logo
Хилийн усыг хамгаалах талаар зөвлөлдөв

Хилийн усыг хамгаалах талаар зөвлөлдөв

2011/11/01
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх Бүрэн эрхт төлөөлөгчдийн X зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд боллоо.
    Хуралдаанд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн МУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, ОХУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, ОХУ-ын Усны агентлагийн орлогч дарга В.Н.Куръянов нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов. Өнгөрсөн жилүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хилийн усны чанарын талаар  мэдээлэл солилцох, усны нөөцийг хамгаалах, усны харилцааны эрх зүй, норм, нормчлолыг боловсронгуй болгох, хилийн усны аж ахуйн сөрөг нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажлууд тогтмолжсон юм байна.
Мөн үеэр  “Хилийн усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн дагуу 2010-2011 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, /үер, цас, мөс хайлах/  онцгой байдлын үеэр хилийн усны голуудад авах хамгаалалтын арга хэмжээ, Сэлэнгэ, Орхон, Онон голуудын сав газар дахь үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас хилийн усны чанарт үзүүлж буй нөлөөлөл, “Хил хязгааргүй Сэлэнгэ” сэдэвт онол практикийн хурал, үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөний талаар хэлцсэн юм.
    Түүнчлэн сүүлийн хоёр жилд Онон голын эх цутгалын нэг Ашинга голоор ОХУ-аас бохирдол орж ирсэн тухай Монголын талын мэдэгдэлд Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны хяналтын газраас хуралдааны үеэр мэдээлэл өгсөн юм. Ашинга голын цутгал Өвөр Шин голын хөндийд алт олборлож буй ОХУ-ын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж, Ашинга голын усны сорьцод  шинжилгээ хийж байгаа аж.
Д.Эрдэнэ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш