Нийслэлийн удирдах ажилтны өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцууллаа. Тэрбээр “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13196 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Хулгай, танхай, булаалт зэрэг гэмт хэргийн гаралт буурсан. Ер нь өнгөрөгч 14 хоногт эрүүгийн нөхцөл байдал тайван байлаа. Энэ хугацаанд “Зэвсэг-2016”, “Халаас”, “Саун-массаж”, “Цохилт” зэрэг нэгдсэн арга хэмжээ явуулсан” гэлээ.
Өнгөрсөн 14 хоногт Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5046 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 90, зөрчлийн шинжтэй 2117 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 90 хэрэг, 121 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг буурчээ. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551, бичиг баримтгүй жолоо барьж явсан 44 зөрчил илрүүлсэн байна.