УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүрэгт ажиллав
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн Засаг даргын 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор энэ оныг “Төрийн албан хаагчдын хариулагыг дээшлүүлэх жил ” болгон зарласан байна.
Энэхүү ажлын хүрээнд “төрийн албан хаагчдын” хариуцлагыг дээшлүүлэх жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Арга хэмжээнд УИХ-н гишүүн Д.Цогтбаатар, ДИТХ-н дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НЗДТГ-н дарга М.Отгонбаяр, МУ-н төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.
Мөн дүүргийн хууль хяналтын, хүчний, төрийн захиргааны, эрүүл мэнд, боловсролын болон аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааг нээж дүүргийн ИТХ-н дарга Даваасүрэн үг хэлсэн. Үүний дараагаар төрийн албан хаагчдын эрх-үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх нь сэдвээр Дүүргийн засаг Ц.Сандаг-Очир илтгэл тавьсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “төрийн албан хаагчийн хариуцлагын тухай ойлголт” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрээр хэлэхдээ:
Төрийн албан хаагчдын шалгуурын тухай онцолсон бөгөөд төрийн албан хаагчид нь ажилласан жил, ур чадвараас хамаараад албан тушаалд хүрдэг байх хэрэгтэй. Энэ шалгууруудаа хангаад ажиллаж байгаа хүн бол улс төрийн аливаа зөрчлөөс айхгүйгээр ажиллах боломжыг бүрдүүлж өгөхөөр “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Би ажлын хэсэгт нь байгаа учраас, төрийн албанд олон жил ажилласан хүний хувьд та бүхнийхээ эрх ашиг, язгуурт нийцсэн бас та нөхдийгөө чадавхжуулах ажлыг хийнэ.
Төрд болохоо больчихсон зүйлүүд зөндөө байгаа. Тийм учраас өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлээрэй. Цалин нь амьдралд нь хүрэлцэхгүйц байх ёстой. Хичнээн төгрөгийн лиценз бичдэг хүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй байхад “Зөвхөн ухамсартайдаа шударга бай” гээд хариуцлага нэхээд байвал энэ систем ажиллахгүй байгаагийн шинж. Хэдийгээр өнөөдөр Монголын төр цалин нэмэх боломжгүй байгаа ч гэсэн таны цалин индексжүүлсэн системээр нэмэгдээд явна. Таны цалин баталгаатай нэмэгдэнэ, таны ажлын байр баталгаатай шүү гэдгийг л гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүнтэй эргээд хариуцлага ярих нь өөрөө шударга ёсонд нийцэж байгаа юм гэдгийг онцлов.