logo
Г.Ариунбаатар: Хайртай Монгол орноо би бахархан дуулна, Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ сүслэн дуулна, аав л ээжий хоёроо хайрлан дуулна, сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна

Г.Ариунбаатар: Хайртай Монгол орноо би бахархан дуулна, Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ сүслэн дуулна, аав л ээжий хоёроо хайрлан дуулна, сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна

2016/11/01

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их хурлын дарга аа,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Бүрэн эрхт Монгол Улсын иргэн миний амьдралд тохиож байгаа онцгой баярт мөчийг хуваалцахаар морилон саатсан эрхэмсэг хатагтай ноёд оо,

Та бүхэндээ монголчуудын дээд шүтээн Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өлзийт өдөр- Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ баярт өдөр намайг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж буйг гүн хүндэтгэлтэй, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье.

            Би- өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн эгэл малчин Аав Ээж хоёр, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билиг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад баярлаад барахгүй байна.

            Энэ сайхан нутгаа онож төрсөн их азтай хүн. Хөндий тал хүүшилсэн, мал сүрэг багширсан, дэлхийд хосгүй монгол уртын дууны Баянбараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн сайхан нутагт би төрсөн. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус намайг дуучин болох заяаг минь тэтгэсэн юм.

            Би бас их хувь заяанд өсөж өндийсөн хүн. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж, дөлийг өрдөж дуулахуйн их эрдэмд шамдуулан, дэлхийн их урлагийн амтыг нь мэдрүүлж, дөрөөнд сүү минь дусаасан сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан. Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтөний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй ухаан чадал, хүч авьяасаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодог. Дэлхийн дуучдын эрэмбийг тогтоох олон удаагийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж, алдартан суутнуудтай нэгэн тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань ачит багш нар, ард олон, нутаг ус, эх орны минь ач ивээл билээ.

            Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзанд дуулахаар гарах тэрхэн агшинд тулаанд орж байгаа эрсийн цэргийн адил – “Би монгол хүн, би Монголын дуучин” гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлийсхийж, хөхөмдөг уулс нь налсхийхийг мэдэрдэг. Би ингэж хүч авдаг. Хүний газар, тайзнаа дуулахаар гарахдаа “монгол дуучин хаанахын хэнээс ч дутах ёсгүй” гэж, харин өөрийнхөө нутагт “намайг сонссон бүхнийг баярлуулах юм” гэж зоригжуулж бэлддэг.

            Монголын сонгодог урлаг, үндэсний урлаг, соёлын үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигч, үзэгч, сонсогч Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье. Миний гаргасан амжилт бол сонгодог урлагт сэтгэл зүтгэлээ өгсөн олон хүний итгэл, хайр, бахархал, хөдөлмөрийн үр шим юм.

            Би монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний эх орон бол уул ус, говь тал нь бүрдэж хосолсон дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбиун, уудам цэлгэр амьдын диваажин. Эзэн бид л хичээж чадвал энэхэн замбуулангийн хамгийн сайхан орон, хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг. Энэ сайхан орныг минь эцэг өвгөд, Их эзэн Чингис хаан бидэнд хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань бидний сүр хүч, сүлд хийморь болон авч явдаг.

            Аугаа их Чингис хааныхаа мэндэлсэн өдөр түүний алдрыг дуурсгасан төрийн дээд, тэргүүн зэргийн одонг хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр итгэл найдвар гэж үргэлжид сүслэн дээдэлж явах болно.

            Сонгодог дуулаачийн урлагт монгол хүний авьяас чадварыг өндөрт өргөж миний ард түмэн, алдар суут хөгжмийн зохиолчдын туурвин бүтээсэн дууны далай их сан хөмрөгөөс дэлхийн хүн зоны сонорт хүргэж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө алд биеэ бүрэн зориулах болно.

            Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын мэргэн үг бий. Монгол хүн бүр, үеийн маань залуучууд хэн ч бай, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, үнэн шударга, эрхэм зорилготой хичээн зүтгэж чадвал Эх орны минь алдар суу дэлхий дахинаа түгэн цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж, дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлзэхгүй байна.

            Хайртай Монгол орноо би бахархан дуулна; Их эзэн Чингис хаан, ухаант өвөг дээдсээ би сүслэн дуулна; аав л ээжий хоёроо би хайрлан дуулна; сайн сайхан бүхнийг би дээдлэн дээдэлж дуулна.

            Их эзэн Чингис хааны минь сүлд Та биднийг өргөн тэтгэж монгол хүний хийморь золбоо дээшээ байж, эх орон минь өнө мөнхөд орших болтугай.

            Та бүхэнд баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш