logo
Оросод 7 тэрбум дахь иргэн мэндэлжээ

Оросод 7 тэрбум дахь иргэн мэндэлжээ

2011/11/01
«Манай цэнхэр гарагийн хүн ам 7 тэрбумд хүрлээ» хэмээн хэв­лэл мэдээллийн хэрэгс­лүү­дээр шуугиж байгаа билээ. «7 тэр­бум дахь иргэн Филип­пиний Манила хотод мэндэллээ» хэмээ­сэн мэдээлэл цацагдахын зэрэгцээ оросууд ч 7 тэрбум дахь иргэнийг тодруулж амжаад байгаа билээ.
Энэ талаар Үндэсний статис­тикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчоо­ны дарга А.Амарбалаас лавлавал «Ерөнхий­дөө бол дэлхийн хүн амын тоо 7 тэрбумд нэлээд дөхөөд байгаа бөгөөд өнөө өглөө 7.40 цагийн үед энэ тооллогод зориулагдсан World metrix цаг тооцололдоо солилт хийсэн байгаа. Дөнгөж сая 14.40 цагийн үед харснаар бол өнөө шөнийн 1 цагийн орчимд 7 тэрбум дахь иргэн мэндлэхээр байгаа.
-Гэтэл 7 тэрбум дахь иргэн мэндэллээ гэсэн мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ? Манилад ч төрлөө, эсвэл Орост ч мэндэллээ гээд л?
-Тийм ээ. Энэ нь цагийн ялгаа­ны улмаас оросууд ч, филлиппин­чүүд ч янз бүрийн мэдээлэл ца­­цаж, эрх ашигтаа баригдаад байна. Харин бидний хувьд «7 тэрбумтантай чацуутан» шинэ ир­гэдийг тодор­хойлно. Өнөө өглөөний 9 цагаас эхлээд нийт төрөх газруудад давхар маягтаар бүртгэл явуулж эхлээд байгаа болно.
-Тэгвэл 7 тэрбум дахь иргэн төрөөгүй байгаа юм бол тэр нь Монголд ч мэндлэх боломж байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол манай гараг дээр ганц­хан секундэд л 14 хүүхэд шинээр төрж байгаа учраас яг 7 тэрбум дахь иргэнийг тодорхойлоход туйлын бэрхшээлтэй л дээ. Учир нь тэр 14 хүүхдийг бүгдээрэнг нь «7 тэрбум дахь иргэн» гэж нэрлэж болохгүй шүү дээ. Гацхүү «7 тэрбумтантай үе чацуутан»-г тодорхойлох юм. Тийм учраас ч улс орон болгон өөр өөрийн «7 тэрбум дахь иргэнтэй чацуутан»-г гаргаж ирэх юм. Мон­голд ч гэсэн аймаг болгоноос «чацуутан»-г тод­руулах юм. Тиймээс бид өөрс­дийн­хөө хэмжээнд 7 тэрбум дахь ир­гэнээ тодруулчихаж байгаа гэсэн үг.
-Дэлхийн хүн амын өсөлт асар өндөр байх шиг байна. Гэтэл хөгжингүй улсуудад хүн ам нь хөгширч байхад ядуу буурай орнуудад улам бүр залуужиж байгаа. Энэ байдал Монголд ямар дүр зурагтай байна. Цаашид нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөгөө тусгах бол?
-Энэ удаагийн байдлаар бол монгол үндэстэн харьцангуй залуу байгаа. Харин 2025 оноос үндэстэн хөгшрөх шинж тэмдгүүд улам их тодрох болно. Манай toollogo2010.mn гэсэн вэб сайтад энэ талаарх бүхий л мэдээлэл хангалттай байгаа тул та бүхэн түүнтэй танилцах хэрэгтэй. Дэлхийн 6 тэрбум дахь иргэнээ хүн төрөлхтөн 11 жилийн өмнө хүлээн авч байсан л даа. Өөрөөр хэлбэл 11 жилд дэлхийн хүн ам 1 тэрбумаар өссөн гэсэн үг. Харин үүнээс хойш хүн ам ингэж хурдацтайгаар өсөхгүй ээ. Ээлжит 8 тэрбум дахь иргэнээ 40-өөд жилийн дараа 2050 оны хавьцаа хүлээн авах болно.
-Тэгвэл 7 тэрбум дахь иргэн хэзээ төрөх вэ?
-10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед л төрнө дөө.
С.Энх-Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш