“Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын үр дүнг танилцуулах арга хэмжээг Төрийн ордонд 2016.11.10-ны өдөр зохион байгуулагдаж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, Үндэсний статистикын хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн ам сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар нээж үг хэллээ. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн салбар нэгжийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид нийлсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд 2015 онд анх удаа дунд хугацааны тооллого буюу завсрын тооллогыг зохион байгуулжээ. “Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ыг Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Завсрын тооллогын тов, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээг Yндэсний статистикийн хороо тухай бvр тогтооно” гэж тус тус заасны дагуу Үндэсний Статистикийн Хороо 2015 онд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн боловсруулан таницуулж байна.
Энэ удаагийн тооллого нь ээлжит тооллого хооронд явагдсан анхны завсрын тооллого бөгөөд “Хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга” буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС)-г төрийн захиргааны бусад байгууллагын захиргааны мэдээллийн сантай уялдуулснаараа ихээхэн ач холбогдолтой. Мөн гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолсноос гадна Монгол Улсын иргэн ХАӨМС-нд хандан өөрийн мэдээллийг шинэчлэх боломжийг бий болгосноороо онцлогтой болсон.
“Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын үр дүнгээр Монгол Улсын хүн ам 2015.12.31-ний байдлаар 3 сая 57.8 мянга болж 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Нийт өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өссөн байна.