logo

"Голдман Сакс"-ын өрийг худалдаж авсан "АПУ"-гийн Батсайхан Олон Овоотын лицензийг зарахаар УИХ-ын гишүүдийг лоббидож байна

2011/11/01
Сонгууль ойртож, дөрвөн жилийн хугацаатай УИХ-д томилогдсоноо насных юм шиг санаж явсан хүмүүс гэнэт ухаарч, янз янзын зүйлээс шүүрч авч улс төр хийх болов.  Сэлэнгээс томилогдсон УИХ-ын гишүүн болох О.Чулуунбат тойргоороо эргэж очоогүй, дахиж очих нүүргүй болсон хүний нэг. Хамт Сэлэнгээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Сангийн сайд С.Баярцогт ээлжлэн очиж, лекц уншиж, суварга босгон, хийд барьж, тариалангийн бүс нутаг болох сэлэнгэчүүдэд боломж олгон ногооны үзэсгэлэн яармаг гаргаж өгч чадах ядахаараа тусалдаг. Гэтэл МАН-аас сонгогдсон ганц гишүүн О.Чулуунбат сонгогдонгуутаа сураггүй алга болж, аргаа барсан намынхан нь хөрөнгө зоорь ихтэй хүний хүү Н.Номтойбаярыг О.Чулуунбатын оронд явуулахаар ярьж эхэлсэн гэх юм билээ. Гэвч О.Чулуунбат гишүүн сүүлийн үед амьд мэнд байгаа гэдгээ илтгэж, “Зоос”-ын асуудалыг босгож ирж, бас болоогүй Олон-Овоотын лицензийг зарах ажилд ханцуй шамлан оров. Тэрбээр шударга сайн хүний дүр эсгэж,  “Олон-Овоотын алтны ордод өгсөн зээл “Зоос” банкийг дампууруулсан”  хэмээн зарлаж, “Одоо Олон-Овоотын лицензийг зарж, өр зээлийг нь төлөх ёстой” гэж дахин дахин мэдэгдэж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ мэдэгдэл, О.Чулуунбат захирлын шударга эх орончийн багны ард хэдхэн хүний эрх ашиг нуугдаж байгаа гэнэ.

“Зоос”-ыг дампууруулахад оруулсан О.Чулуунбатын хувь нэмэр

Уг нь О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхад Ц.Мянганбаярын асар их хэмжээний өр зээл эхэлсэн юм билээ.   “Зоос” банк  2006, 2007 онуудад нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн зээлийг  Олон Овоотын алтны ордод буюу “Монгол газар” ХХК-д олгож байсан байх юм.  “Зоос” банк ийнхүү дүрэм журмаа зөрчин, нэг хүнд асар хэмжээний зээл олгож байхад О.Чулуунбат захирал хараагүй, мэдээгүй дүр эсгээд л сууж байлаа. О.Чулуунбат болон Монголбанкныхныг аргалсан  Ц.Мянганбаяр Олон-Овоотын лицензийг мөн л барьцаалан “Анод” банкнаас 20 орчим тэрбум төгрөгийн зээл ч авч амжив. Ц.Мянганбаярт Монголын банкныхан тал засч суусаар, түүний өр төлбөр улам зузаарсаар...
Түүнд их хэмжээний зээл өгсөн “Зоос” банкны санхүүгийн байдал хүндэрч,  2009 оны 7 дугаар сараас “Зоос” банкны удирдлагыг түүний хувь нийлүүлэгч Европын сэргээн босголтын банк хэрэгжүүлэхээр болсон аж. Тэр үед Ц.Мянганбаяр өр, ширээ аль хэдийн Жаст группт буюу “Олон Овоот гоулд” ХХК-д шилжүүлчихсэн байсан байна. Ном журмаа барьдаг Европын сэргээн босголтын банкныхан хэтрүүлж  олгосон зээлийг эргэн төлүүлэх шаардлага тавьж, төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг нь зарах шийдвэр гаргажээ. Гэвч  Олон Овоотын алтны ордод журам зөрчиж олгосон тэр их хэмжээний зээл нь ямар ч барьцаагүйгээр олгогдсон нь тодорхой болжээ.  “Зоос” банкнаас барьцаагүй зээл авч, “Анод” банкинд Олон овоотын лицензийг барьцаалж, эцэст нь өнөөх лицензээ “Анод”-аас авсан Ц.Мянганбаяр “Голдман сакс” компаниас дахин зээл авсан нь тогтоогдож. Хамгийн хачирхалтай нь энэхүү зээлийг авахад Монгол банкны экс ерөнхийлөгч О.Чулуунбат зуучилсан. Тэр хоёр орох гадаад дотоодод хамтдаа зугаалдаг найзууд. Тэр ч бүү хэл зуучлалынхаа хөлсөнд 3 сая ам доллар хахуульд авсан гэдэг явган яриа өнөөдөр хаа сайгүй тархаад, энэ асуудлыг хөндсөн О.Чулуунбатын хувьд урт хэл хүзүү орооно гэгч болчихоод байгаа.   “Анод” 30 тэрбум, “Зоос” 40 гаруй тэрбум төгрөг зээлсэн хэрнээ яагаад барьцаа хөрөнгийг нь зүгээр л суллаж өгөв гэсэн асуулт зайлшгүй гарч ирэх нь тодорхой. Энэ асуултад учир мэдэх улс “Гадны компани барьцаа авч байж л зээл олгох учраас Олон Овоотын ордын бүх лиценз, хөрөнгүүдийг дотоодын банкуудаасаа суллаж, “Голдман сакс” компанид өгөх том эрх мэдэл зөвхөн О.Чулуунбатад л  байсан” хэмээн хариулж байгаа юм.

АПУ-гийн Батсайхан “Голдман сакс”-ийн өрийг худалдаж авчээ
Европын сэргээн босголтын банкныхан  Олон Овоотын ордод олгосон зээлийг хэмжээ нь хэтэрсэн, тэгээд барьцаагүй тул алдагдал болгохоос өөр аргагүй байдалд хүрч, тус зээлийг хариуцаж байгаа “Олон Овоот гоулд” ХХК-д “Та нар энэ улирлын баланс гарахаас өмнө буюу 9-р сарын 30-ны дотор багтааж Олон Овоотын алтны ордын лицензүүд, хөрөнгийг “Зоос” банкны барьцаанд авчир” гэдэг шаардлага тавьсан байна.  “Олон Овоот гоулд” ХХК нь “Голдмэн сакс” компанийн удирдлагуудад хандаж, нөхцөл байдлаа тайлбарлан, тус ордын лиценз, хөрөнгүүдийг банкуудын дундын барьцаанд тавихгүй бол “Зоос” банк дамуурна.  Тэгээд ч та нар зээл төлөгдөөгүй байхад барьцааг нь авсан чинь хууль бус” гэж мэдэгдсэн байна. Хуулийн дагуу аливаа нэг лиценз, тусгай зөвшөөрлийг зөвхөн дотоодын банк, санхүүгийн байгууллага, аж ахуй нэгжид барьцаанд тавих учиртай. Тэгээд ч зээлийн барьцаанд байсан хөрөнгийг дахин барьцаалах ёсгүй учраас “Олон овоот” ХХК-ныхан хуулийн байгууллагад хандаж,  тэдний лиценз барьцаалсан үйлдлийг нь хууль бусаар хийснийг нь олж тогтоолгоод, барьцаанаас нь суллуулж авсан хэрэг.  О.Чулуунбат, Ц.Мянганбаяр нарт итгэж их хэмжээний мөнгө зээлж, Олон-Овоотын лицензийг гартаа оруулсан байсан “Голдман сакс”-ынхан лицензээ алдаж, эцэст нь мөнгөө ч олж авч чадахгүйд хүрчээ. Тиймээс 15 сая ам долларынхаа өрийг АПУ-гийнханд хямдхан зарсан сурагтай.

Өр барагдуулагч Их хурлын гишүүд хэн бэ?

Энэ өрийг худалдаж авсан АПУ-гийнхан өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүдтэй ид тулж ажиллаж байна. Хамгийн түрүүнд тэд “Зоос”, “Анод” банктай холбогдуулан гаргасан бондын эргэн төлөлт, бондын барьцааны баталгаажуулалт хийсэн байдал нь хуульд хэрхэн нийцэж байгаатай танилцаж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, “Зоос”, “Анод”-ыг дампуурахад гол үүрэг гүйцэтгэсэн О.Чулуунбатыг ахлагчаар нь тавиулж дөнгөв. Мэдээж АПУ-гийн Батсайханы ах “АПУ”-гийн Г.Батхүү УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад ганц байнгын хороог хөдөлгөж, нэг ажлын хэсэг байгуулах тэдэнд алга урвуулахын дайтай л амархан байсан хэрэг. О.Чулуунбат “Анод”, “Зоос”-ын дампуурлын асуудлыг эргэн шалгасан дүр үзүүлж, их сонирхолтой мэдэгдэл гаргаж, олон хүнийг цочоолоо.  Түүний ярьж байгаа нь ч тун ээдрээтэй.
О.Чулуунбат гишүүн "Зоос" банкны байдлыг муутгасан гол зүйл бол Олон овоотын төсөл. Үүний ард хувийн компани бий. "Зоос" банкийг аврахаар Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 95 тэрбум төгрөгийг нь "Зоос" банкинд олгосон. Бусад орнуудад хэрэв Засгийн газар, төв арилжааны мөнгө олговол нь барьцааг заавал авч нээлттэй зах зээлд борлуулсан орлогоор нь алдагдлыг нь хаадаг. Тиймээс Олон-Овоотын лицензийг зарж, төрийг хохиролгүй болгох хэрэгтэй” гэж ярьж байгаа.
Тэгсэн хэрнээ “Манай дөрвөн банк нийлж Олон овоотын төсөлд зээл өгсөн нь хамтарсан зээл болж байгаа юм. "Анод", "Зоос" гэхчлэн зээл өгсөн банкнууд олгосон зээлийнхээ хэмжээгээр хариуцлага хүлээж, зээлдэгч мөнгөө төлж чадахгүй бол Олон овоот нь зарагдаж, орлогыг нь өөр өөрийн хувь, хэмжээгээрээ банкууд авах ёстой” хэмээн мэдэгдэв. Гэхдээ тэр “Голдман сакс”-ын өрийг би АПУ-гийнханд авч өгөх гэж байгаагүй гэж арай л хэлчихсэнгүй. Харамсалтай нь өр барагдуулах энэ ажилд УИХ-ын гишүүн “Фортуна” Батбаяр хүртэл татагдан оров. Бас л шударга хүний дүр эсгэж байгаа Батбаяр гишүүн “Голдман  сакс”-ын өр барагдуулагч гишүүдийн нэг болж хувирч байна.

Илэрдэггүй ил хэрэг

УИХ-ын гишүүн О.Чулуунбатад эрүүгийн хэрэг үүсгэж, мань эр их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоод удаж байгаа. Монголдоо л авлигын хар толь болох аалзны тор нийтлэлд эрхэм банкирын нэр олонтаа гардаг. Орост алдсан 10 сая, Силикатын үйлдвэртэй холбогдох сая доллар, банкны хувьчлалын дуулиан гээд түүнтэй нэр холбогддог асуудал олон. Тиймээс эрхэм  гишүүнтэй холбогдох эрүүгийн хэрэг нэг мөр шийдэгдээгүй байхад дахин АТГ-т түүнийг өгч шалгуулахаар болж байх шиг байна. Дээр дурьсан “Зоос” банкны дампууралтай холбоотой хэрэг. Мөн  “Голдман сакс”-аас авсан гэх  3 сая ам долларын асуудлыг хуулийн  байгууллагаар нягтлан шалгуулах хүсэлтэй хүмүүс олон байгаа ураас түүнийг АТГ-л шалгуулах хүсэлт гаргаж байгаа аж.
FREEZONE.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш