logo
Монголд үйлдвэрлэсэн шатахуун  830-1030 төгрөгийн үнэтэй байх урьдчилсан тооцоо гарчээ

Монголд үйлдвэрлэсэн шатахуун 830-1030 төгрөгийн үнэтэй байх урьдчилсан тооцоо гарчээ

2011/10/28
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. 
Манай орны нутагт хийсэн судалгааны үр дүнд газрын тос хуримтлагдсан болон хуримтлагдсан байх төлөвтэй мезозойн тунамал хурдаст 13 томоохон сав газар, 50 орчим дэд сав газрыг ялгасан аж. 1990-1991 онд эдгээр сав газрын хүрээнд газрын тосны хайгуулын 22 талбай, 2001 онд нэмж газрын тосны талбай хайгуулын 2 талбай, 2005 онд нүүрсний метан хийн хайгуулын 1 талбайг тус тус ялгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон улсын нээлттэй тендер зарласнаар Монгол Улсыг газрын тосны хайгуулын ажиллагаа сэргэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай дараах долоон компани хайгуулын 10 талбайд Газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан газрын тостой холбогдсон үйл явуулж байгаа бөгөөд Дорнод, Дорноговь аймгийн Тамсаг, Зүүнбаянд газрын тосны хэтийн төлөв бүхий үндсэн нөөц тогтоогдож, боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэл тавигдаж байгаа юм.
 Монгол улсад газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлсэн ба 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортлоод байгаа бөгөөд туршилтын олборлолт явуулж дээрх компаниуд олборлосон түүхий тосоо Зүүнбаян, Цагаан Элсний ордоос төмөр замаар, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Тосон Уулын ордоос түүхий тос тээвэрлэх тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн БНХАУ-д экспортлодог байна.
Манай улсын хэрэгцээг хангах 2 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2-4 жилийн дотор барьж ашиглалтанд оруулах тооцоо бий бөгөөд үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 1 жил шаардагддаг байна. Иймд дотоодын хэрэгцээг хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс нэр бүхий гишүүд дээрх тогтоолын төслийг боловсруулжээ.
Эдгээр жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардардах хөрөнгө болон эрсдлийг 100 хувь тухайн төсөл хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хариуцах учир манай улсын эдийн засагт болон төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид тайлбарласан. юм.
УИХ-ын гишүүд Монголд үнэхээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий эсэх, түүхий эдээ хаанаас авах, үр ашигтай ажиллаж чадах уу, үйлдвэрлэсэн шатахуун гаднаас авдагаас хямд байж чадах уу гэх мэт асуудлыг сонирхож байлаа.
Хууль санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарын тайлбарласнаар,  үйлдвэр байгуулах бололцоо Монгол бий аж. Нийтдээ 17 компани газрын тосны жижиг үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ээ боловсруулаад зөвшөөрөл авахаар ЭБЭХЯ-нд хандаад байгаа ажээ. Тийм ч учраас гаднаас хараат байдаг дээрх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор асуудлыг УИХ-д тавиад байгаа гэлээ.
Манай орны хувьд газрын тосны нөөцөө энэ онд тогтоон, дэлхий нийтэд баталгаажуулж чаджээ. Нийт 200 сая тонн газрын тосны нөөцтэй гэдэг нь тогтоогдсон хэдий ч олборлож боловсруулах бололцоотой нь 20 сая тонн юм байна. Тиймээс эхний ээлжинд зүүн бүсийн хэрэгцээг хангах, жилд 200 мянган тонн газрын тос боловсруулах чадалтай жижиг үйлдвэр барих бодлогыг баримталж байгаа гэж сайд хэллээ. Нэгэнт Монгол Улсын газар нутаг дээр илрээд байгаа газрын тосны нөөцийг ашиглах учир энэ тал дээр төр өөрөө оролцох хэрэгтэй гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.  Ингээд Дорнодын Чойбалсанд Засгийн газрын оролцоотой үйлдвэр байгуулахаар шийдээд байгаа гэлээ.
Материалаа ирүүлээд байгаа 10 гаруй компанийн ТЭЗҮ-ээс харахад үйлдвэр нь 1.5-4 жилийн хугацаанд баригдахаар байгаа юм байна.
Үнийн хувьд Роснефьт-ээс авч буй шатахууны хэрэглэгчдэд хүрч буй жижиглэнгийн үнэ 1500-1560 төгрөгийн үнэтэй байгаа бол жижиг үйлдвэр байгуулах гэж буй “Хэт” компанийн нэг литр шатахууны үнэ 1030 төгрөг, “Сүмбэр ойл” компанийнх 890 төгрөг байх тооцоо гарчээ. Ер нь нийт компаниудын үйлдвэрлэх шатахууны үнэ ОХУ-аас авч байгаагаас 500-600 төгрөгөөс хямд байх гэнэ. Гэхдээ энэ тооцоо ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоон дээр үндэслэсэн учир бага хэмжээгээр хөдлөх аж. 
Гишүүд ийнхүү хэлэлцээд уг бодлогын шинжтэй тогтоол болгон хэлэлцье хэмээн санал нэгдлээ.
Г.Бурмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш