logo
Цахилгаанаар халаалтаа шийдэх иргэдэд зөвлөж байна

Цахилгаанаар халаалтаа шийдэх иргэдэд зөвлөж байна

2016/11/10

Гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байна.

Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 60 шахам хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид байна. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус компанийн нийт хэрэглэгчийн тоо 345 мянгыг даваад байгаагаас 147 мянга нь гэр хорооллын бүсэд хамаардаг өрхүүд юм.

Эдгээр хэрэглэгчийн цахилгааны сарын дундаж хэрэглээ нь 2015 – 2016 онд шилжих хүйтний улирлуудад халаалтаа хэрхэн шийдсэнээс хамаараад 260 – 2600 кВт.ц байсан байна. Цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхийн сарын дундаж хэрэглээ 500 кВт.ц-аас дээш байна гэж үзвэл нийслэлд 13 мянга шахам гэр хорооллын өрх халаагуур ашиглаж өвөлжсөн гэх тооцоо бас гарч байжээ. Энэ тоо 2016 – 2017 онд шилжих өвөл нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас цахилгаан халаагуураар халаалтаа шийдэж байгаа хэрэглэгчдэдээ хандаж дараах зөвлөгөөг хүргэж байна.

-       Гэр хороолол дахь тоолуурын нэгдсэн щитэд холбогдсон өрхийн тоолуур, автомат нь хамгийн дээд утгаараа 40А авах зориулалттай байдаг. Тиймээс 7.5 кВт-аас бага чадал шаардагдах цахилгаан халаагуур сонгож авахыг зөвлөе. Өөрөөр хэлбэл 7.5 кВт-аас дээш чадалтай халаагуур залгавал таны тоолуур шатах, автомат дахин дахин унах, эвдрэх болно. Цаашилбал цахилгаан  эрчим хүч дамжуулж байгаа шугам сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж, олон хэрэглэгчийн цахилгаан хангамж тасрахад хүргэдэг.

-       Цахилгаан халаагуур нь одоо хэрэглэж байгаа ахуйн хэрэглээ (220B)-ээс өндөр чадал шаардагдах тохиолдолд УБЦТС ТӨХК-аас техникийн нөхцөл аваарай. Ингэснээр таны хэрэглэх халаагуурын чадалд тохируулан тохиромжтой хүчдэлд холбож өгөх учраас дээрх асуудал гарахгүй.

-       Сүүлийн үед цахилгаан халаагуур, бойлерыг гар аргаар хийх нь ихсэж байгаагаас хүний амь нас, эд хөрөнгөд халтай олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Шинээр тавьсан үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч эдэлгээний явцад чийгтэй нойтон байх, цахилгааны утас нь ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас холболт нь тасрах зэрэг нөхцөл үүсэхэд уг халаагуур нэн аюултай зүйл болон хувирдаг. Тиймээс үйлдвэрийн баталгааны бичиг, гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур авч тавихыг зөвлөе.

-       Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж авахад болно. Энэ нь танд тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой үзүүлэлт юм.

-       Худалдаанд байгаа стандартын халаагуурууд нь янз бүрийн зориулалттай байдгаас зарим үед ахуйн зориулалттай биш халаагуурууд нь ил улайсах утастай байх нь бий. Иймд халаагуурыг худалдан авахдаа галын аюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй юм.

Эх сурвалж: TOG.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш