logo
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо

2017/01/31

Стандарт, хэмжил зүйн газар нь Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Өнөөгийн байдлаар ILAC MRA-т 87 орны 90 итгэмжлэлийн байгууллага гарын үсэг зуржээ. Монгол улсад сорилтын 121, хэмжил зүйн 40, техникийн хяналтын 11 байгууллага  итгэмжлэгдсэн байна. Энэхүү хугацаанд үндэсний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын  чадавх зохих түвшинд хүрч, найдвартай, үнэн зөв үр дүн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу итгэмжлэлийн үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар тавигддаг. Стандарт, хэмжил зүйн нь 2004 онд Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC-Asia Pacific Laboratory Accreditation Cooperation)-д жинхэнэ гишүүнээр, 2007 оны 1 дүгээр сард Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC-International Laboratory Accreditation Cooperation)-д гишүүн байгууллагаар элссэн.

Улмаар 2012, 2016 онуудад бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад итгэмжлэлийн байгууллагын төлөөллөөр өөрсдийн чадавхийг үнэлүүлсэн. ILAC-ын олон талын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн чиглэлээр 2012 онд, хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр 2016 онд нэгдлээ.

Монгол улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн лаборатори, хяналтын байгууллагын дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо. ILAC MRA-д гарын үсэг зурж байгаа нь үндэсний итгэмжлэгдсэн лаборатори, түүний дээр хяналтын байгууллагын үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрч буйг бататгасан үйл явдал болж байна.

ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага) нь лабораторийн болон хяналтын байгууллагын итгэмжлэлийн талаарх олон улсын эрх бүхий байгууллага бөгөөд дэлхий дахины итгэмжлэлийн байгууллага, оролцогч талуудын гишүүдээс бүрддэг.  ILAC MRA (Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр) нь аюулгүй хоол хүнс, ундны цэвэр ус, эрчим хүчийг хангах, эрүүл мэнд, нийгмийн халамжийг хүргэх, бохирдолгүй орчныг хамгаалахад чиглэсэн тохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Үүнээс гадна, ILAC MRA нь хил дамнасан бүтээгдэхүүнийг улс хооронд хүлээн авах явдлыг хялбаршуулдаг. Давхардсан шалгалт тохируулга, сорилт болон экспорт, импортын хяналтын шаардлагыг үгүй болгосноор худалдаан дахь техникийн саад тотгор буурч байна. Ийм байдлаар ILAC MRA нь олон улсын худалдаа, чөлөөт худалдааны зорилгыг "нэг удаа итгэмжлэгдсэн бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөх" зарчмаар дэмжин ажилладаг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш