logo
Хорих ял сонссон ИТХ-ын төлөөлөгчийг огцруулахыг шаардсан сонгогч шүүхээр бурууджээ

Хорих ял сонссон ИТХ-ын төлөөлөгчийг огцруулахыг шаардсан сонгогч шүүхээр бурууджээ

2011/10/27
Гэмт хэрэгт холбогдож, гурван жил долоон  сарын хорих ялаар шийтгэгдсэн албан тушаалтныг огцруулах гэж шүүхэд гомдол гаргасан сонгогч нь буруудсан байх юм. Өөр оронд бол “ Ичмээр дамшиг даа” гэхээр зүйл. Албаны машинаар зусландаа хүргүүлснийхээ төлөө огцорсон Герман сайд, сайдын албан тушаалд очоод долоохон хоногийн дараа зохисгүй үг хэлснийхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад огцорсон япон сайд нарын “хэргийг” үүнтэй зүйрлүүлэх ч арга алга.
Монголчууд хэзээнээсээ төрөө дээдэлж, төрийн сүлдэнд залбирч ирсэн ард түмэн. Харин өдгөө төрийн сүлдэнд залбирагсдын тоо цөөрч, төрд итгэх итгэл алдрах болсон нь төрийн нүүр царай болсон  дээд болон дунд шатан дахь төрийн албан хаагчид, улстөрчдийн зүй бус үйлдэл олширсонтой холбоотой буй за. Өөрийгөө төлөөлөх иргэдийн төлөөлөгчөөр гэмт хэрэгтэнийг сонгохыг хүсээгүй  сонгогчдын амыг албан тушаалтанууд болон шүүх хэрхэн таглаж  буйг энд өгүүлэх юм.   Дархан-Уул аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчөөр сонгогдсон Б.Мягмардаш бүлэглэж гэмт  хэрэг үйлдсэнийхээ төлөө  Нийслэлийн Баянзүрх дүүргийн  шүүхийн  2008 оны аравдугаар сарын 20-ний өдрийн  513 дугаар  шийтгэх тогтоолоор гурван жил долоон сарын хорих ялаар шийтгэгдсэн аж. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч гэхээр манайд бол анхаарал татахаар албан тушаал биш л дээ. Гэхдээ нийслэлийн сонгогчид Дарханыхаас илүү хүндлэгдэх ёстой. Эсвэл УИХ-ын гишүүнээр ёс зүйтэй хүн сонгогдох ёстой, ИТХ-ын төлөөлөгчөөр бол гэмт хэрэгтэн ч  сонгогдож болно гэсэн юм байхгүй. ИТХ-ын төлөөлөгчид батламжлагдахаас өмнө ч маргаан дэгдээсэн энэ хэрэг ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр байна.
Уг нь бол сонгогчид эсэргүүцэж тэмцэхээс өмнө улстөрчид өөрсдөө санаачилгыг гартаа авч болох л байсан.  Ёс зүйтэй улстөрчидтэй байсан бол шүү дээ. Ноён Б.Мягмардаш хэрэгт холбогдож ял сонссоныхоо дараа сонгогчдоо хүндлээд “Итгэлийг тань дааж чадсангүй” хэмээн уучлал гуйгаад огцорч болох байсан.   Үүнээс арай өөр ч  Монголын нөхцөлд  байж болохоор хувилбар нь сөрөг хүчнийхэн нь шаардлага тавьж, мань төлөөлөгчийг огцруулах шийдэл байлаа. Гайхалтай нь  Б.Мягмардаш Дарханы Ардчилсан намын дарга, ИТХ-ын дарга Л.Гүнчин Монгол ардын намд харъяалалтай ч энэ удаа Л.Гүнчин дарга өрсөлдөгч рүүгээ довтлох боломжоо ашигласангүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй өрсөлдөгчдийн хувьд үүнийг тайлбарлахад хэцүү. Тэр ч байтугай иргэдээс энэ асуудлаар гомдол гарахад хүртэл Л.Гүнчин хөдлөөгүй байна. Л.Гүнчин даргад удаа дараа шаардлага тавьсан иргэн С.Наранцэцэг эцэст нь шүүхэд ханджээ.  Тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Б.Мягмардашийн ял шийтгүүлсэн байдал нь огцруулах үндэслэл болж байхад  ИТХ санаачилгаараа огцруулаагүй нь нийтийн эрх ашгийг зөрчиж байна”хэмээн үзсэн аж. Мөн ”Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй… Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчинд торгох шийтгэл ногдуулах,  ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмардашийг  хуульд заасны дагуу огцруулахыг Л.Гүнчинд даалгах”-ыг хүсчээ.  Шүүхэд дуудагдахдаа тулсан ч Л.Гүнчин сөрөг намынхаа даргыг цээжээрээ хамгаалж, “Б.Мягмардаш ялаа эдэлж дуусаагүй,  Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэнээр ялгүй болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээх тайлбарыг шүүхэд хүргүүлжээ.  Ийнхүү сөрөг намынхаа удирдагчийг халуунаар хамгаалсан явдлыг орон нутгийнхан  дээр дооргүй нэг хөнжилд хэлхэлдсэн  МАНАН-тай холбож тайлбарлах болжээ.  
Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүх “…нэхэмжлэгч С.Наранцэцэгийн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчинд  Дархан-Уул аймгийн  Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Мягмардашийг  огцруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”, Л.Гүнчинг торгохоос татгалзжээ. Иргэн С.Наранцэцэг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Харин тус шүүхээс “С.Наранцэцэг нь тус аймгийн Дархан сумын гуравдугаар багт  оршин суудаг иргэн боловч Б.Мягмардашийг аймгийн  Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгосон сонгуулийн тойргийн сонгогч биш болох нь нотлогдсон тул Б.Мягмардашийг  аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс огцруулах асуудлыг  шийдвэрлэхгүй байгаа  хурлын даргын эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хууль ёсны  ашиг сонирхлыг  хөндсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ. Шүүгч энэхүү хариуг бичихдээ Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б. Мягмардаш хэмээснээ анзаараагүй бололтой. Тэр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг тэддүгээр багийн иргэдийн төлөөлөгч хэмээн бичээгүй мөртлөө сонгогчийг болохоор  аймгийн иргэн бус багийн иргэн хэмээн жижигрүүлжээ. Энэ утгаар бол  УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг гэхэд л Монгол Улсын УИХ-ын  гишүүн гэх бус Дарханы гишүүн гэх  юм байлгүй. 
 Гэхдээ Б.Мягмардашийг сонгосон тойргийн сонгогч бас  шүүхэд хандсан байна. Иргэн  О.Гэрэлмаа шүүхэд нэхэмжлэл  гаргахдаа “Дархан-Уул аймгийн ИТХ-ын  төлөөлөгч Б.Мягмардашийг Монгол Улсын  засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  13-р зүйлийн 13-ын 2-т заасны дагуу огцруулахыг  Дархан-Уул аймгийн  ИТХ болон хурлын дарга Л.Гүнчинд даалгаж өгнө үү” гэжээ. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхээс 2011 оны зургадугаар сарын 3-ны өдрийн шийдвэрээр аймгийн ИТХ-ын  төлөөлөгч Б.Мягмардашийг  ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулахыг  ИТХ-д нь даалгасан аж.  Гэсэн ч ноён Б.Мягмардаш эргэлзэж тээнэгэлзсэнгүй давж заалдсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлаас өгсөн хариу нь харин сонин. Өмнөх сонгогчийг тойргийн сонгогч биш хэмээн өөнтөглөсөн мөртлөө энэ удаа тойргийн сонгогчийг нь  “Гэхдээ төлөөлөгч Б.Мягмардашийг огцруулахгүй байгаа явдал нь нэхэмжлэгчийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй байна” хэмээн мэдэн будилсан байх юм. Ширэн нүүртэй  улстөрчдөд тохирсон шүүгчид юм гээч.  Уг хэрэг  Дээд шүүхэд хүрч үргэлжиж байгаа аж.
Базархандын Мягмардаш “булган сүүлтэй” төлөөлөгч бололтой. Хэдхэн өдрийн өмнө  Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын бас нэг төлөөлөгч ял сонслоо. Аймгийн НААҮГ-ын дарга иргэдийн хурлын төлөөлөгч  Д.Баяраа  төрийн мөнгө завшсан хэрэгтээ Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээс ял сонссон юм. МАХН-аас угшилтай өөр нэг төлөөлөгч Т.Эрдэнэбадрах авлигалын хэргээр цагдаад шалгагдаж байна.  Дархан сумын иргэдийн хурлын төлөөлөгч, музейн дарга хүртэл аймгийн хурлын төлөөлөгч  “Ах” нарынхаа шийрийг хатааж, согтуугаар машин жолоодож яваад хүн дайрсан мэдээлэл цацагдав. Энэ бол аймгийн иргэдийг төрд төлөөлөх байгууллага болохоос биш гэмт хэрэгтэнүүдийн үүр уурхай биш байлтай. 12 жилийн турш аймгийн ИТХ-ыг даргалж байгаа Л.Гүнчин дарга өөрийн намын ч, өрөөлийн намын ч гэмт хэрэгтэнүүдээс иргэдийн хурлыг цэвэрлэж, ёс зүйг дээдэлж, хуулийг сахиулмаар юм.  Сонгогчид гэмт хэрэгт холбогдсон төрийн түшээгээ эргүүлэн татахын тулд хэр урт замыг туулах бол. Ёс зүйгүй улстөрчид ёс зүйгүй нийгмийн гинжин хэлхээг бүрдүүлж буй. Энэ гинжин урсгалыг  шударга ёсны төлөөх иргэдийн тэмцэл л тас цохих билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш