logo
Шархадсан болжмор шиг залуусаа аврах уу эсвэл...

Шархадсан болжмор шиг залуусаа аврах уу эсвэл...

2016/10/21

“Нийгмийн тогтолцоонд үүсээд байгаа гажгийг засах цаг ирсэн” гэх үгээр улстөрчид сүүлийн үед гангардаг болж. Зарим нь улс орны хувь заяа улс төрийн намуудын гарт биш эсрэгээр төрийн эрх мэдлийг авах замаар хөрөнгөжиж байгаа хэсэг бүлэг нөхдийн гарт очлоо хэмээн мэдэгдэж эхлэв.

Тэднийг ийн завсаргүй шинэчлэл ярьж, нийгмийг хошгируулан бужигнуулж байх хойгуур улс орныг нуруундаа үүрч яваа гол гол салбарууд нэг нэгээрээ дампуурч, зарим нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. 

Үнэн хэрэгтээ сонгуульд олонх болсон улс төрийн нам томилгоо нэрээр албан тушаалыг бялуу болгон түгээж эхэлснээр салбарууд ийн толгой гуйдахад хүрчихээд яваа. Нөгөө талаар томилгоо нэрээр цагаасаа эрт тэнгэрт “ниссэн” залуухан баатрууд дараагийн нам засаглах үед шархадсан болжмор шиг өндрөөс унадаг дийлэнх нь дахин сэхэхийн аргагүй шархдаж байгаа нь энэ цагийн эмгэнэл.

Гайхалтай нь улс төрийн томилгоогоор гэнэт тушаал дэвшсэн нөхөд өөрсдийн чадлаар дарга болсон мэт авирлаж мэргэжлийн, байгууллагын эрх ашгаа умартан цээжээ дэлдэх нь энэ нийгэмд ердийн үзэгдэл болон хэвшжээ. 

Гэвч тэд хөрвөх чадвар муутай учраас өндрөөс унахдаа эргээд үүрэндээ ирцгээдэг. Ингээд ичих нүүрээ хааш нь хийх вэ гэдэг том асуудалтай тулгардаг нь тоогүй. Энд нэг салбарын жишээг дурдая. ИНЕГ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө Монгол Улсын зүгээс хүлээсэн нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй мэргэжлийн агентлаг.

Улс орны тэргүүлэгч салбарын нэг ИНЕГ 2012 оноос хойш дөрвийн дөрвөн түр орлон гүйцэтгэгч даргатай ажилласан. Тэд бол С.Буяндалай, Т.Лхагвасүрэн, Ц.Эрдэнэбилэг, Г.Нямдаваа нар.

Шинэчлэлийн Засгийн газрын үед томилогдсон С.Буяндалай, Т.Лхагвасүрэн нарыг УИХ-д дахь бие дааж нэр дэвшигчид, АН-ын Алтан гадас фракцууд томилуулсан бол Ц.Эрдэнэбилэгийг УИХ-ын дарга асан З.Энхболд илгээсэн гэдэг юм. Томилгоо хийсэн улс төрийнхөн мэргэжлийн салбарт дотроос нь ажлаа мэддэг мэргэжлийн хүнийг томилсон гэж өөрсдийгөө зөвтгөх байх л даа. 

Гэвч нисэхийн салбарын удирдах ажил зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой нэгнийг биш шат дараалсан академик боловсрол эзэмшиж, олон жилийн ажлын дадлага, мэргэжлийн мэдлэг ур чадвар хуримтлуулсан хүнийг хүлээж байдгаараа онцлогтой. Улс орны тэргүүлэх салбар, олон улсын түвшинд эн зэрэгцэн ажиллаж, шийдвэр гаргадаг албан тушаал учраас энэ суудал гадаад харилцагчдадаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний, хүнтэй ажиллах эв дүйтэй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй нэгнийг хүлээж байдаг гэсэн үг.

Ийм хэмжээний бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс энэ салбарт олноороо бий. Гэвч улстөржсөн энэ цаг үед тэднийг зөвхөн ажлын фронтоос л харж болно. Төр бужигнаж байхад тэд мөрөөрөө хөдөлмөрлөөд, салбарын ажлыг нуруундаа үүрээд сууж байдаг нь үнэн.

Өнгөрсөн дөрвөн жилд ИНЕГ-ын даргаар тус бүр таваас арван нэгэн сар ажилласан нөхөд агентлагийн ажлыг хийхээс илүү өөрийг нь томилсон даргадаа өр төлөх, тэдний хүслийг гүйцээх хүүхэлдэй болж явсаар халагдсан талаар хэвлэлүүд үе үе бичиж байв.

Нөгөө талаар тэд эздийнхээ шахааны хүмүүсийг ажилд авахын тулд бүтцийн өөрчлөлт нэрээр салбарын нарийн мэргэжлийн, удаан хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан, салбартаа болон гадаадад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн ажилтнуудыг үндэслэлгүйгээр хоморголон халсан нь баримт болоод үлджээ. Харин тэд одоо хаана яваа вэ?

С.Буяндалай агентлагийн даргаас буугаад хэсэг хугацааны дараа Нислэгийн хөдөлгөөний албанд жирийн ажилтнаар очсон. Газрын дарга хийж байгаад ингэтлээ доош “унасан” хүн энэ ажилдаа дасах гэж багагүй л зовсон байж таараа. Бас тэр АТГ-т дуудагдаж, чамгүй зовлон амссан. Дараагийн дарга Т.Лхагвасүрэн асан. Мөн л ажлаа өгөөд олон сар хууль хяналтын байгууллагын үүд хаалгыг сахисан.

ИНЕГ-ын даргаар ажиллаж байхад түүний өрөөнд гадна дотнын таних танихгүй хүмүүс цугларч, даргыг өдөр бүр сархадаар дайлдаг байсан гэж ойрын эх сурвалжууд нь ярьдаг. Сахарын өвчтэй, элэг муутай байсан тэрбээр тун саяхан ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин С.Эрдэнэбилэг даргын хувьд олон сар ажилгүй явж байгаад МИАТ компанид ажиллахаар болсон мэдээ байна.

Зөвхөн газрын дарга нарын тухайд ийм.

Дэд даргаар ажилласан 4-5 залуугийн ажил, албан тушаалын карьер өнөөдөр мөн л бүрхэг байгаа. Тэдний зарим нь салбартаа ажиллаж чадахгүй байгаа юм. Дарга байна аа гэдэг амар ажил биш. Хүн удирдана, салбар удирдана. Тэр тусмаа салбарын тухай ойлголт үгүй бол дарга байх цагтаа мянга хүчээр шийдвэр гаргаад ч хэрэггүй. Даргархаж гүйсээр эцэстээ шархадсан болжмор шиг өндрөөс унадаг гэдгийг залуус одоо л ойлгохгүй бол оройтох нь байна шүү. 

Үүнээс гадна Хөгжлийн банкны захирлаас эхлээд өнгөрсөн дөрвөн жил гэнэт тушаал дэвшсэн олон залуу гэнэт гудамжинд гарч, албан тушаалд томилсон дарга нартаа өр төлөхөөр хууль бус юманд хутгалдан эцэстээ хуулийн байгууллагын хаалгыг татаж, хоригдож шалгагдаж байгаа юм.

Цаг нь ирэхэд нарийн мэргэжлийн салбарын бодлогыг тодорхойлох, гол мэргэжилтнүүдийн нэг байх хэмжээний сайхан залуусыг хүн удирдах арга ухаан, салбарын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрээгүй байхад улстөрийн намын томилгоо нэрээр хөөргөөд тавьчих нь хувь хүндээ ч, салбартаа ч, нийгэмдээ ч хортойг бид хангалттай харлаа.

Мэдлэг, боловсрол, туршлага, шударга зан чанар, мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүндтэй хүн үү, үгүй юу гэдгийг үл тоон хэн нэгнийг албан тушаалд дэвшүүлэх нь хүнд тус биш ус болдог. Заримыг нь худалч хүнд амьдаар нь үхүүлж орхидог жишээ цаашид улам олон болох нь ээ. Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийгээд хэн юуг хожсон юм бэ?

Д.Отгонжаргал
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш