logo
Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

2011/10/31
Монголчуудын Японыг байлдан дагуулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж байсан тэр үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг Нагасаки мужийн тэнгисийн эргийн элсэн доороос олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.  12 метр урттай хөлөг онгоцны хошууны хэсэг нь тэр үеийн хөлөг онгоцнуудын үлдэгдлээс хамгийн том нь болж байгаа юм. Далайн эрэгт хэдэн зууны турш элсэнд дарагдсан хөлөг онгоцны энэ хэсэг маш сайн хадгалагдсан нь судлаачдыг гайхшруулж байна.
Түүнийг Японы Рюкю их сургуулийн (University of the Ryukyus) судлаачид хэт авианы тоног төхөөрөмжийн тусламжтайгаар олсон байна. Хадаасаар бэхэлж, саарал өнгөөр будсан эртний хөлөг онгоц нь XIII зууны үеийн далайн аяллын уламжлал болоод Монголчуудын байлдан дагуулалтын түүхийг судлахад дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.
Монголчууд Орос, Зүүн болон Өмнөд Европыг байлдан дагуулснаас гадна Түвд, Япон,Бирм, Ява арлууд руу халдан довтолж байжээ. Тэд зөвхөн хуурай газрын цэрэгтэй байсангүй. 1279 онд Кантоны буланд Монголын хөлөг онгоцууд Хятадын Сүн улсын эзэн хааны флотыг бут цохисон юм. Харин үүнээс таван жилийн өмнө Монголын 40 мянган цэрэг бүхий 900 хөлөг онгоц Япон руу халдан довтолж, Цушим, Ики болон Кюшю арлын зарим хэсгийг эзлэн авчээ. Японы арми бут цохигдохын даваан дээр далайн хар шуурга дэгдсэн гэдэг.
Хоёр жилийн дараа буюу 1277 онд дахин довтлох үед далайн хар шуурга дахин давтагдсан бөгөөд 107 мянган цэргээ алдсан Хубилай хааны арми Солонгос руу буцахаас аргагүйд хүрчээ. Дашрамд дурдахад, монголчуудын халдлага нь «камиказе» гэдэг үг бий болсонтой холбоотой байна. Эзлэн түрэмгийлэгчдийг хөлөг онгоцуудыг устгасан далайн хар шуургыг түүхчид «камиказе» буюу «бурхны салхи» гэж нэрлэжээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш