logo
УИХ-ын дарга М.Энхболд Төвдийн төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын дарга М.Энхболд Төвдийн төлөөлөгчидтэй уулзав

2016/11/01

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Төвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Төвдийн Өөртөө Засах Орны дэд дарга Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон зууны түүх, соёлын хэлхээ холбоотой Төвдийн төлөөлөгчид парламентын шугамаар Монголд анх удаа айлчилж буйд УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргээд хоёр орны харилцаа төр, нийгэм, соёл, иргэд хоорондын гээд бүхий л салбарт амжилттай хөгжиж байна гэв.

Түүнчлэн хөрш зэргэлдээ БНХАУ-тай харилцах харилцааг манай улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ гэж үздэг. Хоёр орны харилцаа бүхий л түвшинд нэн амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Амжилттай хөгжиж буй харилцааны нэг гол салбар нь парламент хоорондын хамтын ажиллагаа бөгөөд 2016 оноос харилцаа илүү шинэ хэлбэр буюу байнгын механизм бий болгох чиглэлд шилжиж байна гэдгийг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 2014 онд хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, 2015 онд Парламентын дэд дарга нар Улаанбаатарт уулзсан бол энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Бээжинд хоёр талын уулзалт болох гэж байгааг онцлов.

Тэрбээр “Та бүхний Монгол Улсад хийж буй айлчлал хоёр улсын парламент хоорондын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Төлөөлөгчдийн тэргүүн Бямбадаш хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны мэндчилгээг уламжилж, Төвдөд морилон саатахыг урив.

Тэрбээр “Төвд бол БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг юм” хэмээн онцлоод Төвд орон 1951 онд энх тайвнаар чөлөөлөгдөж, 1959 онд ардчилсан шинэтгэл хийгдэж, 1965 онд Өөртөө засах орон байгуулагдсан юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Төвд орон бүхий л салбарт гайхалтай хурдацтай хөгжиж, Төвдийн ард түмний амьдрал эрс шинэчлэгдлээ. Тухайлбал, 1951 онд Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 150 сая юань байсан бол 2015 оны байдлаар 102 тэрбум юаньд хүрээд байна гэв.

Ноён Бямбадаш “Төвд орон БНХАУ-ын дарга Си Зиньпин, ХКН-ын удирдлага дор 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Төвдийн ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Төвдийг БНХАУ-ын нэгэн хэсэг гэж үздэг манай улсын гадаад бодлогын уламжлалт чанар хэвээр хадгалагдаж байгаа. Төвдийн өөртөө засах орныг эрчимтэй хөгжлийн замаар замнуулах зорилт тань биелнэ гэдэгт итгэж байна” гээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Л.Болд болон Төвдийн Өөртөө Засах Орны АТИХ-ын төлөөлөгч, Төвдийн Өөртөө Засах Орны АТИХ-ын Үндэстэн, шашин, цагаачдын хорооны дарга Тунгаа, БХАТИХ-ын төлөөлөгч Ёндон, Жамъянням нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш