logo
 Мэдээний хулгайч болон өөгшүүлэгч сайтуудыг Монголын Сайтын Холбооны гишүүнчлэлээс хаслаа

Мэдээний хулгайч болон өөгшүүлэгч сайтуудыг Монголын Сайтын Холбооны гишүүнчлэлээс хаслаа

2017/01/31
Интернэтэд суурилсан цахим сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний хурдацтай хөгжил нь иргэдэд мэдээллийг олон талаас, олон эх сурвалжтайгаар, олон өнцгөөс авах боломжийг бүрдүүлсэн. Гэвч зохиогчийн эрхийн зөрчил, оюуны өмчийн болон мэдээ мэдээллийн хулгай сүүлийн үед газар авч, өөрийн редакцгүй, сэтгүүлчгүй сайтууд олширч бусад сайт, сонин, телевиз, радиогийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, контентыг зөвшөөрөлгүйгээр сайтдаа байршуулж оюуны өмч, зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчих үйлдэл хэрээс хэтэрлээ.

Мэдээ мэдээллийг хулгайлан сайтдаа байршуулах үйл ажиллагааны цаана сэтгүүлчийн эрхийг зөрчих, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг гажуудуулах, улмаар эрүүгийн шинжтэй гэмт хэрэг өдүүлэх олон талт хууль бус, ёс зүйгүй сөрөг үр дагаврууд дагалдаж байгаа юм.

Мэдээний хулгайтай тэмцэх гэсэн аливаа санал санаачилга гаргасан байгууллага, хувь хүнийг айлган сүрдүүлэх, шантаажлах, дарамтлах, халдлага үйлдэх замаар нухчин дарах үйлдэл газар авч эхэллээ.

Тиймээс Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 150 орчим сайтыг эгнээндээ нэгтгэсэн, Монгол улсын цахим сэтгүүлзүйн ууган байгууллага болох Монголын сайтын холбоо энэхүү бусармаг үйлдлийн эсрэг шийдвэртэй тэмцэл хийж байна.

Монголын Сайтын Холбоо нь  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл болон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  төрийн болон төрийн бус 16 байгууллагыг хамруулан 2015 оны 5 сарын 1-нд Төрийн ордонд Цахим сэтгүүл зүйн анхдугаар чуулганыг хуралдуулж, тус чуулганд оролцсон 800 орчим сэтгүүлчдийн саналд тулгуурлан “Улаанбаатарын цахим тунхаг” хэмээх Цахим салбарын өөрийн зохицуулалтын анхны баримт бичгийг батлан гаргасан. Тус  тунхаг бичигт цахим сэтгүүл зүйн салбар нь  оюуны өмчийг дээдлэн ажиллах, мэдээний хулгай болон үүнтэй холбоотой зөрчил гаргахгүй байх үүргийг цахим сэтгүүлчид өөрсдөө ухамсраараа хүлээн ажиллахаар болсон.

Харамсалтай нь “Улаанбаатарын Цахим тунхаг” гараад  хоёр  жил өнгөрч байгаа ч оюуны өмчийн болон мэдээний хулгай зогсох нь бүү хэл улам даамжирч, эцэстээ  сайт нэртэй боловч өөрийн эх сурвалжтай нэг ч мэдээ нийтлэл бичдэггүй “мэдээний хулгайч” нар болон тэднийг өөгшүүлэн хамгаалагч хүмүүсийн үйлдэл цахим сэтгүүлзүйн нэр хүндийг уландаа гишгэж байгааг Монголын Сайтын Холбоо эсэргүүцэн, мэдээний хулгайч сайтуудыг холбооноосоо хасах арга хэмжээг авахаас өөр аргагүй нөхцөлд байдалд хүрсэн болно.

Монгол сайтын холбооны Удирдах зөвлөлөөс оюуны өмчийн зөрчил гаргадаг, мэдээ хулгайлдаг, мэдээний хулгайг өөгшүүлдэг нэр бүхий сайтуудыг тус холбооны гишүүнчлэлээс албан ёсоор хасч буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Сайтын хэрэглэгч, уншигчдадаа Монголын Сайтын Холбооны гишүүнчлэлээс албан ёсоор хассан “Оюуны өмчийн болон мэдээний хулгай”-г үйлдэгч болон тэдгээрийг өөгшүүлэгч нэр бүхий сайтуудын нэрсийг зарлаж байна.

  1. Bolod.mn
  2. Tonshuul.mn
  3. Tur.mn
  4. Chingis.mn
  5. Ulsturch.mn
  6. Fact.mn
  7. Miss.mn
  8. Ene.mn
  9. Chuham.mn
  10. Scandal.mn
  11. Window.mn
  12. Hrinfo.mn
  13. Guur.mn
  14. Darkhannews.mn
  15. Control.mn
  16. Nutag.mn
  17. Khongornutag.mn
  18. Fbnews.mn
  19. Anti.mn
  20. Dundgovi.mn
  21. Emch.mn
  22. Mongolcomment.mn
  23. Ord.mn
  24. Vipzar.mn
  25. Choibalsan.mn
  26. Erdenetmedee.mn
  27. Erdenetkhot.mn
  28. tentsver.mn
  29. zavkhanmedee.mn
  30. khunnu.mn

Монголын Сайтын Холбооны ажлын алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш