байсан билээ. Мэргэжлийн баг олон жил Саддамын мөнгөний араас мөшгисөн ч одоог болтол бүрэн хэмжээгээр нь олж чадаагүй л байна. Тэгэхээр Ливийн шинэ удирдлагууд Иракаас туршлага судлах хэрэгтэй. Ливийн шинэ эрх баригчид эхлээд санхүү болон эдийн засгийн зөв эрүүл, ил тод хөрс бэлдэж байгаад Каддафигийн мөнгөний араас хөөцөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бусад улсын адил дарангулагчийнх нь мөнгө нь олдохгүй тэр чигтээ замхарна гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш