- Монгол тамирчдыг сумо руу хүч түрэн ороход анхдагчдын нэг болж байсан хөл мэхний мастер Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгслөө -
Тэрээр 1979 оны 09-р сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд Монгол Улсын начин Алтангадасын хүү болон төрсөн юм. Мэргэжлийн сумочдоос эр бяр, эрдэм мэдлэгээрээ тэргүүлж байсан тэрээр 2003 онд Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг төгссөн хамгийн өндөр боловсролтой нэгэн байсан юм. Олон жил сумогийн дэвжээнээ уран сайхан барилдаан үзүүлж явсан юм. Токитэнкү А.Хүчитбаатар 15 жилийн өмнө мэргэжлийн сумод анхны барилдаанаа хийсэн. Тэрээр 2002 оны 9 дүгээр сарын аки башёд жоногүчи зиндаанд барилдахдаа долоо давж түрүүлсэн.
Улмаар 11 сард Фүкүока хотод болсон кюүшү башёд жонидан руу дэвшин мөн л долоон даваатай түрүүлж байсан. Ингээд 2003 оны 1 дүгээр сарын Хацү башёд Сандамэд барилдан ээлжит түрүүгээ авсан байна. Мөн жюүрёод нэг түрүүлсэн. Макүүчид барилдахдаа уран барилдааны шагнал нэг удаа хүртэж, комүсүби цолонд хүрч байсан юм.
Түүний мэргэжлийн сумо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан спортын өндөр амжилт үзүүлж байгааг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Мөн амжилттай барилдаж комүсүби цол хүртэж дэвжээ өвлөн авах эрхийг Японы сумогийн холбооноос авсан байсан билээ.
Сумочид дундаа хөгжилтэй нэлээд наргианч нэгэн гэгддэг байсан тэрээр цусны хорт хавдарын улмаас өнгөрсөн оны наймдугаар сард сумогийн спортоо орхиж байсан билээ. Их спортод эргэн ирэхээ амлаад байсан ч биднийгээ орхин тэнгэрийн орон руу заларлаа.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон бөх сонирхогч түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн гэр бүл, багын найзууд
Монголын сайтын холбоо