logo
Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулж ажиллана

Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулж ажиллана

2016/10/11

Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах зорилготой “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль” 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар батлагдсан. Энэ хуулийн дагуу Засгийн газраас “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай” журам батлагдаж, Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр эрчим хүчний өндөр хэрэглээтэй 120 орчим байгууллага ажиллахаар болж байна.

Өчигдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний системийн үр ашиг” төсөл болон “Интегрейшн И-И” ХХК хамтран “Эрчим хүч хэмнэлтийн удирдлага ба түүний үр ашиг” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо  зохион байгууллаа. Энэхүү сургалтад эрчим хүчний  хэрэглээ өндөртэй 110 байгууллагын  удирдлага, инженер техникийн 150 гаруй ажилтан хамрагдсан юм. 

“Эрчим хүч хэмнэлтийн удирдлага ба түүний үр ашиг” сургалтад ХБНГУ-аас олон улсын мэргэшсэн экспертүүд оролцож, “Цахилгаан дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн эрчим хүч хэмнэлт”,  “Эрчим хүчний хэрэгцээ болон хэрэглээг харьцуулах, дүн шинжилгээ хийх ерөнхий аргачлал”, “ISO50001 стандарт” зэрэг  олон сонирхолтой сэдвээр танилцуулга хийн, илтгэл тавилаа. Мөн  Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, 2016 оны Засгийн газрын 294, 295 дугаар тогтоолоор батлагдсан журам, эрчим хүч хэмнэлтийн менежерийн үндсэн  үүрэг, Эрчим хүчний үр ашиг ба хэмнэлтийн тухай ерөнхий ойлголт, түүний үр өгөөжийн талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.



- Д.Бассайхан / Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч/: 120 орчим томоохон аж ахуй нэгж  үүрэг хүлээж ажиллана-

-Монгол Улс өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч гаднаас өндөр үнээр эрчим хүч худалдаж авдаг улс. Жилээс жилд эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж, нэмэгдэж байгаа хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийж байна. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэмнэж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан.  Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болох талаар олон жилийн өмнөөс ярьж, тооцоо судалгаа хийн, хуулийн төсөл  боловсруулж ажилласны үр дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороон дээр Эрчим хүч хэмнэлтийн хэлтэс байгуулагдаад ажиллаж байна.

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмуудыг Засгийн газар баталсан. Яг ямар журмууд батлагдсан бэ?

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос  тодорхой журмуудыг боловсруулж Засгийн газрын тогтоолоор батлуулсан байгаа. Тодруулбал, “Эрчим хүчний аудит хийх”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх”, “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах” гэсэн дөрвөн журмыг Засгийн газар баталсан.

-Дээрх хууль журмуудыг хэрэгжүүлэх ажлын явц хэр байна. Урьдчилсан тооцоогоор хичнээн аж ахуйн нэгж үүрэг хүлээж ажиллах вэ?

-Засгийн газраас батлагдсан журмуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийвчилсан заавар, бусад баримт бичиг боловсруулж байна. Журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчний хэрэглээнээс хамаарч үүрэг хүлээх үү, үгүй юу гэдгийг тогтооно. Өөрөөр хэлбэл Засгийн газраас босго хэмжээг тогтоож өгсөн. Жишээлбэл жилдээ  5 сая кВт.ц болон түүнээс дээш хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаа уул уурхайн компани,  2 сая кВт.ц болон түүнээс дээш хэрэглээтэй үйлчилгээний газрууд  үүрэг хүлээж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх төсөл арга хэмжээг компани дээрээ хэрэгжүүлж ажиллах юм. Одоогоор 120 орчим томоохон аж ахуйн нэгж  үүрэг хүлээж ажиллахаар байна.



-Бёрн Валштедь /Эрчим хүчний үр ашиг төслийн удирдагч/: Эрчим хүчний үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, олон зүйл хийхээр төлөвлөж байна-

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай хэр олон орон байдаг юм бэ?

- Эрчим хүч хэмнэх нь байгал уур амьсгалын өөрчлөлтөнд эерэг нөлөө үзүүлдэг, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тиймээс дэлхий нийтээрээ эрчим хүч хэмнэх, уламжлалт эрчим хүчний эх үүсгүүрүүдээс татгалзах чиг хандлагатай байна. Өнөөдөр  дэлхийн улс орнуудын 50-60 хувь нь Эрчим хүч хэмнэлтийн хуультай, бараг 80 орчим хувь нь төрийнхөө бодлогоор эрчим хүч хэмнэхийг дэмждэг.

Монгол орон өнгөрсөн жил Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан нь томоохон алхам боллоо. Олон улсын туршлагаас харахад  хууль эрх зүйн орчин бий болж байж, эрчим хүчний хэмнэлт хийх боломж нь бүрддэг юм. Энэ тал дээр ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг олон жилийн өмнөөс төсөл хөтөлбөр, судалгаа хийж, хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид эрчим хүчний үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, олон зүйл хийхээр төлөвлөж байна.

-Герман бол эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай орон. Мэдээж сайн туршлага олон байгаа байх?

- ХБНГУ-ыг Монгол улстай харьцуулахад эрчим хүчний үнэ  2-3 дахин өндөр байдаг. Тиймээс Германд аж ахуйн нэгжүүд төдийгүй айл өрхүүд ч эрчим хүчний хэмнэлтэд онцгой анхаарч ажилладаг. Хэрэглэгчид цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчний хэмнэлтийг хамгийн түрүүнд сонирхдог. Нэгдсэн стандарт тогтоогоод бараа бүтээгдэхүүн дээр цахилгааны хэмнэлттэй эсэхийг нь тодорхойлсон, цагт хичнээн хэмжээний эрчим хүч хэрэглэх вэ гэдгийг нь зааж өгсөн шошго наадаг. Мөн байшин барилгын эрчим хүч хэмнэлтэд онцгой анхаардаг.

Байшин барилга бүр өөрийн гэрчилгээтэй. Энэ гэрчилгээн дээр эрчим хүчний хэрэглээг нь тодорхойлоод тэмдэглэл хийдэг. Мэдээж бага эрчим хүч хэрэглэж байгаа барилга байшин илүү үнэ цэнэтэй. Монгол улсад эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр арга хэмжээ авахдаа цахилгаан эрчим хүчнээс гадна  барилга байшингийн дулаан алдагдалд  анхаарах нь илүү үр дүнтэй.




-Ц.Атаржаргал /Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга/: Томоохон байгууллагуудын зардлын 30-40 хувийг эрчим хүч дангаараа эзэлдэг-

-Ямар байгууллагууд үүрэг хүлээсэн хэрэглэгч болох вэ?

-Хамгийн товчхондоо эрчим хүчний хэрэглээ өндөртэй байгууллагууд үүрэг хүлээж ажиллана. Засгийн газраас тогтоосон босго хэмжээг эрчим хүчний хэрэглээтэй нь харьцуулж үзэхэд төр болон хувийн хэвшлийн томоохон үйлдвэрийн газрууд, эрчим хүчний компаниуд, зарим их дээд сургууль, эмнэлгүүд багтаж байна. Бидний судалгаагаар эдгээр байгууллагуудын эрчим хүчний жилийн хэрэглээ тухайн байгууллагын зардлын 30-40 хувийг дангаараа эзэлдэг. Зарим байгууллагууд үүнээс ч илүү хувийг зарцуулж байна. Эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлснээр жил бүр гардаг урсгал зардлаа бууруулах бүрэн боломжтой юм. Эдгээр байгууллагуудад техник технологио сайжруулж, шинэчлэх шаардлагатай. Мөн хаягдал дулааныг дахин ашиглах тал дээрээ анхаарах хэрэгтэй.

Жишээ нь жилд уурхайн байгууллагууд  5 сая кВт-аас дээш хэрэглээтэй , жилдээ 6-7 тэрбум төгрөгийг эрчим хүчний төлбөрт зарцуулж байна. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй 120 гаруй аж ахуйн нэгж эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ 10 хувиар бууруулахад жилдээ 42.9 тэрбум төгрөг хэмнэх урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс  Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь байгал орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой.

-Энэ хуулийн дагуу эрчим хүчний аудит, аудитор гэсэн шинэ нэр томьёо гарч ирж байгаа. Ямар хүн, ямар байгууллага эрчим хүчний  аудит хийх эрхтэй вэ?

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай гол хүний нөөц нь эрх, үүрэг бүхий Эрчим хүчний аудиторууд байх юм. Эрчим хүчний аудитор нь бидний мэдэх санхүүгийн аудитороос ялгаатай. Тэд тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, яагаад их цахилгаан хэрэглэж байна, энэ хэрэглээг  бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж, зардлын тооцоо судалгаа гаргаж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллана.  Өөрөөр хэлбэл эрчим хүчний зардлыг бууруулах арга замыг олж, хэрэглэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах ёстой. Аудиторуудыг Эрчим хүчний зохицуулах хороо  болон бусад мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран сургаж, дадлагажуулж, үнэмлэх олгох юм. Энэ ажил одоо ид дундаа өрнөж байна.

-Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүчний аудит хийлгээгүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөж ажиллаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Журмын хүрээнд үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь 18 сарын дотор өөрийн эрчим хүчний хэрэглээнд эхний аудит хийлгэх үүрэгтэй. Ямар аудитороор аудит хийлгэхээ байгууллага өөрөө сонгож, гэрээ байгуулан ажиллах эрхтэй.Мэдээж хууль, тогтоомжийг мөрдөөгүй тохиолдолд  тооцох хариуцлага бий. Энэ хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт тодорхой тусгасан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш