logo
Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

2016/11/16
11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18м/с, зарим газраар 24м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдаж, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нилээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм.

18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа хорьд гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-470С, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35...-400С хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.  

Зудын эрсдэлийн зургаас: Нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш