logo
Арабын орнуудын эдийн засгийг сэргээхэд 160 тэрбум доллар хэрэгтэй

Арабын орнуудын эдийн засгийг сэргээхэд 160 тэрбум доллар хэрэгтэй

2011/10/29
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж, дуу дуугаа авалцсан Арабын ертөнцийн хувьсгал нь улс төрийн хувьд шинэчлэгдэх, олон жилийн дарангуйллын дэглэмийг түлхэн унагааснаараа онцлогтой ч эдийн засгийн хувьд хувьсгал гарсан Арабын улсууд маш их гарз хохирол амссан юм. Зөвхөн Ливи, Тунис, Египт дангаараа бараг 60 тэрбум долларын хохирол амсаад байна. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудад хувьсгал, иргэний дайн гараагүй байсан бол газрын тос болон бусад худалдаанаас 60 гаруй тэрбум долларын ашиг олж, орлогоо давсан зарлага гарахгүй байсан юм. Жишээ нь Йемен улсад бослого тэмцэл гарснаар олох ёстой байсан орлого нь 77 хувиар буурсан бол Ливи улсын орлого 84 хүртэлх хувь буурсан нь Ливи улс мөнгө олох бараг ямар ч худалдаа наймаа хийгээгүй гэсэн үг юм. Хувьсгал гарсан улсуудыг эргэж хөл дээр нь босгохын тулд үүнээс ч илүү их хөрөнгө хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Булангийн орнууд болон Арабын зарим баян орнууд, Дэлхийн банк зэрэг Олон Улсын хамтын нийгэмлэг хуралдаж, Египет, Тунис, Морокко, Иордан улсуудын сэргээн босголт, эдийн засгийн өсөлтөд зориулж 38 тэрбум долларын тусламж олгохоор амлаж байсан. Гэсэн ч Арабын улсуудын эдийн засгийг сэргээхэд зориулагдах энэ мөнгө одоог болтол эзэддээ хүрээгүй байна. Олон улсын валютын сангийн гаргасан тайланд Арабын хувьсгалаас болж эдийн засаг нь доройтсон Хойд Африкийн улсуудын эдийн засгийг сэргээхэд урт хугацаа хэрэгтэй. Эдгээр улсуудын эдийн засгийг сэргээхэд даруй 160 орчим тэрбум доллар хэрэгтэй байгаа талаар дурьджээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш