logo
Түвдийн 10 дахь лам өөрийгөө шатаалаа

Түвдийн 10 дахь лам өөрийгөө шатаалаа

2011/10/31
Энэ онд Түвдийн 10 дахь лам Хятадын Засгийн газрын хавчлагыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан тухай хүний эрхийг хамгаалах “Чөлөөт Түвд” байгууллага мэдээллээ. Хятадын зүүн өмнөд нутгийн Сычуань мужийн Гарзе-Түвдийн автономит тойргийн нэг хийдийн гадна тэрбээр өөрийгөө шатаажээ. Энэ хэрэг явдлын талаарх мэдээлэл орон нутгийн эрх баригчид болон цагдаагийнханд байхгүй байна.
2011 онд үүнээс өмнө есөн ийм хэрэг гарсны найм нь энэ мужийн Аба тойрогт үйлдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт анх удаа эмэгтэй хүн өөрийгөө шатаасан тухай Эй-Би-Си Ньюс мэдээллээ. Өөрийгөө шатаасан хүмүүсээс наад зах нь тав нь амьсгал хураасан байна.
Түвдүүд Сычуань мужийн Гарзе болон Аба тойрог, тэрчлэн Хятадын зүүн нутагт орших Түвдийн өөртөө засах орны оршин суугчдын дийлэнхийг эзэлдэг юм.
Тус бүс нутаг нь 1950 онд БНХАУ-ын мэдэлд шилжжээ. Хятадын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн Түвдийн оршин суугчдын бослогыг дарсны дараа 1959 онд түвдчүүдийн шашны тэргүүн Далай лам аргагүйн улмаас улс орноосоо зугтан гарахад хүрсэн юм.
2008 онд Түвдэд тусгаар тогтнол эсвэл өөртөө засах илүү өргөн эрх олгохыг шаардсан эсэргүүцлийн шинэ давалгаа эхэлсэн билээ. Эсэргүүцлийн ажиллагаа нэлээд хэдэн удаа Хятадын арми болон цагдаатай мөргөлдөхөд хүрсэн. Тэгэхэд хэдэн зуун түвд лам баривчлагдан “улс төрийн засан хүмүүжүүлэх” газар руу явжээ.
1950-иад оноос Хятадын эрх баригчид үндэсний болон шашны ялгаварлан гадуурхах үзэл гаргаж эхэлсэн гэж түвдүүд нотолж байна. Хүн өөрийгөө шатаах нь түвдүүд аргаа барж байгаагийн илрэл гэж хүний эрхийг хамгаалагчид хэлжээ.
Харин Бээжингийн эрх баригчид дээрх явдлыг үгүйсгэсэн байна.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш